2010 оны 2 дугаар сарын 22-ны Даваа гарагт Дээрхийн гэгээн Далай лам Лос Анжелесээс Флорида мужийн Форт Лаудердейл руу аялсан бөгөөд олон нийтийн ямар нэгэн арга хэмжээнд оролцоогүй байна.
Дээрхийн гэгээний өнөөдрийн ажил өглөөний 8:45-с зочид буудалдаа CNN-ий Бэтти Нгуентэй хагас цагийн ярилцлага хийснээр эхэллээ. Бэтти Нгуен өөрийгөө Вьетнам гаралтай Америк гэж танилцуулаад, коммунистууд орж ирсний дараа гэр бүл нь Вьетнамыг орхин гарсан талаар тайлбарлав. "Америкчуудад хандаж хэлэх таны гол мессэж юу вэ?" гэсэн түүний эхний асуултад Дээрхийн гэгээн, "Америкчууд ч бас хүмүүс... Хүн бүхэн аз жаргалтай амьдралыг хүсдэг" гээд үргэлжлүүлэн, "Эцсийн эцэст баяр баясгалангийн эх үүсвэр бидний дотор байдаг" хэмээн хариуллаа.
Далай ламын институцийн талаар асуухад Дээрхийн гэгээн түүнийг үргэлжлүүлэн авч явах эсэх нь Төвөдийн ард түмний мэдэх хэрэг гээд, "Заримдаа надаас илүү Хятадын засгийн газар 15-р Далай ламын асуудалд санаа тавьдаг шүү... Хэрэв тэд сонговол тэр нь албан ёсны Далай лам болох боловч төвөдүүдийн зүрх сэтгэлийг дагуулах Далай лам болж чадахгүй" хэмээн нэмж тайлбарлав. Бэтти Нгуен "Та эрх чөлөөт Төвөд рүү буцаж очно гэж бодож байна уу?" гэж асуухад Дээрхийн гэгээн "Тийм ээ, мэдээж. Зөвхөн би ч биш, бүх төвөдүүд” гэж хариуллаа.
Дараа нь Дээрхийн гэгээн Нова Зүүн Өмнөдийн Их Сургууль (НЗӨИС)-ийг зорьж, үдээс өмнө тус их сургуулийн багш, оюутнуудад, үдээс хойш Флоридагийн олон нийтэд илтгэл тавьсан байна. Илтгэлүүдэд тус бүр 4,500 хүн оролцжээ.
Дээрхийн гэгээний "Хүнд хэцүү цаг үед бүх нийтийн хариуцлагыг төлөвшүүлэх нь" нэртэй эхний илтгэл үдээс өмнө 10:00 цагт эхлэв. НЗӨИС-ийн ректор Рэй Ферреро Дээрхийн гэгээнийг тайзан дээр угтан авч, хамгийн сүүлд 2004 оны 10-р сард тус сургуульд айлчлахдаа Дээрхийн гэгээн хүндэт зэрэг хүртэж байсныг дурдаад, энэ удаад ч гэсэн арга хэмжээг хамтран зохион байгуулж буй Брауард коллеж Далай ламд багшийн боловсролын бакалаврын зэргийн анхны дипломоо гардуулах болсон талаар мэдэгдэв. Брауард коллежийн ерөнхийлөгч Дэвид Армстронг, Брауард коллежийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Шон Герин нар Дээрхийн гэгээнд хүндэт зэргийг, Эрдмийн зөвлөлийн ерөнхийлөгч ноён Жим Лансинг өргөмжлөлийг гардууллаа.
Ректор Рэй Ферреро таван жилийн өмнө Дээрхийн гэгээнийг НЗӨИС-д анх айлчлах үеэр тус сургууль төвөд гаралтай Тэнзин Чогдэн, Даши Вангла хэмээх хоёр оюутанд бүрэн тэтгэлэг олгож байсныг дурсав. Тэд хоёул энэ жил төгсөж байгаа аж. Ирэх 9-р сард НЗӨИС төвөд гаралтай хоёр эмэгтэй оюутанд бүрэн тэтгэлэг олгох болсон тухай мэдэгдэхэд танхим дүүрэн алга ташилт нижигнэлээ.
