АНУ, Пенсильвани муж, Филадельфи хот. 2008 оны 7 дугаар сарын 17. Дэлхий даяарх төвөдийн буддын шашинтнуудын оюун санааны удирдагч, хилийн чанадад буй Төвөдийн тэргүүн Далай лам Филадельфи хотод хийсэн нэг өдрийн айлчлалаа өнөө өглөө хотын Фелтонвилл дүүрэг дэх Халимагийн буддын сүмд морилон саатав. Тус жижиг сүмийн хашаанд цугласан 300 орчим хүн Дээрхийн гэгээнийг хүндэтгэл дүүрэн угтан авчээ. Дээрхийн гэгээн гар даллан мэндчилж, уламжлалт хэд хэдэн бэлгийг хүлээн авав. Тэрбээр шавардмал жижиг дуганд орж, хүрэн улаан, алтлаг шар орхимжтой 25 ламын угталтыг хүлээн авлаа.
Дээрхийн гэгээн Бурхан багш болоод шашны бусад шүтээний өмнө мөргөл үйлдэв. Үүний дараа нь дуганы шалан дээр сууж, лам хуврагуудтай хамт төвөдөөр залбирал уншин, залбирлыг тэргүүллээ. Улмаар дуганы урд хэсэгт зассан суудалд залран, лам бүртэй мэндчилж, тэдэнтэй дахин 10 минут орчим ярилцжээ.
Ойролцоох олон нийтийн төвд Дээрхийн гэгээн ихэвчлэн монгол гаралтай 100 орчим хүнд хандан англиар төвөд, монголын ард түмэнд нийтлэг зүйл олон байдгийг онцлов. Мөн буддын шашны зан үйлийг зөвхөн үйлдэх нь хангалтгүй бөгөөд буддын гүн ухааныг судлах хэрэгтэй хэмээн захижээ. Төвийн гадаа Дээрхийн гэгээн шар асрын дор зогсон өөр нэг томоохон бүлэгт хандан үг хэлсний дараа Сентер Сити дэх зочид буудалдаа хүргүүлэв. Өмнө нь 1990 онд Филадельфид айлчилж байсан Далай лам энэ үдээс хойш Киммел төвд айлдвар айлдан, сонсогчдод бурхны шашны үндсэн сургаалын талаар танилцуулахаар төлөвлөжээ. Тус арга хэмжээний тасалбар бүрэн зарагдсан байна.
Энэхүү айлчлал нь Бетлехем хотын Лихайн Их Сургуульд болсон 5 өдрийн цуврал лекцийн дараа үргэлжилж буй юм. Дээрхийн гэгээн маргааш Нью-Йоркийг зорьж, тэндээс Колорадо мужид болох нэгэн наадамд оролцоно. Уг наадмын үеэр Дээрхийн гэгээнийг хүндэтгэн биширдэг хүмүүс түүнд урт наслахыг ерөөсөн буддын уламжлалт бат оршил өргөх ёслол үйлдэх ажээ. Дээрхийн гэгээн өдгөө 73 насыг зооглож байна.
Хятадын коммунист цэрэг уулархаг Төвөд оронд цөмрөн орж, тус орныг Хятадын түүхэн нэг хэсэг хэмээн зарласнаас 8 жилийн дараа буюу 1959 онд Дээрхийн гэгээн Төвөдөөс дүрвэн гарсан гэж эх сурвалжид өгүүлжээ. Дээрхийн гэгээн XIV Далай лам 1989 онд Нобелийн Энх тайвны шагнал хүртсэн бөгөөд дэлхийн буддын шашинтнуудын олонхын хувьд буддын шашны бэлгэ тэмдэг, нэр хүндтэй тэргүүн хэмээн хүндэлдэг.










