Канад улс, Торонто хот. 2007 оны 11 дүгээр сарын 1. Дээрхийн гэгээн Далай лам хилийн чанадад буй 5000 орчим нутаг нэгтнийхээ өмнө залуу, эрч хүчтэй хоолойгоор төвөд дуу дуулж буй 24 хүүхдийг анхааралтай ширтэж байлаа.
Түүний нүүрэнд инээмсэглэл тодорсон ч нүдэнд нь үргэлж байдаг цоглог гялбаа бараг л үзэгдсэнгүй. Эх нутгаасаа алс хол газар төвөдийн соёлыг амьд хэвээр хадгалж буй энэ мөч нь баяр гуниг хосолсон мөч байлаа.
Дээрхийн гэгээн Далай лам дараа нь “Star” сонинд ярилцлага өгчээ. “Тэр дууг сонссоны дараа надад машид гуниг төрж байлаа. Гэвч яг энэ мөчид бидний эх нутагт байдал маш их хурцадмал байгаа. Тэнд маш их айдас хурсан. Тиймээс мэдээж гунигтай байна” хэмээжээ.
Улс төр, шашны талаар өргөн хүрээтэй ярилцах үеэр Төвөдийн оюун санааны удирдагч ард түмэн нь дэлхийн хаана ч байсан соёлоо хадгалан үлдэхийн төлөөх шийдэмгий тэмцлийнхээ талаар Хятадын Засгийн газар төвөдийн соёлыг устгахыг оролдож буйтай холбогдуулан, сэтгэл догдлон ярьжээ. “Тулгарч буй олон сорилт нь соёлоо хадгалан үлдэх гэсэн тэдний шийдэмгий байдал, итгэл үнэмшил, тууштай байдлыг улам бүр бэхжүүлсэн байна. Хятадууд үүнийг ойлгож, төвөдийн соёлын өөртөө засах эрхийг эсэргүүцэхийн оронд хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэгж байж л жинхэнэ үнэнч байдал бий болно. Тэгж байж л жинхэнэ эв нэгдэл бий болно. Тэдний баримталж буй арга барил нь эцсийн дүндээ өөрсдийг нь л хохироож байна” хэмээсэн юм.
1959 онд Төвөдөөс дүрвэснийхээ дараа Дээрхийн гэгээн Далай лам Энэтхэгийн Дарамсала хотод очиж, тэнд хилийн чанад дахь засгийн газрыг байгуулжээ. Тэр цагаас хойш тэнд амьдарч, Төвөдийн үйл хэргийг дэмжихийн тулд дэлхий даяар аялж ирсэн байна.
Хятадын зүгээс түүнийг салан тусгаарлагч хэмээн буруутгадаг ч Дээрхийн гэгээн өөрийн ард түмэнд хятадын бүрэлдэхүүнд байхдаа соёл, шашин, боловсрол, эдийн засгийн асуудлаа өөрсдөө хариуцах өөртөө засах эрх л хүсэж буйгаа хэлдэг. Ингэснээр Төвөд өөрийн өв соёлоо хадгалан үлдэхийн зэрэгцээ Хятадын эрчимтэй хөгжиж буй бизнесийн орчны үр шимийг хүртэх боломжтой гэж тэр үзэж байна.
Тэрбээр өчигдөр Этобико дахь Төвөд, Канадын соёлын төвийг адисласан бөгөөд ийм байгууллагууд төвөдийн үйл хэрэгт нэн чухал ач холбогдолтойг онцолжээ. Тэрбээр төвөдийн соёлыг амьд хэвээр хадгалах багш нарыг бэлтгэх сургуулиудыг Дарамсала хотод байгуулжээ. “Төвөдийн дотор төвөдийн соёл доройтоход хүргэж буй олон хүчин зүйл байна. Гол асуудал нь хүн амын бүтэц. Хань үндэстний хятадууд тус бүс нутагт шилжин суурьшсанаар төвөдүүд өөрсдийн нутагт цөөнх болжээ. Тэд өдөр тутмын амьдралдаа төвөд хэлнээс илүү хятад хэл ашиглаж байна. Үүний зэрэгцээ төвөдүүд хятадын зүгээс соёлыг нь устгах гэсэн оролдлогыг сөрөн, өөрсдийн соёл, хэлээ тууштай хадгалсаар иржээ. Төвөдийн ухамсар маш, маш хүчтэй” хэмээн айлдсан юм.
