Энэтхэг улс, Жамму Кашмир муж, Лех хот. Дээрхийн гэгээн энэ өдөр айлдварынхаа хоёр дахь өдөрт зориулан номын талбайд эртлэн ирлээ. Өчигдрийн хичээл удиртгал яриа илүүтэй байсан бол өнөөдрөөс үндсэн сургаал, номын тайлбараа эхлэх юм. Маргааш сүсэгтэнд оолонд сахил хүртээх, бодь сэтгэлийг үүтгэх үйл болоод Бодьсадвын тангараг өргөх ёслолыг удирдахаас гадна Жанрайсиг бурхны авшиг хүртээнэ.

Бодьсадвын тангараг өргөх болон авшиг хүртэх нь багш, шавийн хооронд маш нарийн барилдлага үүсгэдэг учраас Дээрхийн гэгээн өмнө нь ч хэлж байсанчлан, хорлолт сүнс болох Шүгдэнгийн талаар ярих хэрэгтэй байгаагаа хэллээ. Дээрхийн гэгээн хэлэхдээ, хэрэв одоог хүртэл Шүгдэнд итгэж, шүтсээр байгаа хүн байвал түүнтэй багш шавийн барилдлага тогтоохгүй байсан нь дээр гэдгийг анхаарууллаа. Тэрээр өөрийгөө болон түүний баруун гар талд сууж буй Гандан Ширээт ринбүүчи, Ризон ринбүүчи нарыг ч өмнө нь Шүгдэнг тахиж шүтдэг байсныг хүлээн зөвшөөрсөн юм. Гэвч Дээрхийн гэгээн өөрийн нарийн шинжилгээ, судалгааны үндсэн дээр ингэж шүтэх нь зохисгүй болохыг тогтоож, хоёулаа шүтэхээ зогсоосон тухайгаа тайлбарлав.
Шүгдэн нь V Далай ламын үед үүссэн бөгөөд тэрээр энэ сүнсийг хэн болохыг нь мэдэж байсан юм. V Далай лам Төвөдийн шашныг сахигч нарт хандан Шүгдэнд туслахгүй байхыг даалгасан ном айлдаж байв. Мөн тэрээр Шүгдэнг буруу ерөөлийн үр дүнд бий болсон, шашин ном болон хамаг амьтанд хор хөнөөл учруулах хорлонт мөн чанартай гэж бичсэн байдаг. X Банчин лам Лувсантинлэйлхүндүв ч мөн энэ сүнсийг тахидаг байсан боловч 1989 онд таалал төгсөхийнхөө өмнөхөн VIII Банчин лам Данпайванчүгийн бичсэн нэгэн зарлигийг олсон юм. Тэрхүү зарлигт Дашлхүнбө хийдийн лам нарыг энэ зан үйлийг үйлдэхийг хориглосон байжээ. Үүнийг олмогцоо Банчин лам Бээжингээс энэ зан үйлийг хориглосон мэдэгдэл гаргаж байв. Мөн XIII Далай лам ч татгалздаг байсан. Би өөрөө нэг хэсэг энэ зан үйлийг үйлддэг байсан ч алдаа дутагдлыг нь олж мэдээд зогсоосон юм. Миний хоёр багшийн нэг болох Лин ринбүүчи Шүгдэнтэй огт холбоогүй байсан бол Трижан ринбүүчи шүтдэг байсан. Намайг шүтэхээ болихыг миний хоёр багш хоёулаа мэдэж байсан юм. Гандан Жанзэ хийд Палден Лхамо сахиусаа үл тоомсорлож, Шүгдэнг шүтсэнээсээ болоод олон хүнд бэрхшээлтэй нүүр тулсан. Их хийдүүдийн олон лам нар Шүгдэнг тахихаа зогсоосон боловч зарим нь үргэлжлүүлэн шүтсээр бүлэг байгуулсан. Тэд миний эсрэг зогсдог бөгөөд одоо Хятадын Коммунист эрх баригчдаас дэмжлэг авч байна. Хэрэв хэн нэгэн мэдэхгүйгээсээ болоод Шүгдэнг шүтэж байсан бол одоо түүнийг сонсож шүтэхээ болиход ямар ч айдас хүйдэс байх ёсгүй. Нөгөөтээгүүр, хүн ямар ч догшин сүнсийг шүтэх нь тухайн хүний л хэрэг, харин тийм хүмүүс өөрөөс нь сахил хүртэж, авшиг авахгүй байхыг л хүсэж байна” хэмээн тайлбарлалаа.

