Редакцийн нийтлэл – “The Boston Globe”
Өнөөдөр ерөнхийлөгч Буш өнөөдөр Дээрхийн гэгээн Далай ламд Конгрессын Алтан медалийг гардуулах гэж байгаа бөгөөд энэ алхам нь АНУ, Хятадын харилцаанд хэдийн зөрчил үүсгээд байна. Гэсэн хэдий ч энэ бол хийх нь зүйтэй, үнэ цэнтэй алхам юм. Харин Хятадын удирдагчид болоод Дээрхийн гэгээн Далай ламын төлөөлөгчдийн хооронд Төвөдийн өөртөө засах эрхийг бүрдүүлэх талаар үр өгөөжтэй яриа хэлэлцээ хийхэд хүргэх алхам болж чадсан цагт л энэхүү шийдвэрийн жинхэнэ үнэ цэнэ бүрэн хэрэгжинэ.
Хамгийн сайн хувилбар нь Буш болон Дээрхийн гэгээн Далай ламд энэхүү хүндэтгэлийг олгохоор санал өгсөн Конгрессын гишүүд хилийн чанадад буй оюун санааны удирдагчийн хүчирхийллийн бус арга зам, энэрэн нигүүлсэхүйн талаарх гүнээ итгэдэг үзэл санаанаас мөн суралцах явдал байлаа. Энэ нь Хятадтай ямар ч холбоогүй үйл явдлын бэлгэдлийн нэг тал байх юм. Өөрөөр хэлбэл, америкийн улс төрийн удирдагчид асуудлыг шийдвэрлэхдээ дайнд найдах хандлага, хүлэмжийн хийнээс үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлтийн аюул занал, хүн төрөлхтний гэр бүл дэх ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөх хүлээцтэй байдлын талаар нухацтай эргэцүүлэн бодохыг илэрхийлж байна.
Хятадын Гадаад хэргийн сайд Ян Жьечи уг шагналыг гардуулахыг “эрс эсэргүүцэж” буйгаа илэрхийлээд, хэрэв хятадын эсэргүүцлийг үл тоомсорловол нийслэл дэх Капитолын Ротундад болох өнөөдрийн ёслол Бээжин, Вашингтоны харилцаанд “маш ноцтой нөлөө” үзүүлж болзошгүйг анхааруулжээ. Төвөдийн бүс нутгийн Коммунист намын тэргүүн Зан Цинли бүр ч дипломат бус өнгө аясаар байр сууриа илэрхийлэв. Тэрээр “Хэрэв Дээрхийн гэгээн Далай лам ийм шагнал хүртэж чаддаг юм бол дэлхий ертөнцөд шударга ёс, сайн хүмүүс гэж байхгүй болж таарна” хэмээн хэлжээ.
Хятадын албаны хүмүүсийн гаргаж буй эдгээр ууртай гомдол, сүрдүүлгийг Дээрхийн гэгээн Далай лам болон Төвөдийн хилийн чанадад буй Засгийн газрын талаар тэдний байнга давтан сурталчилдаг үзэл санааны хүрээнд авч үзэж байж л зөв ойлгоно. Дээрхийн гэгээн Далай лам нэгдмэл Хятад улсын бүрэлдэхүүнд Төвөдийн өөртөө засах эрхэд тулгуурласан шийдлийг чин сэтгэлээсээ дэмжиж буйгаа олон нийтэд удаа дараа илэрхийлсээр ирсэн хэдий ч хятадын эрх баригчид түүний Төвөдийн өөртөө засах эрхийг илүү өргөн хүрээнд хэрэгжүүлэх тухай яриаг заль мэх, халхавч төдий зүйл хэмээн үзсээр байна. Тэд Дээрхийн гэгээн Далай ламыг үнэн хэрэгтээ тусгаар тогтносон Төвөдийг Хятадын эх орноос салгахыг хүсэж буй “салан тусгаарлагч” хэмээн үздэг билээ.
Дээрхийн гэгээн Далай ламын төлөөлөгчид хятадын албаны хүмүүстэй үе үе хийдэг яриа хэлэлцээрийн үеэр санал болгож буй өөртөө засах эрхийн хүрээнд төвөдийн ард түмэн өөрсдийн хийд, шашны байгууллагуудыг удирдах, өөрийн онцлог хэлээ хадгалан үлдэх мөн Төвөд дэх төвөдүүдийн боловсролд тодорхой хэмжээгээр хяналт тавих эрхтэй байх асуудлууд багтах юм.
Бодит байдал дээр төвөдүүд хятадын хатуу колоничлох бодлогыг хүлээн зөвшөөрөхгүй. Ирээдүйн хамгийн сайн найдвар нь ирэх сард Харвардын Их Сургуульд болох “Төвөдийн өөртөө засах эрх” сэдэвт хурал зэрэг, хятад, төвөдийн эрдэмтдийг нэг дор цуглуулах уулзалтуудад оршиж магадгүй юм. Сүүлийн үед хятадын залуучуудын дунд төвөдийн соёл ихээхэн сонирхол татах сэдэв болжээ. Алсын хараатай хятадын удирдагчид Төвөдийн өөртөө засах эрх, өвөрмөц онцлогийг хүндэтгэн хамгаалах нь тус улсын үндэсний эрх ашигт нийцнэ гэдгийг ойлгох учиртай.










