Энэтхэг улс, Химачал Прадеш муж, Дарамсала хот. Дээрхийн гэгээн Далай лам эрхэм хүндэт Крис Хипкинст Шинэ Зеландын шинэ ерөнхий сайдаар томилогдсонд явдалд баяр хүргэн, захидал илгээжээ. Тэрбээр захидалдаа, “Таны үзэсгэлэнт оронд хэд хэдэн удаа айлчлах завшаан надад тохиолдсон бөгөөд хүн төрөлхтний нэгдмэл байдал, шашин хоорондын эв нэгдлийг хангах хүчин чармайлтыг минь нийгмийн бүхий л давхаргынхан ихээхэн сонирхож, дэмжиж ирсэнд би бээр машид талархаж явдгаа илэрхийлье.
Өнөөдөр дэлхий нийт маш хүнд сорилт бэрхшээлтэй тулгарч байна. Шинэ Зеландын ард түмний хэрэгцээ шаардлага, хүсэл эрмэлзлийг хангахын төлөө тулгарах сорилт бэрхшээлүүдийг даван туулах үйлсэд тань арвин их амжилтыг хүсье” хэмээжээ.
Дээрхийн гэгээн Далай лам мөн албан тушаалаа хүлээлгэн өгч буй ерөнхий сайд асан Жасинда Ардернд захидал илгээн, ерөнхий сайдын албыг хаших хугацаандаа үзүүлсэн үлгэр жишээ манлайллыг нь машид сайнаар үнэлжээ. Түүн дундаа 2019 оны 3 дугаар сард Крайстчерч хотноо болсон буутай халдлагын улмаас олон хүн амиа алдаж, шархадсан эмгэнэлт үйл явдалтай нүүр тулах үедээ Жасинда Ардерн тайван байдал, энэрэнгүй сэтгэл, бусдад хүндэтгэлтэйгээр хандаж байсныг Далай лам онцгойлон сайшаасан байна. Мөн хэдийгээр ерөнхий сайдын албаа хүлээлгэн өгсөн ч Шинэ Зеландын ард түмний сайн сайхны төлөө, түүнчлэн дэлхийн өнцөг булан бүрд энх тайвныг цогцлоохын төлөө өөрийн чадах бүхнийг үргэлжлүүлэн хийсээр байх болно гэдэгт итгэж буйгаа илэрхийлжээ.