Ингээд Дээрхийн гэгээний айлдвар эхлэв. НЗӨИС-ийн үзэгчдэд хандсан түүний гол захиас нь итгэл найдвар тээсэн байлаа. Тэрбээр дэлхий дахины үүрэг хариуцлагын мэдрэмж нэмэгдэж байна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлээд, цунами болон саяны Хаитид болсон газар хөдлөлт зэрэг эмгэнэлт үйл явдлуудад олон улсын зүгээс авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээнүүд үүнийг харуулж байна хэмээн цохон тэмдэглэв. Мөн тэрбээр Европын Холбоог жишээ болгон ярилаа. XX зууны эхэн үед одоогийн Европын Холбоонд байгаа улс орнууд хоорондоо дайтаж, бие биенийхээ тусгаар тогтнолд атаархаж байсан бол одоо дэлхий ертөнц хоорондоо уялдаа холбоотой, үндэсний хил хязгаар тийм ч их ач холбогдолтой бус болсон тул эдгээр улс үндэстнүүд үндэсний ашиг сонирхлоос илүү дэлхий нийтийн ашиг сонирхол чухал гэдгийг ухаарч, хамтран ажиллаж байна.
Дээрхийн гэгээн мөн "Америк бол эрх, эрх чөлөө, ардчиллын тэргүүлэгч. Эдгээр зарчмууд дээрээ та бүхэн тууштай зогсох ёстой" хэмээн онцоллоо.
Илтгэлийн дараа Дээрхийн гэгээн үдийн зоог барьж, хэд хэд хэдэн хувийн уулзалт хийв. Дараа нь хэвлэл мэдээллийнхэнтэй уулзах арга хэмжээнд оролцож, хагас цагийн турш 40 орчим сэтгүүлчтэй ярилцсаны дунд Ассошиэйтед Пресс, Майами Херальд, CBS, NBC зэрэг агентлагуудын сурвалжлагчид байлаа. Новагийн олон нийттэй харилцах албаны захирал Жули Спеклер Дээрхийн гэгээнийг угтан авч, Олон нийттэй харилцах албаны дэд захирал Кэн Ма асуулт хариултыг удирдан явуулав.
Дээрхийн гэгээн эхлээд маш товчхон тайлбар хэлж, хүний нийгмийг илүү эрүүл саруул болгох нь хүн бүрийн ашиг сонирхолд нийцэх бөгөөд үүний тулд түүнд өөрийн гүйцэтгэх үүрэг, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ч бас өөрсдийнх нь үүрэг бий хэмээлээ. Хэвлэл мэдээллийнхний асуултууд дунд Далай ламын институци, Ванкуверийн олимпийн наадам, бүх нийтийн үүрэг хариуцлагын мэдрэмж зэрэг сэдвүүд хөндөгджээ.
Хэвлэлийнхэнтэй уулзсаныхаа дараа Дээрхийн гэгээн Флоридагийн иргэдэд "Дэлхийн хамтын нийгэмлэгт энэрэн нигүүлсэхүйн нөлөө" сэдвээр илтгэл тавихаар хурлын танхим руу явлаа. Ректор Рэй Ферреро Дээрхийн гэгээнийг тайзан дээр дахин угтан авав.
Дээрхийн гэгээн сүүлийн 50 жилд дүрвэгч маягаар амьдарсан нь түүнд нийгмийн бүхий л давхаргын хүмүүстэй уулзах шинэ боломжийг олгосон гэдгийг үзэгчдэд хэллээ. Төвөдийг орхин гарч, дүрвэгч болж амьдрахаас өөр аргагүй болсноор тэрбээр бодит байдлыг илүү тодорхой, бодитойгоор харах болжээ. "Хүнд нөхцөл байдлаас боломж үүсдэг" хэмээн Дээрхийн гэгээн өгүүлээд, Шантидэва гэгээнээс эш татаж, "Шийдэж болох асуудал бол санаа зовох хэрэг юун, шийдэж болохгүй асуудал бол санаа зовоод ч яах билээ" хэмээв.
Дээрхийн гэгээн мөн "Бид янз бүрийн л асуудалтай тулгардаг. Тэдгээрийн ихэнхийг бид өөрсдөө үүсгэдэг" гээд, халуун дулаан сэтгэл, энэрэн нигүүлсэл нь эдгээр сөрөг сэтгэл хөдлөл, асуудлуудыг эсэргүүцэх хүч болж чадна хэмээн зөвлөлөө. Тэрбээр цааш нь зэвсэг хураахын ач холбогдлын талаар ярьж, гадна талд зэвсэг хураахын тулд эхлээд дотоод сэтгэлдээ зэвсэг хураах хэрэгтэйг тайлбарлав. Бодит байдлыг илүү тодорхой, объектив байдлаар харахын тулд сөрөг сэтгэл хөдлөлд автан үймрээгүй тайван оюун хэрэгтэй хэмээн Дээрхийн гэгээн ярилаа.
2 дугаар сарын 24-ний Лхагва гарагийн өглөө Дээрхийн гэгээн Флорида Атлантик Их сургуульд олон нийтэд хандан үг хэлнэ. Орой нь Дээрхийн гэгээний АНУ дахь айлчлал өндөрлөж, нутаг буцах юм.