АНУ, Массачусетс муж, Кембриж хот. 2009 оны 4 дүгээр сарын 30 (The Boston Globe сонины Майкл Полсон, Жеймс Ф.Смит нар бичив). Түүний өмнө Харвардын эрдмийн өргөөний хамба, эмч, профессор, оюутнууд болоод олон салбарын эрдэмтэн судлаачид цугларчээ.
Дээрхийн гэгээн Далай лам гутлаа тайлж, хөлөө завилан, багадсан суудалдаа эв хавгүйхэн багтан суусны дараа дэлхийд хамгийн ихээр хүндлэгддэг лам мэргэдэд зориулан нэгэн сургамжийг айлдав. “Ухаантай байх нь хүнийг аз жаргалтай болгохгүй”.
Харвард, Массачусетсийн Технологийн дээд сургуульд (MIT) дээд түвшний арга хэмжээ өрнөсөн хэдэн өдөр өдгөө 73 насыг зооглон буй Төвөдийн оюун санааны удирдагч эргэн тойрныхоо сүр жавхлан, ёслол төгөлдөр байдлыг төдийлөн чухалчилдаггүйгээ дахин дахин харуулжээ. Түүнийг Дурсгалын сүмд орж морилон саатахад цугласан хүмүүс бүрнээ чимээгүй босож, хүндэтгэл үзүүлэв. Харин тэрбээр машид энгийнээр “Суугаарай” хэмээжээ.
Харвардын хашаанд түүний хүндэтгэлд зориулан мод тарих ёслол нь зүгээр нэг ёслолын үзүүлбэр төдий бус гэдгийг тодорхой харуулжээ. Харвардын Их Сургуулийн ерөнхийлөгч Дрю Гилпин Фаустыг модны суулгац дээр хэтэрхий бага шороо асгалаа хэмээн зэмлэжээ. Хүндэт зочид хийх ёстой зүйлээ дуусгасны дараа Дээрхийн гэгээн Далай лам хүрзээ шүүрэн авч, газрын хөрсийг тэгшлээд, нарны гэрэлд гялалзах ногоон навчсыг хангалттай усалсан байна.
Төвөд охид түүнд зориулан бүжиж байхад тэрбээр хөтөлбөрийн хуудсыг эргүүлэн үзэж байв. Харин Массачусетсийн Технологийн дээд сургуульд нэгэн лам хаалтын үг хэлэв. Энэ өдрийн хөтөлбөрт хоёр томоохон арга хэмжээ багтжээ. Эхнийх нь Харвардын Их Сургуульд айлдсан, ухаалаг төдийгүй энэрэнгүй сэтгэлийг төлөвшүүлэх боловсролын ач холбогдлын тухай айлдвар, хоёр дахь нь Массачусетсийн Технологийн дээд сургуульд түүний нэрэмжит “Далай ламын ёс зүй хийгээд хувирган өөрчлөх үнэт зүйлсийн төв” байгуулахад зориулсан хөрөнгө босгох арга хэмжээ байлаа.
Дурсгалын сүмд төвөд бүжигчид, хөгжимчдийн мэндчилгээг хүлээн авсны дараа Дээрхийн гэгээн Далай лам “Боловсрол, оюун ухаан нь дотоод амар амгаланг авчирч чадах уу?” хэмээсэн асуултыг дэвшүүлээд, “Үл чадна” гэсэн дүгнэлтэд хүрчээ. Тэрбээр Харвардын талаар хошигнон, “Нэгэн найз минь “Харвард үнэхээр алдартай. Тэнд зүгээр л алхаж явахад хүртэл ариун нандин газар буй мэт санагддаг” гэж надад хэлж байсан юм. Миний бодлоор энэ арай л хэтэрсэн хэрэг. Мунхаг тэнэг хүмүүс ч тэнд төвөггүй алхаж чадна шүү дээ. Маш ухаантай эрдэмтэн, профессор олон бий. Гэвч тэдний зарим нь өрсөлдөх сэтгэл, атаа хорсол, уур хилэнгээр дүүрэн байдаг. Би хэнийг ч үл хүндэтгэх гэсэнгүй” хэмээн ажигласнаа хуваалцжээ.
“Энэрэнгүй сэтгэл нь хүний төрөлх мөн чанарын биологийн нэг хэсэг мэт харагддаг. Үүний нэгэн жишээ бол хүүхэд эхтэйгээ тогтоодог анхны холбоо. Ийм мэдрэмжийг зөвхөн гэр бүлд төдийгүй сургуульд ч хөгжүүлэн төлөвшүүлэх шаардлагатай” хэмээн айлдсан юм.
Буддын лам нар хятадын шоронд хоригдож байхдаа иракийн дайны ахмад дайчдад ажиглагддаг сэтгэл зүйн хохиролтой харьцуулахад сэтгэл санааны хувьд харьцангуй бага хохирол амссан тухай мөн дурджээ. “Илүү энэрэнгүй хүмүүс сэтгэл зүйн хүнд цочролт туршлагыг туулсан ч сэтгэл санаа нь тайван хэвээр байдаг” хэмээжээ.