Ингээд Балдэн Адишагийн “Бодь мөрийн зул” бүтээл рүү орж, Дээрхийн гэгээн ийн айлдав.
“Энэхүү сургаалын эцсийн зорилго нь гэгээрэл бөгөөд мунхгийн харанхуйг арилгах учраас үүнийг “зул” хэмээсэн юм. Бурхан багш шавь нартаа хандан миний сургаалыг сохор сүсгээр биш, харин сайтар шинжлэн судалж, дүн шинжилгээ хийсний үндсэн дээр хүлээн ав гэж захисан билээ. Судар номд орчлон ертөнцийн бүтцийг дүрсэлсэн байдал нь орчин үеийн шинжлэх ухааны ажиглалтаас өөр байдаг. Бурхны шашинтан хүний хувьд хутагтын дөрвөн үнэн хийгээд хоёр үнэний тухай сургаалд бат итгэж, бурхны шашны мэдлэгийг дэлхийн үнэт эрдэнэсийн нэг гэж үздэг ч Чойрын номд гардаг ертөнцийн хэмжилт, бүтцийн тайлбарыг дахин хүлээн зөвшөөрөхөө больсон юм” хэмээжээ.
Солонгосоос ирсэн хэсэг лам хувраг, эрдэмтэдтэй уулзахдаа тэднээс энэ талаар юу гэж боддогийг нь асуухад тэд “Бурхны шашинтан учраас уламжлалт тайлбарыг л дагах ёстой” гэж хариулжээ. Харин Далай лам тэдэнд “Бурхан багш энэ ертөнцөд орчлонгийн хэмжээ дамжааг хэлж өгөх гэж биш, харин орчлонгийн хүрднээс хэрхэн чөлөөлөгдөх замыг заах гэж заларсан юм шүү дээ” хэмээн хэлснээ хуваалцлаа.
Тэрбээр Энэтхэгийн төв хэсэгт орших Бхандара дахь Төвөд дүрвэгсдийн сууринд зочилж байхдаа нэгэн жаахан охин нар, сар болон нар хиртэлт хэрхэн явагддаг талаар илтгэл тавьж байхыг харжээ. Нөгөө охин Дээрхийн гэгээнд хандаж, машид бахархалтайгаар "Бид нар хиртэхээр Раху нарыг идчихлээ гэж ярьдаг. Гэхдээ тэр чинь худлаа шүү дээ!" гэж хэлэхэд нь Далай ламд маш гүн сэтгэгдэл төрүүлсэн байна.
Мөн тэрбээр өөрийнхөө хүүхэд насыг дурсан, нэг удаа сар хиртэхийг харж байхдаа сар чичрээд байгаа юм шиг санагдаж, түүнийг маш их өрөвдөж байснаа ярив. Харин одоо бол тэрхүү өрөвдөх сэтгэл нь ямар ч хэрэггүй байсныг, энэ нь зүгээр л байгалийн үзэгдэл гэдгийг мэддэг болсон тухайгаа инээмсэглэн хэллээ. “Бурхны шашинтан гэж хэн бэ? Энэ бол гурван эрдэнэд аврал одуулж, түүнийхээ үндсэн дээр номдоо хичээнгүйлэн суралцаж буй хүнийг хэлнэ. “Манай аав ээж Бурхны шашинтан байсан болохоор би тийм” гэж хэлэх нь хангалтгүй юм. Харин бүх гэм дутагдлаа арилгаж, бүх сайн чанараа төгс боловсруулсан бурхны хутагт хүрэх боломжтой гэдгийг ухамсарласан цагт номд аврал одуулж, үнэн мөрийг дагаснаар үнэн хорихуйд хүрч чадна. "Бодь мөрийн зул" зохиолыг эртний хаадын хүсэлтээр туурвисан түүхийг дурдахдаа нэгэн чухал зүйлийг онцоллоо. Сонгцэн Гампо, Тисрон Дэзэн, Ралбажан хаадын үед улс орон нэгдмэл, хүчирхэг байлаа. Түүний төрсөн нутаг Гүмбүмд одоог хүртэл төв нутгийн аялгуугаар ярьдаг нь эрт цагт цэргүүд тэнд суурьшиж байсантай холбоотой. Мөн Америкийн эрдэмтдийн судалгаагаар Төвөд даяар хэрэглэгдэж буй хууль цаазын нэр томьёо нь ижил байдаг нь эртнээс нэгдмэл соёл, засаглалтай байсны баталгаа билээ.

