Төвөдөд болон хилийн чанадад амьдарч буй нийт төвөдүүддээ мэндчилгээ дэвшүүлье. Та бүхэнд хэдэн чухал асуудлын талаар санал бодлоо хүргэхийг хүсэж байна.
Би бага залуугаасаа Төвөдийн засаглалыг ардчилсан тогтолцоонд шилжүүлэх нь манай орны ойрын болон алс ирээдүйн эрх ашигт нэн чухал болохыг ухаарсан. Тиймээс Төвөдийн шашин, улс төрийн удирдагчийн үүрэг хариуцлагыг хүлээн авснаасаа хойш ардчилсан засаглал тогтоохын төлөө шаргуу ажилласан юм. Харамсалтай нь БНХАУ-ын хатуу дарангуйллын улмаас бид энэ зорилгодоо хүрч чадаагүй билээ.
Гэвч эх орноосоо дүрвэн гарсныхаа дараахан бид засаглалынхаа бүтцэд нухацтай бодож боловсруулсан шинэчлэл хийж, сонгуулиар бүрдсэн парламент байгуулсан. Дүрвэн суугаа ч төвөдүүдийн нийгэмлэгийг ардчилах үйл явц амжилттай урагшилсаар ирлээ. Өнөөдөр хилийн чанадад амьдарч буй төвөдүүд өөрийн дүрэмтэй захиргаа, ард түмний саналаар сонгогдсон удирдлагатай болж, жинхэнэ утгаараа орчин үеийн ардчилсан тогтолцоонд бүрэн шилжээд байна. Төвөдийн ард түмэн улс орныхоо төлөө үүрэг хариуцлага хүлээхэд бэлэн, чадвартай болсон нь бидний бахархах зүйл мөн.
Ардчилсан тогтолцоог бий болгохыг би тууштай дэмжиж ирсэн нь Төвөдийн ирээдүйн засаглал бат бөх, тогтвортой байх ёстой гэж үзсэнтэй минь холбоотой. Энэ нь би үүрэг хариуцлага хүлээхээс цааргалсан, эсвэл хариуцлагаас зайлсхийх гэсэн хэрэг огт биш юм. Бид тэмцлээ үргэлжлүүлэхдээ түүх, өнгөрсөн туршлагаасаа сургамж авч, дэлхий дахины өнөөгийн нөхцөл байдлыг сайтар ойлгох нь нэн чухал. Төвөд хүн бүр Хилийн чанад дахь Төвөдийн төв захиргаагаа дэмжиж, улам бэхжүүлэх учиртай. Ингэснээр Төвөдийн асуудал шийдэгдэх хүртэл бид дүрвэн суугаа газар орондоо соёлын өвөө хадгалж хамгаалж чадна.
Эх орноосоо дүрвэн гарснаас хойш бид Төвөдийн ирээдүйтэй холбоотой улс төрийн чухал шийдвэр гаргахдаа ард түмнийхээ санал бодлыг сонсож, ардчилсан тогтолцооны үндсэн зарчмуудыг хэрэгжүүлж ирсэн. Өнөөдөр бидний баримталж буй, хоёр талд харилцан ашигтай “Төв үзэл”-ийн бодлогыг 1970-аад оны эхээр боловсруулсан юм. Ингэхдээ парламентын дарга зэрэг төвөд ард түмнийг төлөөлсөн удирдагчидтай олон удаа нухацтай зөвлөлдөж, хэлэлцсэн билээ. Түүнчлэн Төвөдийн ард түмэн эцсийн шийдвэрийг өөрсдөө гаргана гэдгийг би Страсбургийн саналдаа тодорхой дурдсан.
1993 онд БНХАУ-тай харилцаа тасарсны дараа бид бүх нийтийн санал асуулга явуулах тухай саналыг дүрвэн суугаа төвөдүүдийн дунд хэлэлцүүлж, санал бодлыг нь судалсан. Мөн Төвөдөд амьдарч буй иргэдээс боломжтой хэмжээнд санал авч байлаа. Уг бүх нийтийн санал асуулгаар төвөд ард түмэн эрх чөлөөний төлөөх тэмцлийнхээ цаашдын чиглэлийг өөрсдийн хүсэл зоригт бүрэн нийцүүлэн тодорхойлох учиртай байсан юм. Харин санал бодлын судалгааны дүн болон Төвөдөөс ирсэн саналуудыг үндэслэн, дүрвэн суугаа төвөдүүдийн парламент бүх нийтийн санал асуулга явуулахгүйгээр энэ асуудлаар цаашид өөрийн үзэмжээр шийдвэр гаргах эрхийг надад олгосон тогтоол баталсан билээ.
Ийнхүү бид өнөөг хүртэл “Төв үзэл”-ийн бодлогыг баримталж ирсэн бөгөөд 2002 онд БНХАУ-тай харилцаагаа сэргээснээс хойш найман удаа хэлэлцээ хийлээ. Энэ бодлого олон улсын хамтын нийгэмлэгийн өргөн дэмжлэгийг авч, Хятадын олон сэхээтэн ч дэмжиж ирсэн. Гэвч Төвөдийн нөхцөл байдалд нааштай өөрчлөлт гарсангүй. Үнэндээ БНХАУ-ын Төвөд болон төвөдүүдэд хандах бодлого урьдын хэвээр байна.
