Словак, Братислав. 2009 оны 9 дүгээр сарын 9. Дээрхийн гэгээн Далай лам өнөөдөр Олон улсын Ян Лангосын нэрэмжит шагналыг хүртлээ. Шагнал гардуулах ёслолын үеэр Дээрхийн гэгээн энэхүү шагналыг өргөн барьсан Ян Лангосын санд талархал илэрхийлэв. “Хүч үл хэрэглэх зарчмыг баримталж, эрх чөлөөний төлөө тэмцэж явсан Ян Лангосын нэрэмжит шагналыг хүртэх нь миний хувьд нэр төрийн хэрэг билээ. Энэ шагнал миний хувьд машид утга учиртай билээ” хэмээжээ.
Тэрбээр уг шагналыг Хятад, Төвөдийн хооронд харилцан хүлээн зөвшөөрч болохуйц шийдэл олохын төлөөх хүчин чармайлтаа үргэлжлүүлэх шинэ урам зориг хэмээн үзэж буйгаа илэрхийлжээ. Мөн хүний үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх, шашин хоорондын эв найрамдлыг бэхжүүлэх талаар айлдвар айлдав. Дээрхийн гэгээнд шагналыг өргөн барих үеэр танхимд цугласан хүмүүс босож, удаанаар алга ташин, хүндэтгэл үзүүлжээ. Энэхүү шагналыг хуучин Чехословак улсад коммунизм, тоталитар дэглэмийг эсэргүүцэн тэмцэж явсан Словакийн тэрс үзэлтэн Ян Лангосын гэгээн дурсгалд зориулан олгодог байна.
Ян Лангосын сангаас гаргасан мэдэгдэлд, “Дээрхийн гэгээн XIV Далай ламд хятадын дарангуйлагч дэглэмийн эсрэг насан туршдаа тэмцэж ирснийг нь үнэлэн, Ян Лангосын нэрэмжит олон улсын шагналыг өргөн барьж байна. Түүнчлэн хүний эрхийн төлөө тууштай, хүч үл хэрэглэх аргаар тэмцэж, хайр энэрэл, хүлээцтэй байдал, энэрэл нигүүлсэхүйн зарчмыг дэлхий даяар түгээн дэлгэрүүлж ирснийг нь энэхүү шагналаар үнэлэхийг зорьж байна” хэмээжээ.
Братислав хотын дарга Андрей Дурковский захиргааны өмнө Дээрхийн гэгээн Далай ламыг хүлээн авч уулзав. Хотын дарга “Таны Братислав хотод хийж буй айлчлал зөвхөн миний хувьд төдийгүй Братислав хотын оршин суугчдын хувьд машид чухал, онцгой үйл явдал билээ” хэмээжээ. Үүний дараа Дээрхийн гэгээн хотын төвд Төвөдийн тухай үзэсгэлэнгийн нээлтэд оролцов. Уг үзэсгэлэн 6 сарын турш нээлттэй байх юм. Дээрхийн гэгээн хэвлэлийн төлөөлөгчдөд хэлсэн үгэндээ “Хүний үнэт зүйлс болорл шашин хоорондын эв найрамдлыг түгээн дэлгэрүүлэхэд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд машид чухал үүрэгтэй” хэмээжээ.
Үдийн зоогийн дараа Словакийн парламентын дэд дарга болон сөрөг хүчний дөрвөн намын удирдагч Дээрхийн гэгээн Далай ламтай зочид буудалд уулзав. Сөрөг хүчний нэгэн намын удирдагч Словакийн парламентад Төвөдийн асуудал хариуцсан бүлэг удахгүй байгуулахаар төлөвлөж буйгаа мэдэгдсэн байна. Дээрхийн гэгээн Далай лам тэдний дэмжлэгт талархал илэрхийлжээ.
Үдээс хойш Дээрхийн гэгээн энэрэн нигүүлсэхүйн тухай олон нийтэд зориулсан айлдвар айлдав. Братислав хотын Пасенки ордонд 4000 гаруй хүн цуглан, айлдварыг сонсжээ. Өнөөдрийн олон нийтэд зориулсан дөрвөн арга хэмжээ болон айлдвараа дуусгаад зочид буудалдаа буцаж ирэхэд нь олон хүн Дээрхийн гэгээнийг угтан авч, баяр талархал, эв санааны нэгдлээ илэрхийлэн алга ташиж байв.
Дээрхийн гэгээн маргааш Чех улсын нийслэл Прага хотыг зорих юм. Тэрбээр 9 дүгээр сарын 11-нд Азийн энх тайван, ардчилал, хүний эрхийн асуудлаарх олон улсын бага хуралд үг хэлэх аж.










