Амаравати, (www.tibet.net) – Өчигдөр үдээс хойш Андра Прадеш мужийн ерөнхий сайд, доктор Й.С.Раджасекхара албаны хүмүүсийн хамт Дээрхийн гэгээн Далай ламтай номын айлдварын дараа уулзлаа. Тэрбээр Амаравати нь 2550 жилийн өмнө Бурхан багш анх удаа Дүйнхорын ван айлдаж асан ариун дагшин газар, мөн өөрийнх нь төрсөн нутаг болохыг дурдав. Энэ орон газарт Дүйнхорын ван айлдсан Дээрхийн гэгээн Далай ламд өөрийн зүгээс болон Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлэв.
Мөн тэрээр дүүргийн сайд нар, парламентын гишүүд, хууль тогтоогчид болон бусад удирдагч нарт энэ арга хэмжээнд бүхий л хэрэглээгээр ханган саад бэрхшээлгүй амжилттайгаар явуулсанд нь баяр хүргэв. Тэрбээр Андра Прадеш мужийг олон улсын буддын төв, шашны аялал жуулчлалын төв болгоно гэж найдаж байгаагаа хэллээ. Дээрхийн гэгээн доктор Раджасекхарад болон мужийн ард иргэдэд халуун дотноор хүлээн авч, найрсаг сайхан хандаж, Дүйнхорын вангийн бүхий л бэлтгэл ажил болон ёслолд санаа тавьж дэмжин тусалсанд нь талархал илэрхийллээ.
Тэрээр тухайн газарт баригдаж буй Бурхан багшийн сэрэг дүрийг бүтээж дууссаны дараа дахин Амараватид зочлох хүсэлтэй буйгаа илэрхийлж, тус мужийг олон улсын буддын төв болгоход нь амжилт хүсэв. Үүний дараа Дээрхийн гэгээн Далай лам, доктор Раджасекхара нар Бурхан багшийн сэрэг дүрийг барьж байгуулж буй талбайд зочилж, Дээрхийн гэгээн адис хүртээв. Дараа нь Дээрхийн гэгээний өөрийн гараар мод суулгасан музейд зочлов.
Дүйнхорын вангийн зэхэл үйл буюу урьдчилсан ван 1-р сарын 8-ны өглөөний 8:30 цагт эхэлж, 12:00 цаг хүртэл үргэлжилсэн бөгөөд эхний хоёр өдөр 100,000 гаруй хүн оролцов. Номын айлдварын үеэр Дээрхийн гэгээн буддын шашны талаарх ерөнхий ойлголт болон буддын гүн ухаан, шинжлэх ухаан хоёрын хоорондын холбогдлын талаар айлдав.
Эхний өдрийн айлдварын дараа Төвөдөөс ирсэн хүмүүсийг хүлээн авч уулзав. Энэ үеэр Дээрхийн гэгээн ардчилсан сонгуулиар сонгогдсон Төвөдийн төв захиргааны тэргүүнээс улс төрийн асуудлаар эх орон нэгтнүүддээ мэдээлэл өгөхийг хүслээ. Дараа нь Төвөдийн төв захиргааныханд нутагт нэгтнүүдтэй ардчилал, тус захиргааны үйл ажиллагааны талаар тусгайлан ярилцахыг уриалаад, “Энэ нь ямар нэгэн улс төрийн суртал ухуулга биш, Хятад улсад чиглэсэн эсэргүүцэл биш, харин бидний тэмцлийн тухай бодит тайлан бөгөөд энэ тайланг Төвөдийн жинхэнэ эзэд болох ард иргэдэд хүргэж буй хэрэг” гэж онцоллоо.
Дээрхийн гэгээн Төвөдөд буй эх орон нэгт төвөдүүд үнэт эдлэл зүүж, амьтны арьсаар хийсэн тансаг хувцас өмссөн зургуудыг харсан тухайгаа дурдаад, энэ бүхэн илүүц бөгөөд хүн гадаад үзэмждээ бус дотоод хөгжилдөө анхаарах хэрэгтэйг сануулав.
Орчуулсан: Н.Долгар