Энэтхэг улс, Химачал-Прадеш муж, Дарамсала хот. 10 дугаар сарын 18-ны өдөр Хуврагын Жан Гүнчогийн хорооны тэргүүн гэвш Данзанжаргал Тэнзин 9 дэх удаагийн гэвшийн шалгалтын хорооны тэргүүн гэвш Наваанчойжи, Буддын шашинт эмэгтэйчүүдийн боловсролын нийгэмлэгийн захирал Юдон Аукатсан нар Дээрхийн гэгээн Далай ламыг өргөөнийхөө үүдэнд хүндэтгэлэйгээр угтан авлаа. Тэрбээр Намжил хийдийн Зүглэгхан дуганд энэ жилийн өвлийн ном хаялцаанд оролцсон хуврагуудтай уулзахаар явж байв.
Зураг. Намжил хийдийн Зүглэгхан дуганд болж буй өвлийн ном хаялцаанд оролцсон хуврагуудтай уулзахаар хүрэлцэн ирж буй Дээрхийн гэгээн Далай лам. Зургийг Данзанчойжир.
Дээрхийн гэгээн сүмийн гол дуганд байрлах арслан сэнтийдээ залрав. Энэ жилийн өвлийн ном хаялцаанд оролцсон 253 хувраг, 7 дугаар сард сургалтаа дүүргэн, өвлийн ном хаялцааны үеэр эрдмийн зэргийн гэрчилгээгээ гардан авсан 33 гэвш замын хоёр талаар суужээ. Гэвшийн зэрэг хамгаалсан төгсөгчид урд эгнээнд суусан байв.
Дээрхийн гэгээн Далай ламыг арслант сэнтийдээ залрангуут гэвш Наваанчойжи уламжлал ёсоор Бурхан багшийн лагшин, зарлиг, тааллын бэлгэдэлт тахилын зүйлсийг өргөн барилаа. Дараа нь гэвшийн зэрэг хамгаалсан төгсөгчид насны гурван бурхан Цэнд-Аюуш, Жүгдэрнамжил, Цагаан Дар эх тэргүүтийн болоод хорин нэгэн Дар эхийн танкаг Дээрхийн гэгээн Далай ламд өргөн барив.
Үүний дараа эрдмийн зэрэг хамгаалсан төгсөгчид болоод суралцагч хуврагууд өөрсдийн мэдлэг, задлан шинжлэх чадварыг харуулсан ном хаялцааны үзүүлбэрийг толилууллаа. Дээрхийн гэгээн тэдний мэтгэлцээнийг машид баяртайгаар таалан соёрхов.
Зураг. Намжил хийдийн Зүглэгхан дуганд болж буй өвлийн ном хаялцааны хуврагууд мэтгэлцэж буй нь... Зургийг Данзанчойжир.
Энэ удаагийн мэтгэлцээний үеэр бурхны шашны үлгэр хорин нэгэн бясалгагч Дар эхэд зориулан Дээрхийн гэгээн Далай ламын бичсэн магтаал шүлгүүдийг багтаасан шинэ бүтээл хэвлэгдсэн байв. Хорин нэгэн Дар эхийн зарим нь Энэтхэг, бусад нь Төвд гаралтай ажээ. Товхимолд магтаал бүрийг дөрвөн мөртөөр шүлэглэн, шүлэг тус бүрийн хамт танка зургийг болгоожээ.
Дээрхийн гэгээнээс уг бүтээлийн уншлагыг дамжуулан өгөхийг хүссэн бөгөөд тэрбээр хуврагуудад зориулан товхимлын шүлгүүдийг чангаар айлдан болгоолоо. Хуврагууд өөрсдийн гар дээрх эхийг даган уншиж байв.
Дээрхийн гэгээн Далай лам өвлийн мэтгэлцээнд оролцсон хуврагууд болоод гэвшийн зэрэг хамгаалсан төгсөгчидтэй уулзсаны дараа Намжил хийдийн сургуулиас жил бүр зохион байгуулдаг шалгалтын хүрээнд Зүглэгхан дуганд өрнөж буй мэтгэлцээийг хэсэг хугацаанд таалан соёрхов. Арга хэмжээ өндөрлөхөд Дээрхийн гэгээн Далай ламыг буцах зуур хуврагууд “Мэгзэм” залбирлыг уншиж байлаа. Тэрбээр хоёр талаар эгнэн зогссон хуврагууд руу гар даллан, инээмсэглэсээр буцсан юм.










