Тайвань, Гаошюн. 2009 оны 9 дүгээр сарын 2. Энэ долоо хоногт Тайваньд маргаан дагуулсан айлчлал хийж буй, Төвөдийн шашин, төрийн тэргүүн Дээрхийн гэгээн Далай лам Тайванийн католик шашны тэргүүнтэй уулзан ярилцжээ. Уулзалтын үеэр тэд оюун санааны хөгжил болоод ёс зүйг эрхэмлэхийн чухлыг онцолсон байна.
Тайванийн өмнөд хэсгийн Гаошюн хотноо кардинал Пол К.С.Шантай хийсэн энэхүү ярилцлагыг 1000 гаруй хүн үзэж сонирхжээ. Тэдний дунд Гаошюны хотын дарга Чэнь Чү, Тайванийн өндөр хурдны төмөр замын корпорацын ТУЗ-ийн дарга Нита Инг нар байв.
Нийгэмд итгэлцэл зайлшгүй чухал болохыг онцолсон Дээрхийн гэгээн Далай лам хүмүүсийг санал зөрөлдөөнөө ухаан бодлоо ашиглан шийдвэрлэж, бусадтай өрсөлдөөн, дайсагнал үүсгэх хатуу ширүүн үг хэллэг хэрэглэхээс зайлсхийхийг уриалжээ. Тэрбээр “Шашны зорилго нь хүн төрөлхтний сайн сайхныг нээн илрүүлж, янз бүрийн сургаал номлолоор дамжуулан сүсэгтнүүдэд нийтлэг үнэт зүйлсийг ойлгуулах явдал юм. Дэлхийн энх тайвныг бэхжүүлэхийн тулд бүх шашин харилцан хүлээцтэй хандах, бие биеэ хүндэтгэх, хамтран ажиллахыг сургах ёстой” хэмээн үздэгээ илэрхийлжээ. Дээрхийн гэгээн Далай ламын байр суурийг дэмжсэн Кардинал Шан төрөлт, өтлөлт, өвчин, үхэл нь амьдралын жам ёсны үзэгдэл гэдгийг хэлээд, “Ухамсарт хөгжлийг эрхэмлэх нь хүмүүст сэтгэл хөдлөл болон мэдрэхүйн хүслээ илүү сайн хянах, “хайрын хүчээр” зовлон шаналлаа нимгэлэхэд тусална” гэжээ.
Кардинал Шан 3 жилийн өмнө уушгины хорт хавдартай гэж оношлогдоход эмч нь түүнд ердөө 6 сарын нас үлдсэн хэмээн хэлж байсныг дурссан байна. Гэсэн ч тэрбээр эмчилгээ хийлгэхээр шийдэж, зовлон шаналлаа “хайрын хүч” болгон хувиргахыг зорьжээ. Үүний тулд амьдралынхаа өдөр бүрийг эрхэмлэн, бусдад туслах үйлсэд илүү ихээр өөрийгөө зориулсан гэж Шан ярьсан байна. Тэрээр дэлхийн улс орнууд хөгжиж дэвжихийн төлөө ажиллаж байгаа ч ёс зүй, ёс суртахууныг орхигдуулж, бүр шашны итгэл үнэмшлийг эсэргүүцэх болсон явдалд тэрбээр харамсаж буйгаа илэрхийлжээ. “Улс орны хөгжлийн гол зорилго нь зөвхөн материаллаг баялаг болон шинжлэх ухаанд төвлөрөх ёсгүй. Хүмүүсийн амьдралд ёс зүй, ёс суртахуун, шашны итгэл үнэмшил ч мөн чухал байр суурь эзлэх шаардлагатай” гэж тэрбээр хэлсэн байна.
Дээрхийн гэгээн Далай лам “Олон хүн ухамсрын үнэт зүйлсийг үл тоомсорлож, зөвхөн мөнгө олоход анхаарах болсон нь орчин үеийн сургаал номлол болоод сургуулийн боловсролын тогтолцоонд ёс суртахууны хүмүүжилд хангалттай анхаарал хандуулдаггүйтэй холбоотой” хэмээн айлджээ.
Төвөдийн шашин, төрийн тэргүүний Тайвань улс дахь анхны айлчлалын гол зорилго нь Морокот хар салхинд нэрвэгдсэн хүмүүст сэтгэлийн дэм өгч, тэдний төлөө залбирах явдал байв. Тэрбээр Баасан гарагт Тайваниас буцан мордох аж.
Мэдээг Лоу бэлтгэв.