Цаг хугацааны эрхээр улс орон бутран унаж байх үед хааны угсааны залгамжлагч, Баруун Төвөдийг захирч байсан Жанчүв-Од хаан Адиша гэгээнийг залж авчирсан бөгөөд түүний хүсэлтээр энэхүү алдарт судар бүтжээ. Энэхүү бүтээл нь бурхны шашны бүх урсгалууд болох Хадамба, Гажүдба, Сакьяба, Нинмаба тэргүүт өөрсдийн сургаал номдоо үндэс болгон ашигладаг тулгуур эх сурвалж юм” хэмээв.
Дээрхийн гэгээн энэтхэг болоод төвөд эрдэмтдийн зохиолын хэв маягийг харьцуулахдаа Энэтхэгийн багш нар олон өөр үзэл бодолтой нүүр тулдаг байсан тул илүү мэтгэлцсэн, шүүмжлэлт шинжтэй бичдэг байв. Далай лам өөрөө ч энэ хэв маягт дуртай бөгөөд өөрийн зааж буй зүйлээ бусад үзэл баримтлалтай харьцуулан тайлбарлахыг илүүд үздэг аж. Гэхдээ энэ нь шүүмжлэхийн тулд шүүмжилж буй хэрэг биш бөгөөд өөрийн итгэл үнэмшлийг хадгалахын зэрэгцээ бусдын үзэл бодлыг хүндэтгэх ёстой гэдэгт тэрээр бат итгэдэг юм.
"Бодь мөрийн зул" сударт хүнийг оюун санааны түвшнээр нь гурван төрөлд хуваан авч үздэг. Үүнд:
Бага төрөлхийтөн- дараа төрөлдөө илүү дээр төрөл авахыг эрмэлзэгч
Дунд төрөлхийтөн- зовлонгоос бүрмөсөн ангижрахыг эрмэлзэгч
Дээд төрөлхийтөн- хамаг амьтны тусын тулд гэгээрэхийг эрмэлзэгч
Эдгээрээс үл хамааран бид одоо байгаа энэхүү эрдэнэт хүмүүний биеэ нандигнах хэрэгтэйг сургаалд зөвлөдөг. Биднийг амьтдаас ялгаж буй гол зүйл нь оюун ухаан бөгөөд үүнийгээ бусдад хор хөнөөл учруулах эсвэл зөвхөн махан биеийн жаргал хөөхөд биш, харин сэтгэл зовоож буй сөрөг сэтгэл хөдлөлүүдтэйгээ тэмцэхэд утга учиртай ашиглах ёстой.
Ганжуур, Данжуур хэмээх их хөлгөн судруудыг бурхны шашны шинжлэх ухаан, гүн ухаан болон шашин гэж гурав ангилж болно. Ялангуяа сэтгэл судлалын шинжлэх ухаан нь нийт хүн төрөлхтөнд түгээмэл ач холбогдолтой юм. Өнөөдөр орчин үеийн эрдэмтэд бидний сэтгэл хөдлөл, оюун санааны бүтцийн талаарх бурханы шашны арвин мэдлэгийг өндрөөр үнэлэх болжээ. Үүний нэгэн адил "Шүтэн барилдлага"-ын онолыг зөвхөн оюун санааны хөгжилд биш, шинжлэх ухаан, эдийн засаг, экологи зэрэг олон салбарт ашиглаж, энэ дэлхийн 7 тэрбум хүнд тус дэм болох боломжтой юм.