Энэхүү ухамсар Дээрхийн гэгээн Далай ламын нэр хүнд, бусдыг татах чадварын ачаар барууны ертөнцөд ч нэвтэрч эхэлжээ.
Өчигдөр орой Дээрхийн гэгээн Далай лам Рожерс төвд 16,000 гаруй хүнд үг хэлэв. Тэрбээр “Дэлхийн дулаарал, худалдаа, терроризм зэрэг асуудал нь дэлхийн өнцөг булан бүрд амьдарч буй хүмүүс хоорондоо хэр нягт холбоотой болохыг барууныханд ойлгууллаа. Дэлхий нийтээрээ асар их харилцан хамааралтай болжээ. Энэ бол бодит байдал. Хүн төрөлхтөн тэр аяараа нэгэн бүхэл. Энэ бол шашны үзэл биш, харин бодит амьдралд тулгуурласан үзэл. Цэргийн зардлыг зогсоож, оронд нь боловсролд, ялангуяа хөгжиж буй орнуудын боловсролд илүү их хөрөнгө оруулахыг уриалсан бөгөөд энэ нь эцсийн дүндээ энх тайвныг бий болгоход илүү их хувь нэмэр оруулна. Цэргийн зориулалтаар олон тэрбум доллар зарцуулахын оронд боловсролд болон Иракт тусламж үзүүлэхэд зарцуулцгаая” хэмээн айлдсан юм.
“Ийм үзэл санаа олон хүнийг буддын шашинд татаж байна” гэж кино найруулагч Жон Халперн хэлэв. Түүний Дээрхийн гэгээн Далай ламын тухай бүтээсэн хоёр баримтат кино өнөө орой болон маргааш Торонто хотод гарна. Түүний хэлснээр 9 дүгээр сарын 11-ний террорист халдлагын дараа барууныхан дэлхийн бусад хэсэгтэй холбоотой гэдгээ илүү сайн ойлгох болжээ.
“Хямрал хүмүүсийг нэгтгэж, биднийг холбоотой гэдгийг мэдрүүлдэг. Хүн бүр хүн төрөлхтний нийтлэг туршлагын нэгээхэн хэсэг билээ. Илүү сайн ертөнцийг бүтээхийн тулд хувь хүн өөрөө үйлдэл хийх ёстой гэсэн буддын шашны үзэл нь хүмүүст өөрсдийгөө ямар нэгэн хувь нэмэр оруулж байна гэдгээ мэдрэх боломжийг олгодог юм. Өөрийгөө зүгээр нэг хэрэглэгч гэж харахын оронд би өөрийн хувь нэмрийг оруулж чадна” гэж Халперн хэлэв. Түүний “Refuge”, “Talking with the Dalai Lama” тэргүүт кинонууд “Bloor” кино театрт гарч байна.
Дээрхийн гэгээн Далай лам барууны орнуудад буддын шашинд өргөн хүрээтэй шилжилт хөдөлгөөн ажиглагдаагүй гэж хэлдэг ч өдөр тутмын энэрэнгүй үйлээрээ дамжуулан итгэл үнэмшлээ хэрэгжүүлэх зэрэг санаа иудей, христийн шашны итгэл үнэмшилд нэвтэрч байгааг анзаарчээ.
“Өнөөдөр барууныхан өөрсдийн итгэл үнэмшилтэй илүү хувийн харилцаа тогтоохыг хүсдэг болсон бололтой. Энэ бол ерөнхийдөө буддын шашны хандлага юм. Зөвхөн итгэл үнэмшилтэй байх нь ямар нэгэн зайнаас харилцахтай адил билээ” хэмээн айлдсан юм.










