Энэтхэг, Ладак муж, Лех хот, Шивацал - Өнөөдөр хурц нарны доор Шивацал Повраны зэргэлдээх Дүйнхорын талбайд 50,000 гаруй хүн хоёр дах өдрөө цугларлаа. Тэдний зорилго Дээрхийн гэгээн Далай ламын урт наслахын төлөө залбирах явдал байв. Ладакийн уламжлалт бөмбөрчид, бүрээчдийн баг угталтын аялгуу тоглож байх үед Дээрхийн гэгээн өргөөнөөсөө хөдлөн, талбайн үзүүрт байрлах асарт хүрлээ. Өнөөдрийн ёслолыг Ладакийн Буддын холбоо, Ладакийн Гомпа холбоо нар хамтран зохион байгуулж байна.
Дээрхийн гэгээн гольфын тэрэгнээс бууж, асарт ороод, юун түрүүнд сэнтийн хойно байх Бурхан багшийн хөрөгт хүндэтгэл үзүүлэв. Тиксэй ринбүүчи урагш гарч ирэн, түүнийг угтан авлаа. Сэнтийдээ залрахаасаа өмнө Дээрхийн гэгээн тайзны урд ирэн, цугласан олныг тогтон хараад, даллан мэндчилэв.
Дээрхийн гэгээний урт наслахын төлөө бат оршил өргөх ёслол "Бурхан багшийн магтаал"-аар эхэллээ. Цай, ёслолын бэрээс тараасны дараа Бурхан багш болоод бодьсадва нарыг урин дуудаж, угаал, нэг шадны хураангуй мандал өргөв.
Өнөөдрийн Дээрхийн гэгээнд бат оршил өргөх зан үйл нь Бурхан багшийн сургаалыг сахин хамгаалах тангараг өргөн, гэгээрсэн бодгалиуд болох “Арван зургаан Архад буюу Арван зургаан Ахмадын магтаал”-д үндэслээжээ. Үүний дараа долоон гишүүнт тахил, залгуулаад тахилын идээ өргөхөд Дээрхийн гэгээн хэсгийг авч амсав.
Ладакийн буддын холбоо, Ладакийн Гомпа холбооны төлөөлөгчид Дээрхийн гэгээнд хүндэтгэл үзүүлэв. Тиксэй ринбүүчи мандал өргөж, Бурхан багшийн лагшин, зарлиг, тааллын бэлгэдэл, лам дээл, жимс дүүрэн бадар аяга, хуврагийн таяг тэргүүтнийг Дээрхийн гэгээнд барихад тэрбээр хүндэтгэж буйн тэмдэг болгон тус бүрийг нь магнайдаа хүргэв. Дээрхийн гэгээнийг урт наслахыг хүсэн ерөөж, өлзийт найман тахил, хаан төрийн долоон эрдэнэ, өлзийт найман зай бүхий царыг өргөн барилаа.
Дээрхийн гэгээний хоёр багшийн зохиосон 'Үхэшгүй мөнхийн дуулал - Дээрхийн гэгээн Далай ламын урт наслахын тухайд өргөх дэлгэр залбирал”-ыг унших үед өргөл барьц барьсан нутгийн иргэдийн урт цуваа тайзны урдуур явж өнгөрөв. Залбиралд:
Цастын орныг хамгаалагч Данзанжамцын өлмийд
Чин сэтгэлийн угаас сүслэн мөргөе.
Та бээр зуун галавт оршин
Алин бидний санасан үйл
Ашид саадгүй бүтэхийг адислаж хайрла.
Ингээд Дээрхийн гэгээн цугласан олонд хандан айлдвар айлдлаа.
"Номын ах эгч, дүү нар минь, миний хэлэхийг хүсэж буй зүйл бол Ладак нутгийнхан болон өөр газраас ирсэн лам хувраг, энгийн хүмүүс намайг урт удаан наслахын төлөө чин сүсгээр энэхүү бат оршилыг өргөхөөр цуглажээ. Төвөдүүд, Төвөдийн буддын шашны уламжлалыг дагадаг Хималайн бүс нутгийн хүмүүс намайг урт наслаасай хэмээн залбирахаар цугласан байна.