Мөн залуусын дундах хүчирхийллийн зарим шалтгааныг гэр бүл, нийгэмд “энэрэнгүй сэтгэл, эсвэл халуун дулаан хайр халамж” дутмаг байгаатай холбон тайлбарлав. Гэвч “сайхан сэтгэл”-ийг зааж сургах амаргүй гэдгийг ч хүлээн зөвшөөрсөн байна. “Яаж заахыг би үл мэднэ. Би ийм зүйлийн талаар байнга ярьдаг. Харин үүнийг хэрхэн бодитоор хэрэгжүүлэх нь та бүхнээс шалтгаална” хэмээн айлдав.
Дээрхийн гэгээн MIT-д шашнаас ангид нийгэмд ёс зүйг хэрхэн хөгжүүлэх тухай, заримдаа өдөөн хатгасан мэт сонсогдох санаануудаа хошигнол, хөгжилтэй яриатай хослуулан илэрхийлж байв. Дүүрэн хүн цугласан Кресжийн танхимд орж ирснийхээ дараа тэрбээр урд эгнээнд сууж байсан католик ламын үсийг буддын лам нарынх шиг бүрэн хусаагүй байгааг анзаарч, хөгжилтэйгөөр хошигножээ. Зарим зочин хоёр тасалбар авахын тулд 1,250 ам.доллар буюу түүнээс дээш хандив өргөсөн байв. Буйдан дээр завилан сууж байхдаа тэрбээр саяхан Сан-Франциско хотын орон гэргүй хүмүүст зориулсан байранд очсон тухайгаа ярьжээ. Тэнд нэгэн эрэгтэйд 1959 онд дүрвэн гарсныхаа дараа өөрөө ч мөн орон гэргүй болсон тухайгаа хэлсэн байна. “Би түүнд “Би ч бас орон гэргүй байсан” гэж хэлсэн” хэмээн Дээрхийн гэгээн дурсан ярив.
Түүний айлдвар жинхэнэ энэрэнгүй сэтгэлийг хэрхэн төлөвшүүлэх тухай байв. Энэ нь өөртэй нь ижил үзэл бодолтой найз нөхөддөө амархан гаргадаг энэрэл биш, харин санал нийлдэггүй хүмүүстээ ч энэрэнгүй хандах тухай байлаа. Дээрхийн гэгээн “Шинэ ёс зүйн төв нь шашин шүтдэггүй хүмүүст ёс зүйн үнэт зүйлсээ хөгжүүлэхэд нь хэрхэн тусалж болохыг судлах ёстой. Учир нь дэлхийн 6 тэрбум хүний ихэнх нь шашин шүтдэггүй бөгөөд тэд ёс зүйн ойлголтоо шашнаар дамжуулан олж авахгүй шүү дээ” хэмээн үзэж байв. Тэрбээр “Католик ламаас шашнаас ангид үзэл гэдэг нь шашныг үгүйсгэх гэсэн үг үү?” хэмээн асуухад лам “Энэ нь шашнаас ангид байхыг та хэрхэн ойлгож буйгаас шалтгаална” гэж хариулжээ. “Маш ухаалаг хариулт байна” хэмээн Дээрхийн гэгээн инээд хөөрөөр бялхан хэлээд, “Бид шашнаас ангид ёс зүйг боловсролоор дамжуулан хөгжүүлэх хэрэгтэй” хэмээн айлдсан юм.
Дээрхийн гэгээн Далай лам MIT-ийн эрдэмтдэд энх тайвны төлөө ажиллах хэд хэдэн сонирхолтой санаа дэвшүүлжээ. “Та бүхэн энэрэнгүй сэтгэл төрүүлдэг тариа зохион бүтээж болно. Би тийм тариа хийлгэмээр байна” хэмээн хэлсэн байна. Худалдаа наймаа ч энэ үйлсэд хувь нэмэр оруулж болохыг хошигнон, “Энэрэнгүй сэтгэл зардаг дэлгүүр нээж болно. Дэлгүүрээс энэрэнгүй сэтгэл худалдаж авдаг байж болно шүү дээ” хэмээжээ.
Нэгэн оюутан ёс зүй болоод зэвсгийн үйлдвэрлэлийн тухай асуухад 1989 онд Төвөдийн эрх ашгийн төлөө хүчирхийлэлгүй тэмцэл өрнүүлснийхээ төлөө Нобелийн Энх тайвны шагнал хүртсэн Дээрхийн гэгээн “Энэ зуун бол дэлхий дахины зэвсэглэлээс ангижрах зуун болох болтугай хэмээн найдаж байна. Гэхдээ эхний алхам болгон MIT тэргүүт байгууллагууд энгийн хүмүүсийг онодоггүй, харин шийдвэр гаргагчдыг онодог сум зохион бүтээвэл зохистой” хэмээн хошигножээ. Тэрбээр мурилзан нисэж буй сумны замд гараа даллан дүрслэхэд үзэгчид инээлдэж, алга ташсан байна. “Ийм сум бүтээх хэрэгтэй. Гайхалтай!” хэмээн хөгжилтэйгөөр хэлжээ.










