АНУ, Массачусетс муж, Бостон хот. 2009 оны 5 дугаар сарын 5 (The Boston Globe сонины редакцын өгүүлэл).
Өнгөрсөн долоо хоногт Кембриж хотын Чарльз зочид буудалд болсон уулзалтаар Дээрхийн гэгээн болон хятадын 100 гаруй эрдэмтэн ярилцаж, үндэслэлгүй өрөөсгөл ойлголт, үзэл суртлын хоосон ухуулгыг даван туулж болдгийг харууллаа. Хятадын эрдэмтдэд засгийн газрын оролцоогүйгээр Төвөдийн оюун санааны удирдагчтай нүүр тулан уулзах боломж хэрэгтэй байв.
Уулзалтыг зохион байгуулагч, Харвардын Хуулийн сургуулийн ахлах судлаач Лувсансэнгэ хамгийн энгийн дүрмийг тогтоожээ. Үүнд, харилцан хүндэтгэлтэй ярилцах, хэлэлцүүлэг дуусах хүртэл гэрэл зураг авахгүй байх зэрэг багтсан байв. Харвардын Их Сургуулийн Хятадын түүх, философи, Күнз судлалын профессор, хэлэлцүүлгийн хөтлөгч Ту Вэймин бүх талд хандан үзэл бодлоо чөлөөтэй солилцож, ялгаатай байдлаа хүндэтгэн хүлээн зөвшөөрч, бусдыг өөрийн үзэлд оруулах гэж оролдохоос татгалзахыг уриалав.
Гэвч оролцогчдод ийм зааварчилгаа төдийлөн шаардлагатай байсангүй. Хятадын эрдэмтэд хүндэтгэлтэй, нээлттэй хандсан бөгөөд төвөдийн ард түмэн, Төвөд, Хятадын харилцааны түүх, Дээрхийн гэгээн Далай ламын үүргийн талаар урьд нь буруу ойлголттой явснаа ч хүлээн зөвшөөрч байлаа. Харин төвөдийн буддистуудын оюун санааны удирдагч өөрөө хагас зуу гаруй жилийн өмнө Бээжинд Мао Зэдун даргатай гурваас дөрвөн цаг үргэлжилсэн олон уулзалт хийж байснаа дурсахад залуу хятад эрдэмтэд машид гайхширсан бололтой.
Дээрхийн гэгээн Далай лам нэгэн цагт социализмын ёс суртахууны зарчим, ялангуяа баялгийг тэгш хуваарилах үзэл санаанд татагдаж, бүр хятадын Коммунист намд элсэх хүсэлт гаргаж байснаа хэлэхэд зарим сонсогч инээд алджээ. Харин өнөөдөр хятадад коммунист үзэл сурталгүй эрх баригч Коммунист нам байна хэмээн хэлэхэд хэн ч эсэргүүцэж, гайхсан байдал үзүүлсэнгүй.
Албан ёсны зуучлал, нөлөөллөөс ангид нөхцөлд эрдэмтэд Дээрхийн гэгээн Далай ламын байр суурийг шууд сонсох боломжтой байв. Тэрбээр Хятад улс Төвөдөд материаллаг хөгжил дэвшил авчирсныг сайшааж буйгаа илэрхийлсэн ч үүний зэрэгцээ үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, шашин шүтэх эрх чөлөөгөө эдэлж чадахгүй, айдас хүйдсээс ангид амьдрах боломжгүй байгаагаас төвөдийн ард түмэн зовж шаналсаар байгааг онцолжээ.
Төвөдөд өөртөө засах эрх олгох асуудлыг улс төрийн тусгаар тогтнолоос ялгаж тайлбарлахдаа тэрбээр 2008 оны 3 дугаар сард төвөдийн өндөрлөгт хүчирхийлэлтэй мөргөлдөөн гарсны дараахан мөн оны зун өөрийн элч төлөөлөгчид хятадын албаныханд ямар хүсэлт тавьсныг тайлбарлав. Түүний хэлснээр, тэд Хятадын Үндсэн хуульд үндэсний цөөнхөд амласан эрхтэй нийцсэн өөртөө засах эрхийн хэлбэрүүдийг л хүссэн байна. Ялангуяа төвөд хэл, соёл, шашнаа хадгалан хамгаалах эрхийг чухалчилжээ. Гэвч хятадын албаныхан түүнийг Төвөдөд тусгаар тогтнол шаардаж байна хэмээн худал буруутгаж, худалч, чөтгөр хэмээн нэрлэжээ.
Уулзалтын дараа Дээрхийн гэгээн Далай ламыг тойрон цугларч, түүнтэй хамт зургаа татуулж байсан хятад эрдэмтэд Бээжингийн суртал ухуулгад дүрсэлдэг хүн нь Дээрхийн гэгээн Далай лам биш гэдгийг одоо мэдэж авсан биз ээ.