Миний хувьд Домэй буюу Амдод төрөөд, Төвөдийн төв нутаг рүү нүүсэн. Төвөдийн ард түмэн болоод сахиуснууд надад чин бишрэлээр итгэл хүлээлгэсэн билээ. Тиймээс би Төвөдийн ард түмэн, бурхдад үйлчлэх үүрэг хариуцлагыг үүрч ирлээ. Би амьдралдаа хүнд хэцүү нөхцөл байдалтай олон тулгарч, олон сорилттой нүүр тулж байв”.
Энэ үед өргөлийн цувааны төгсгөлд явсан нэгэн настан адис хүртэхээр гарч ирэхдээ давхарласан хоёр малгай өмссөн байхыг Дээрхийн гэгээн хараад инээд алдлаа. Настны араас Төвөдийн далбаа барьсан хүн ирж, далбаагаа Дээрхийн гэгээнд өргөн барив.
“Төвөдийн үйл хэргийн төлөө зүтгэхэд минь номын их хаан Найчун чойжин зэрэг Төвөдийн тангараг өргөсөн хамгаалагч сахиуснууд надтай хамт байсан юм. Төвөдийн сахиуснууд Найчунгийн удирдлага дор хүмүүс бидэнтэй зэрэгцэн ажилласан. Төвөдөд би голчлон Потала ордон, зуны ордон Норбулинкад амьдарч, Төвөдийн ард түмэн, соёл уламжлалд хүчин зүтгэж байв. Би Төвөд орон, Төвөдийн шашны төлөө чин сэтгэлээсээ үүрэг хариуцлага хүлээсэн. Энэ бүх жилд би Төвөдийн үйл хэрэгт туслахыг ертөнцийн болон ертөнцөөс хэтийдсэн сахиуснуудаас гуйж, тэдгээр сахиуснууд бидэнд туслахын тулд чадах бүхнээ хийсэн билээ.
Миний хувьд гэвэл багаасаа багш нарынхаа удирдлага дор буддын шашныг судалсан билээ. Хураангүй хүрээ (дүйра)-нээс авхуулаад Оюун хийгээд ухамсар, логик, Билиг барамид, Төв үзэл (мадхямака) болоод Дээд мэдлэг (авидхарма) зэргийг судалсан ч зарим зүйл дээр эргэлзэх явдал бий. Ямартай ч би Төв үзлийн гүн ухаан, мэдлэгийн мөн чанар болоод логик, танин мэдэхүйн онол зэргийг судалсан нь уламжлалын минь гайхалтай хэсэг билээ.
Харин өнөөдөр дотоод сэтгэлийн шинжлэх ухаан, оюун ухаан, сэтгэл хөдлөлийн үйл ажиллагааг ойлгох тухайд орчин үеийн эрдэмтэд хүртэл манай уламжлалаас суралцах хүсэлтэй байна.
Би Төвөдөд хорь гаруй жил амьдарч, олон сорилттой тулгарч билээ. Бээжинд Мао Зэдун даргатай уулзаж, өөр өөр суртал, гүн ухааны бодолтой болохыг ч ойлгож авч байлаа. Төвөдөд үүссэн үймээн самууны улмаас эх орноосоо дүрвэхээс өөр аргагүйд хүрч, тэр цагаас хойш Энэтхэгт тав тухтай амьдран сууж байна.
Надад Бурхан багшийн сургаалыг хадгалан хамгаалахад хувь нэмэр оруулж, надаас зөвлөгөө авахаар дэлхийн өнцөг булан бүрээс зорин ирдэг хүмүүст үйлчлэх боломж олдсон билээ. Хүмүүс намайг оюун санааны багшийн хувьд хүндэлдэг. Шашин шүтдэг эсэхээс үл хамааран олон хүн миний хийсэн зүйлийг бахдан биширдэг билээ”.
"Амьдралын минь туршид олон хүн надад шууд болон шууд бусаар итгэл хүлээлгэж, би ч тэдэнд тус болохын төлөө залбирсаар байна. Иймээс би та бүхэнтэй "Дашидэлэг" хэмээн мэндчилье.
