Их Британи. 2007 оны 7 дугаар сарын 19. Дээрхийн гэгээн Далай лам Умард Ирландад энх тайвны төлөөх хүчин чармайлт дахин сэргэж байгаад баяртай буйгаа илэрхийлэв.
Дээрхийн гэгээн өчигдөр Лондондерри хотын "Гилдхолл"-д үг хэлэхдээ "Сайн Баасан гаргийн хэлэлцээр"-ийн дараа хохирогчдын гэр бүлийнхэнтэй уулзах үеэр сэтгэл нь ихэд өвдөж байсныг дурсан ярьжээ. Цааш нь энэ удаад тус нутгийн ирээдүйд илүү их өөдрөг итгэлтэйгээр буцаж буйгаа онцоллоо. "Миний өмнөх айлчлалаас хойш тодорхой ахиц дэвшил гарч, шинэ засгийн газар байгуулагдсан байна. Өмнө нь хоорондоо тэмцэлдэж байсан хүмүүс одоо нэгдэж, хариуцлагаа хуваалцаж байна. Энэ бол үнэхээр гайхалтай өөрчлөлт юм" хэмээн тэрбээр айлджээ.
Тэрбээр мөн Умард Ирландын мөргөлдөөнийг шийдвэрлэсэн үйл явц дэлхийн бусад хэсэгт, ялангуяа Ойрх Дорнодод сургамж болох боломжтойг хэлэв. Тэрбээр "Children In Crossfire" буяны байгууллагыг үүсгэн байгуулагч, Дерри хотын оршин суугч Ричард Мүүрийг өөрийн "баатар" хэмээн нэрлэж, 1972 онд 10 настай байхад нь резинэн сумаар буудаж хараагүй болгосон цэрэгтэй нүүр тулан уулзсан тухайг нь дэлгэрэнгүй ярив. Дерри хотод болсон хэвлэлийн бага хурлын үеэр түүний ууч сэтгэлийг магтан сайшааж, гарыг нь атгах зуураа Далай лам "Тэр бол миний баатар, найз. Тэр үүнд итгэдэг эсэхийг мэдэхгүй ч тэр бол үнэхээр хүн төрөлхтний гайхамшигт нэгэн" хэмээсэн юм. Нобелийн Энх тайвны шагналт тэрбээр ноён Мүүрийн буяны байгууллагаас зохион байгуулж буй 2 өдрийн хуралд оролцож, үг хэлэхээр тус хотод хүрэлцэн ирээд байгаа билээ. "Millennium Forum"-д болж буй уг хурал нь хүүхдийн эрх, жендерийн тэгш бус байдал болон НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенцтой холбоотой асуудлуудад голлон анхаарах юм.