2007 онд БНХАУ-ын албан тушаалтнуудтай зургаа дахь удаагийн хэлэлцээ хийсний дараа ойрын хугацаанд дахин хэлэлцэхээр төлөвлөөгүй байсан юм. Гэвч энэ оны 3 дугаар сарын үйл явдлын дараа Төвөдөд үүссэн нөхцөл байдал яаралтай шийдэл эрэлхийлэхийг шаардаж байлаа. Тиймээс бид боломжтой бүх арга замыг ашиглахын тулд тавдугаар сарын эхээр албан бус уулзалт хийж, 7 дугаар сард долоо дахь, 11 дүгээр сарын эхээр найм дахь удаагийн хэлэлцээг зохион байгуулсан. Гэсэн ч бодитой ахиц гарсангүй.
Энэ оны 3 дугаар сард Чолха-Сүм хэмээн нэрлэдэг Үй-Цан, Хам, Амдо гэсэн Төвөдийн гурван нутгийн өнцөг булан бүрд ард иргэд БНХАУ-ын бодлогод олон жилийн турш хуримтлагдсан дургүйцлээ илэрхийлсэн. Тэдний дунд хөгшин залуу, эрэгтэй эмэгтэй, лам хувраг, энгийн иргэд, сүсэгтэн болон сүсэг бишрэлгүй хүмүүс, сурагч оюутнууд гээд нийгмийн бүхий л давхаргынхан байлаа. Тэд амь насаа үл хайрлан, тайван замаар, хууль ёсны хүрээнд зоригтойгоор үзэл бодлоо илэрхийлсэн юм.
Тэр үед БНХАУ-ын Засгийн газар Төвөдийн бодит нөхцөл байдлыг харгалзан үзэж, асуудлыг шийдвэрлэх гарц олно гэж би найдаж байлаа. Гэвч Хятадын Засгийн газар төвөдүүдийг “салан тусгаарлагчид”, “эсэргүү этгээдүүд” хэмээн буруутгаж, үүнийгээ шалтаг болгон тэднийг харгисаар дарсан. Ийнхүү төвөд ард түмний санал бодол, хүсэл тэмүүллийг огт үл ойшоож, няцаасан юм.
Тэр хүнд цаг үед би төвөдийн ард түмэндээ гүнээ санаа зовниж, хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарлан, олон улсын хамтын нийгэмлэг болон Хятадын талд нөлөөлөхийн тулд өөрийн боломжтой бүхнийг хийсэн. Тэр ч байтугай БНХАУ-ын дарга Ху Жиньтаод өөрийн биеэр захидал бичсэн билээ. Гэвч миний хүчин чармайлт бараг үр дүнд хүрсэнгүй.
Тухайн үед Бээжингийн олимптой холбоотой асуудал бүх нийтийн анхаарлын төвд байсан тул ард иргэдтэй өргөн хүрээнд зөвлөлдөхөд тохиромжгүй гэж үзсэн юм. Харин одоо цаг үе нь илүү тохиромжтой болсон учраас хилийн чанадад суугаа төвөдүүдийн дүрмийн 59 дүгээр заалтын дагуу тусгай уулзалтыг ойрын хугацаанд хуралдуулах хүсэлтийг 9 дүгээр сарын 11-нд ард түмнээс сонгогдсон манай удирдлагад тавьсан. Уулзалтад оролцогчид төлөөлж буй хүмүүсийнхээ санал бодлыг урьдчилан сонсож, нэгтгэн авчирч танилцуулна гэж найдаж байна.
Энэ жил Төвөд даяар ард иргэдийн үзүүлсэн бахархам эр зориг, дэлхий дахины өнөөгийн нөхцөл байдал, мөн БНХАУ-ын Засгийн газрын буулт хийхээс татгалзсан байр суурийг бид сайтар харгалзан үзэх ёстой. Уулзалтад оролцогч хүн бүр төвөд иргэний хувьд эрх тэгш, хамтын ажиллагаа, хамтын хариуцлагын зарчмыг баримтлан, Төвөдийн үйл хэргийг урагшлуулах хамгийн оновчтой арга замыг нухацтай хэлэлцэх учиртай.
Энэ уулзалт нээлттэй, чөлөөтэй уур амьсгалд өрнөх ёстой. Талцсан маргаанаас зайлсхийж, харин төвөд ард түмний хүсэл тэмүүлэл, үзэл бодолд гол анхаарлаа хандуулах хэрэгтэй. Холбогдох хүн бүрийг хамтран ажиллаж, өөрийн чадах бүхнээр хувь нэмрээ оруулахыг уриалж байна.
Энэхүү тусгай уулзалтыг төвөд ард түмний жинхэнэ санал бодол, байр суурийг чөлөөтэй, илэн далангүй хэлэлцүүлгээр дамжуулан сонсож, ойлгох боломж бүрдүүлэх зорилгоор хуралдуулж байгаа юм. Уулзалтаар урьдчилан тогтоосон ямар нэгэн шийдвэр гаргахыг зорьж байгаа хэрэг огт биш гэдгийг хүн бүр тодорхой ойлгох учиртай.
ДЭЭРХИЙН ГЭГЭЭН ДАЛАЙ ЛАМ
2008 оны 11 дүгээр сарын 14
Төвөд хэлнээс орчуулав.