Ертөнцийн үйл, оюун санааны сургаал номлолын тал дээр би юу ч хийж чадсан бай та бүхэн миний урт наслахын төлөө энд цугларч, залбирал үйлдлээ. Та бүхэн намайг урт наслахыг ерөөсний адил би ч мөн та бүгдийн хүсэл биелэхийн төлөө залбиръя. Энэ залбирал өргөлийг өргөсөн та бүхэнд машид талархаж, та бүгдийн залбирч хүссэн бүхэн ая дангаар бүтэх болтугай хэмээн залбиръя. Баярлалаа. Дашидэлэг.
Тэмдэглэж хэлүүштэй нэг зүйл бол дэлхийн хамгийн олон хүн амтай орнуудын нэг болох Хятадад өнөөдөр буддын шашныг сонирхох нь ихсэж байна. Өмнө нь тэд намайг эсэргүүцэгч гэх зэргээр нэрлэдэг байсан ч би хэнд ч өс санаж, муу бодлыг тээж явсангүй.
Түүхийн талаас Соронзонгомбо хааны үеэс бид Хятад улстай нягт холбоотой байсан билээ. Хятадын ард түмэн буддын шашныг сонирхох тусам буддын шашин жамаараа түгэн дэлгэрэх бөгөөд энэхүү хөгжилд чадах чинээгээрээ хувь нэмрээ оруулахдаа би баяртай байх болно.
Сэхээрсэн бодь сэтгэлийг хөгжүүлэхийг би өдөр тутмынхаа дадал болгосон юм. Мөн энэ дадлаа бэхжүүлэхийн тулд би бас хоосон чанарыг бясалгадаг. Бурхан багшийн гүн гүнзгий, өргөн цар хүрээт сургаал дэлхий даяар, тэр дундаа Хятадад түгэн дэлгэрэх тусмаа дэлхий нийтийг энх тайван, эв найрамдалд хөтөлнө хэмээн найдаж байна. Мөн Хималайн бүс нутгийн хүмүүс амар тайван амьдарч, Энэтхэг, Төвөдийн хилийн бүс энх тайван, амар амгалан байгаасай хэмээн хүсэж байна. Энэ бүхэн биелнэ гэдэгт би итгэж байна.
Та бүхэн намайг урт наслах болтугай хэмээн залбирахаар чин сүсэг, итгэл бишрэлтэй дүүрэн энд цугласан тул би ч мөн урт наслахын төлөө эрс шийдвэртэй залбирах болно" хэмээхэд сүсэгтэн олон нижигнүүлэн алга ташив.
Эхлээд Ладакийн дуучид, хөгжимчдийн хамтлаг, түүний дараа нутгийн Төвөдийн Хүүхдийн тосгоны хүүхдүүд Дээрхийн гэгээний ерэн насны ойд зориулан дуу дуулж, урт наслахыг ерөөлөө. Төвөдийн Хүүхдийн тосгоны хүүхдүүд Дээрхийн гэгээнд талархан халуун дулаан сэтгэлийг төрүүлэх амлалт өгснөөр тоглолтоо эхлүүлжээ.
Үйл ажиллагааны төгсгөлд Арван зургаан ахмад, Дөрвөн махранзыг дахин урин дуудаж, багш урт насалж, ном сургаал улам дэлгэрэх болтугай хэмээх хүсэлтийг айлтгалаа. Гандан Тива, Жавзан Лувсан Доржэ ринбүүчи нар Дээрхийн гэгээнийг урт наслахыг хүссэн хүсэлтийг нь хүлээн авсанд талархан, талархлын мандал өргөв. Өлзий дэмбэрэлт залбирал ерөөлийн араас Дээрхийн гэгээний урт наслахын төлөөх нэгэн шадыг уншсанаар өнөөдрийн арга хэмжээ өндөрлөсөн юм.
Цаст уулсаар хүрээлэгдсэн энэ л орон газарт
Тус ба амгалан бүхэн гарахуйн орон болсон
Жанрайсиг бурханы эрхэт Данзанжамц таны
Өлмийн лянхуа орчлонгийн эцэс хүртэл бат орших болтугай!
Англи хэлнээс орчуулсан Б.Одгэрэл