Швейцар, Женев хот. 2009 оны 8 дугаар сарын 6. “Хятад улс үндэстний цөөнхүүдэд чиглэсэн бодлогоороо сүүлийн 60 жил тэдний итгэлийг олж авч чадаагүй тул бодлогоо эргэн харах шаардлагатай байна. 60 жилийн дараа харахад тэдний бодлого итгэлцлийг бий болгож чадсангүй. Харин одоо бодлогодоо шинжлэх ухаанч үнэлгээ, дүн шинжилгээ хийх цаг болжээ” хэмээн Дээрхийн гэгээн Далай лам Женев хотод сэтгүүлчдэд өгсөн ярилцлага дурджээ.
Тэрбээр Хятадын Засгийн газрыг үндэстний цөөнхийн итгэлийг олж авахын тулд зөвхөн тэдний дэмжлэгийг мөнгөөр худалдан авахыг оролдох бус, асуудлыг бүхэлд нь хамарсан, цогц арга барил хэрэгжүүлэхийг уриалсан байна. “Зөвхөн мөнгөөр хятадын нэр хүндийг сайжруулж, итгэлцлийг бий болгож чадахгүй. Итгэлцэл нь ил тод байдал, үнэнч шударга байдалд тулгуурладаг. Түүнчлэн Хятад улс дэлхийн их гүрэн болсон ч ёс суртахууны эрх мэдэл нэн чухал хэвээр байна. Нийтлэг эв зохицол туйлын чухал. Бид салан тусгаарлалгүйгээр шийдэл олох нь харилцан хүлээх үүрэг хариуцлага юм. Өнгөрсөн жил Төвөдөд болсон үймээн самуун болоод энэ жил болсон хятадын баруун хойд хэсгийн Шинжаанд Уйгур үндэстний дунд дэгдсэн үймээний улмаас 190 гаруй хүн алтан амиа алдсан хэдий ч Бээжингийн эрх баригчид Төвөдийн асуудалд хандах хандлагаа өөрчилсөнгүй. Хятадын удирдагчид түүнийг Төвөдийн тусгаар тогтнолыг эрэлхийлээгүй гэдгийг сайн мэдэж байгаа ч суртал ухуулгын зорилгоор түүнийг тусгаар тогтнолыг дэмждэг хэмээн буруутгасаар байна” хэмээн мэдэгджээ.
2006 онд Төвөдийн төлөөлөгчидтэй хийсэн хэлэлцээрийн үеэр хятадын удирдагчид түүнийг тусдаа улс байгуулахыг зорьдоггүй гэдгийг ил тод хүлээн зөвшөөрчээ. Гэвч мөн оны сүүлээр түүний эсрэг хувийн шинжтэй дайралтыг улам эрчимжүүлсэн байна. “Энэ нь асуудлыг буруу ойлгосонтой холбоотой биш. Харин тухайн үед Далай ламыг шүүмжлэх нь тэдэнд ашигтай байсныг харуулж байна” хэмээн Төвөдийн удирдагч хэлсэн юм.
Төвөдөд гарсан бүтэлгүй бослогыг хятадын эрх баригчид хүчээр дарсны дараа Дээрхийн гэгээн Далай лам Энэтхэг рүү дүрвэн гарсан юм. Бээжингийн эрх баригчид түүнийг Төвөдийн бүрэн тусгаар тогтнолыг хүсэж байна гэж буруутгадаг. Харин Дээрхийн гэгээн энэ мэдэгдлийг “Үндэслэлгүй” хэмээн няцааж, Хималайн нурууны эх нутаг Төвөддөө Хятадын бүрэлдэхүүнд өөртөө засах эрхтэй байхыг зорьж буйгаа тууштай илэрхийлсээр иржээ.
Бээжингийн эрх баригчидтай харилцах харилцаа мухардалд орсны дараа хятад сэхээтнүүдтэй харилцах харилцаагаа эрчимжүүлж буйгаа Дээрхийн гэгээн Далай лам мэдэгдсэн байна. “Хятадын засгийн газартай харилцах харилцаа минь хүндрэлтэй болсон учраас бид хятад сэхээтнүүдтэй аль болох өргөн хүрээнд холбоо тогтоохоор хүчин чармайлт гаргаж байна” хэмээн Женев хотод болсон Хятад, Төвөдийн асуудлаарх олон улсын бага хурлын үеэр сэтгүүлчдэд ярьжээ. “Хятад сэхээтнүүдийн хариу үйлдэл маш эерэг байгаа шүү. Ерөнхийдөө нөхцөл байдал өөрчлөгдөж байна. Хятад сэхээтнүүд, хятад хүмүүс аливаа зүйлийг илүү өргөн хүрээнд, илүү бодитойгоор харж эхэлнэ гэдэгт би машид итгэж байна. Үүнд маш их итгэл найдвар тавьж байгаа” хэмээн Дээрхийн гэгээн дурдсан юм.










