Чили улс, Сантьяго хот. 2006 оны 5 дугаар сарын 8. Дээрхийн гэгээн Далай лам 5 дугаар сарын 3-ны өдөр Сантьяго хотод морилон иржээ. Тэрбээр “Мариотт” зочид буудалд байрласныхаа дараахан Чилийн хэвлэл мэдээллийнхэнтэй уулзсан байна. Уг уулзалтад 100 орчим сэтгүүлч оролцжээ. Далай лам хэвлэлийн уулзалтын дараа Чилийн Үндэсний телевиз болон тус улсын хамгийн олон хувь хэвлэгддэг үндэсний сонин “Эль Меркурио”-д ярилцлага өгсөн юм.
Дээрхийн гэгээн энэ өдрийн үдээс хойш Чилийн нэр хүндтэй их сургуульд зочилж, сайн чанараа төлөвшүүлэх, саруул ухаан хийгээд халуун дулаан сэтгэл хоорондын тэнцвэрийг хадгалах талаар айлдвар айлджээ. Тэрбээр тус их сургуулийн 250 багш, профессор, сэхээтнүүд, нөлөөлөгчдөд “Боловсролд зөвхөн оюун ухааныг хөгжүүлэх нь хангалтгүй юм. Хүний оюун ухааныг халуун дулаан сэтгэлтэй хослуулан хөгжүүлж байж түүнийгээ хамгийн үр дүнтэй, бүтээлч байдлаар ашиглах боломжтой болох аж. Түүнчлэн орчин үеийн боловсролд ёс суртахууны үнэт зүйлсийг төлөвшүүлэхэд машид хангалтгүй анхаарч буйн улмаас хүний оюун ухаан, технологийг сүйтгэх зорилгоор ашиглах явдал гарч байна. Үүний нэгэн тод жишээ нь 9 дүгээр сарын 11-ний халдлагын үйл явдал билээ. Боловсролын салбарын удирдлага, эрдэмтэн судлаачид, боловсролын үйл хэрэгтэй холбоотой бусад хүмүүст залуу үеийг сурган хүмүүжүүлэхдээ оюун ухааны хөгжил болоод сайн сайхан сэтгэлийг төлөвшүүлэхийн хоорондын нарийн тэнцвэрийг хадгалах арга замыг эрэлхийлэхийг уриалж байна” хэмээн айлджээ. Их сургуулийн декан, профессор Хорхе Литвак нээлтийн үеэр Дээрхийн гэгээнийг төвөдийн ард түмний эрхийг сэргээхийн төлөөх хүчирхийлэлгүй тэмцлийг тууштай удирдан явуулж, хүнд хэцүү цаг үед дэлхий нийтэд ёс суртахууны чиг баримжаа өгч буй нэгэн хэмээжээ.
Дээрхийн гэгээн Чилийн Их Сургуульд айлдвар айлдахаасаа өмнө Чилийн хоёр танхимтай Үндэсний конгрессын дээд танхим болох Сенатын дэд ерөнхийлөгч Жайме Нанжотой тусгайлан уулзжээ. Мөн Сантьягогийн Их Сургуулийн декан Убалдо Сунига Кинтанильяг хүлээн авч уулзсан байна.
5 дугаар сарын 4-ний өглөө Дээрхийн гэгээн Далай лам Чилийн Конгресст морилсон байна. Түүнийг Төлөөлөгчдийн танхимын дарга Антонио Леал, Төлөөлөгчдийн танхимын ахлах дэд ерөнхийлөгч Хорхе Бургос, дэд ерөнхийлөгч Хосе Перес болон улс төрийн хэд хэдэн намын удирдлагууд хүндэтгэн хүлээн авч уулзжээ. Уулзалтад Ардчилсан намын төлөөлөгч Адриана Муньос, Социалист намын төлөөлөгч Иван Паредес, Христийн ардчилсан намын төлөөлөгч Габриэль Асенсио, Социал Демократ Радикал намын төлөөлөгч Карлос Абел Харпа, Үндэсний шинэчлэлийн намын төлөөлөгч Херман Беккер, Бие даасан Ардчилсан холбооны төлөөлөгч Марсело Форни нар оролцсон юм. Дээрхийн гэгээн Төлөөлөгчдийн танхимын удирдлагуудтай бараг цаг орчим уулзаж, төвөдийн ард түмний нөхцөл байдал, Төвөдийн асуудлыг шийдвэрлэхэд баримталж буй өөрийн байр суурь зэрэг олон асуудлаар ярилцжээ. Үүний дараа Дээрхийн гэгээн Төлөөлөгчдийн танхимын 40 орчим гишүүнтэй уулзан, тэдэнтэй ч мөн цаг орчим ярилцсан байна. Чилийн Төлөөлөгчдийн танхим нийт 120 гишүүнтэй бөгөөд тэдний 65 нь Ардчилсан нам, эвслүүдээс бүрдсэн эрх баригч эвслийг, 55 нь сөрөг хүчний эвслийн намууд бүрдүүлдэг аж. Мөн Төлөөлөгчдийн танхимын гишүүд Далай ламд зориулан үдийн зоогийг зохион байгуулжээ.
Дээрхийн гэгээн Чилийн Конгрессоос буцах замдаа Сантьягогийн Их Сургуульд саатан, тус сургуулиас олгосон “Хүндэт докторын цол”-ыг хүлээн авчээ. Шагнал гардуулах ёслолыг тус сургуулийн дэд декан доктор Силвана Коминетти удирдан явуулсан бөгөөд уг ёслолд тус сургуулийн 500 орчим багш, профессор, судлаач, ахисан түвшний оюутнууд оролцсон байна.
Орой нь Далай лам Католик Их Сургуульд зочилж, энх тайвны төлөөх олон шашны залбиралд оролцжээ. Уг арга хэмжээнд католик, протестант, иудей, мусульман, бахай, шашны төлөөлөгчид болон Мапуче буюу Чилийн уугуул иргэдийн төлөөлөл оролцон, нийт 1000 гаруй хүн цугласан байлаа.










