Япон, Токио. 2009 оны 4 дүгээр сарын 22. Дээрхийн гэгээн Далай лам “Хятад улс төвөдүүд болоод бусад үндэстний цөөнхийн эсрэг хатуу арга хэмжээ авахдаа яг л балчир хүүхэд шиг аашилж байна” хэмээн буруутган, жинхэнэ их гүрэн байх ёс суртахууны эрх мэдэл машид дутагдаж байгааг онцолжээ.
Төвөдийн оюун санааны удирдагч Япон улсад сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө “Хятад улс цэрэг арми, эдийн засаг, хүн амынхаа хүчин чадлаар бахархаж болох ч эсэргүүцлийн өчүүхэн төдий илрэлээс ч эмээдэг” хэмээн хэлсэн байна. Тэрбээр Европ, АНУ-д хийх айлчлалаа эхлүүлэхийн өмнө Токио хотноо түр саатжээ. Тэр үеэрээ хэвлэлийн бага хурал хийж, Хятадыг “ийм том улс атлаа хүүхэд шиг аашилж байна” хэмээн тодорхойлсон юм. “Засгийн газар өөр үзэл бодолтой хүмүүсийг баривчилдаг. 1 тэрбум гаруй хүн амтай ийм том улс ийм айдаст автах шаардлагагүй шүү дээ. Нэг, хоёр хүний үзэл бодол өөр байлаа гээд тэр даруй засгийн газартай асуудалтай болчихдог. Үгүй ээ. Та нар бол том улс. Танай улсын Засгийн газар илүү итгэлтэй байх хэрэгтэй” хэмээн Дээрхийн гэгээн хэлжээ.
Тэрбээр төвөдүүд ядуу хэдий ч нээлттэй, ил тод байдлыг эрхэмлэдэг хэмээн илэрхийлээд, “Хятадын Засгийн газрын нэг сул тал нь ил тод бус, үргэлж гуйвуулсан мэдээлэл өгдөг явдал юм. Хятад улс их гүрэн болох замдаа явж байгаа бөгөөд хүн ам, цэрэг арми, эдийн засгийн хүч чадал гэсэн гурван давуу тал хэдийн бүрдсэн. Их гүрэн болоход шаардлагатай дөрөв дэх зүйл бол ёс суртахууны эрх мэдэл. Гэтэл энэ зүйл машид дутагдаж байна. Ёс суртахууны эрх мэдэл туйлын чухал. Итгэлцэл бол гол зүйл. Төрийн нууц итгэлцлийг үгүй хийж байна. Энэ бол эрх мэдлийг хүлээн зөвшөөрүүлэхэд тулгардаг хамгийн том саад юм” хэмээн онцолжээ.
Дээрхийн гэгээн Далай лам 1959 онд Хималайн бүс нутагт болсон бослогыг Хятад улс хүчээр дарсны дараа Энэтхэгт дүрвэн ирээд, хэдийн 50 жил болж буй энэ үед ийнхүү мэдэгдэл хийжээ. Мөн хятадын хүчний байгууллагууд эсэргүүцэгчдийн эсрэг дахин хатуу арга хэмжээ авснаас хойш жил гаруй хугацаа өнгөрч байв.
Өнгөрсөн оны 3 дугаар сард Лхас хотноо хятадын эсрэг хүчтэй үймээн дэгдэж, улмаар Төвөдөд болоод төвөдүүд олноор амьдардаг хөрш зэргэлдээ бүс нутгуудад тархсан юм. Энэ нь Бээжингийн зуны олимпыг зохион байгуулахаар бэлтгэж байсан Хятадын Засгийн газарт ихээхэн хүндрэл учруулжээ. Төвөдийн идэвхтнүүдийн бүлгүүдийн мэдээлснээр, уг хямралыг дарах үеэр олон мянган хүн баривчлагдсан байж болзошгүй. Харин Төвөдийн дүрвэгчдийн Засгийн газар 200 гаруй хүн амиа алдсан гэж мэдэгдсэн байна. Бээжингийн зүгээс үймээн дэгдээгчид 21 хүний амь насыг хохироосон бөгөөд аюулгүй байдлын хүчнийхэн зөвхөн 1 босогчийг л хөнөөсөн гэж мэдэгджээ. Үймээний үеэр галдан шатаасан хэрэгт холбогдсон төвөдүүдэд цаазаар авах ял оноосон тухай асуухад Дээрхийн гэгээн гэмт хэрэг үйлдсэн хүмүүс шийтгэл хүлээх ёстой ч хятадын шүүхэд итгэдэггүй гэдгээ илэрхийлжээ.
“Энэ бүх ял улс төрийн л зорилготой. Тиймээс бид машид эргэлзэж, болгоомжилж байна. БНХАУ бүхэлдээ хууль дээдлэх зарчимгүй, хараат бус шүүх засаглал үгүй. Бүх зүйл намын хяналтад байна” хэмээн мэдэгдсэн юм.
“Төвөд улс үймээн самууныг өдөөсөн” гэж Дээрхийн гэгээн Далай ламыг буруутган, Төвөдийн бүс нутагт аюулгүй байдлын өргөн хүрээ хатуу арга хэмжээ авсан юм.
Дээрхийн гэгээн Далай лам Хятадын эрхшээл дор төвөдүүдэд зөвхөн илүү өргөн хүрээний өөртөө засах эрх олгохыг зорьж буйгаа мэдэгддэг бол Бээжингийн зүгээс түүнийг салан тусгаарлагч хэмээн нэрлэж, Нобелийн энх тайвны шагналтантай уулзахгүй байхыг дэлхийн улс орнуудын удирдагчдад шахалт үзүүлдэг болов.
Дээрхийн гэгээн Далай лам хятадын удирдагчдыг “алсын хараа муутай” хэмээн хариу мэдэгдээд, өөрийнх нь эсрэг түгээмэл хэрэглэдэг нэгэн нэр томьёог ашиглан, тэдний үйлдэл өөрөө “салан тусгаарлах шинжтэй” хэмээжээ. “Бид өөрсдийн эрх ашиг, эдийн засгийн хөгжлийн төлөө БНХАУ-ын бүрэлдэхүүнд үлдэхээ чин сэтгэлээсээ илэрхийлсэн. Гэхдээ соёл, оюун санааны уламжлал, байгаль орчноо хамгаалахын тулд наад захын өөртөө засах эрхтэй байх ёстой” хэмээн Дээрхийн гэгээн мэдэгдсэн юм.
Далай лам хэвлэлийн бага хурлаа өндөрлүүлэхдээ хэлсэн үгнийхээ төлөө хятадын төрийн мэдлийн “Синьхуа” агентлагаас “зэмлэл хүртэнэ” гэж бодож буйгаа инээмсэглэн хэлжээ.
Тэрбээр АНУ, Европ тивд айлчлал хийх бөгөөд аяллын хөтөлбөрт Дани, Исланд, Нидерланд тэргүүт улсууд багтжээ.










