Австрали улс, Сидней хот. 2007 оны 6 дугаар сарын 14. Сидней хотын Төвөдийн нийгэмлэгийн олон зуун хүн Сиднейн онгоцны буудалд XIV Далай ламыг угтан авахаар цугларчээ. Энэ өглөө онгоцны буудлын танхимд лам хуврагууд, төвөдүүд, сүсэгтэн олон Дээрхийн гэгээнийг угтан авахаар урт цуваа болон хүлээж байв. Цугларсан олны олонх нь үндэсний хувцсаа өмсөж, энэрэн нигүүлсэхүй, энх тайвны бэлгэдэл болсон цаасан бадамлянхуа цэцэг барьсан байлаа.
Далай лам танхимд морилон орж ирэхэд цугласан олон нам гүм болж, түүнд хүндэтгэл үзүүлэн мэхийжээ.
Тэрбээр цугласан олонтой мэндчилснийхээ дараа хэвлэлийн бага хуралд үг хэлж, өөрийн “хүний үнэт зүйлс” хэмээн нэрлэдэг зүйлсийг эрхэмлэх нь сэтгэл санаа болоод бие махбодын сайн сайхан байдлын түлхүүр болохыг онцлов. “Би хүний үнэт зүйлс гэж хэлэхдээ заавал шашны итгэл үнэмшлийг хэлж байгаа юм биш. Харин энэрэнгүй, халуун сэтгэлтэй байх, хамтын нийгэмлэгийн мэдрэмжтэй байх зэрэг зүйлсийг би ихэвчлэн шашны бус ёс зүй гэж нэрлэдэг” хэмээн айлджээ.
Дээрхийн гэгээн Далай лам Сиднейд байх хугацаандаа Австрали болон бусад улс орноос ирсэн илтгэгчдийн хамтаар “Аз жаргал ба түүний шалтгаан” сэдэвт олон улсын бага хуралд оролцох юм.
Ерөнхий сайд Жон Ховард Далай ламтай уулзаж, хэлэлцээ хийхгүй хэмээн мэдэгдэж байсан хэдий ч маргааш түүнтэй уулзахаар болжээ.
Дээрхийн гэгээн энэ Баасан гарагт “The Domain” талбайд болох “One Earth” хүндэтгэлийн тоглолтын хүндэт зочноор оролцох аж. Далай лам Сиднейд 3 хоног айлчлал хийхээр төлөвлөжээ.