Энэхүү эрдэнэт хүмүүний бие бидэнд маш их боломжийг олгодог. Гэвч бид мөнх бус байдал болон үхлийн тухай ухамсарлахгүй бол тэрхүү боломжуудыг ашиглаж чадахгүй. Уламжлалт ёсоор үхлийн тухай бясалгалыг гурван үндсэн бүлэгт хуваасан есөн зүйлээр авч үздэг. Үүнд:
Үхэл бол зайлшгүй- Хэн ч үүнээс зугтааж үл чадна.
Үхэх цаг хугацаа тодорхойгүй- Хэзээ, хаана гэдгийг хэн ч үл мэднэ.
Үхэх үед номоос өөр юу ч тус болохгүй- Амьдралынхаа туршид хичнээн их эд хөрөнгө цуглууллаа ч үхэх үедээ бид юуг ч авч явж үл чадна.
Энэ тал дээр хаан ч бай, гуйлгачин ч бай яг адилхан. Дээрхийн гэгээн 1959 онд бусад дүрвэгсдийн хамт эх орноосоо гарахдаа бараг юу ч авч явж чадаагүйгээ дурслаа. Потала ордонд үе үеийн Далай ламуудын үеэс хадгалагдаж ирсэн асар их үнэт эрдэнэс, нандин шүтээнүүд байсан ч тэр бүгдийг орхихоос өөр аргагүй болсон юм. Яг үүнтэй адил, үхэх цагт зөвхөн энэ насандаа хураасан буян буюу сайн үйлийн үр л бидэнд тусалж, дараагийн төрлийг маань тодорхойлно.

Үхэл зайлшгүй гэдгийг мэдэж байгаа бол ариун номд суралцахаар шийд, үхэх цаг тодорхойгүй гэдгийг мэдэж байгаа бол яг одооноос хэрэгжүүлж эхлэхээр шийд, гурван эрдэнэд аврал одуулахын зэрэгцээ нүгэл хилэнцээс ангид бай. Энэ бол дараа төрөлдөө илүү дээд төрлийг олохын үндэс мөн. Дээрхийн гэгээн үргэлжлүүлэн Богд Зонховын өөрийн шавь Наваандагвад илгээсэн захидал хэлбэрээр бичигдсэн "Мөрийн гурван эрхэм" бүтээл рүү орлоо. Тэрээр үүнийг өмнө нь заасан "Бодь мөрийн зул" номтой ийнхүү холбон тайлбарлав.
“Бусдын зовлонг хараад сэтгэл тань тэсэхийн аргагүй болж байвал та дээд төрөлхтөн болжээ гэсэн үг. Гэвч өөрийнхөө зовлонгоос ангижрах “магад гарах” сэтгэл төрөөгүй цагт бусдыг хайрлах тэрхүү сэтгэл жинхэнэ утгаараа үүсдэггүй. Зовлонгийн үндсэн шалтгаан нь бидний төрөлхтөнөөсөө өөртөө суулгасан “би” хэмээх үзэл буюу өөрийгөө буруугаар таних төөрөгдөл юм. Бидний гол зорилго бол энэхүү төөрөгдлөөс өөрийгөө чөлөөлж чадах эсэхээ шинжих явдал юм. Бодь сэтгэлийг үүсгэхэд эхэндээ маш их хичээл зүтгэл шаардагддаг. Гэвч хэрэв та үүнийг байнга бодож, сэтгэлдээ бясалгаж чадвал яваандаа энэ нь таны төрөлх чанар мэт үүсэж, улмаар та тэрхүү гэгээрлийн төлөвт хүрэх боломжтой юм” хэмээсэн юм.
Ийнхүү номын гүн утгыг тайлбарлаж дуусаад, "Одоогийн байдлаар хамгийн тулгамдсан асуудал бол үдийн хоол идэх байна шүү дээ" хэмээн наргиснаар энэ өдрийн айлдвар өндөрлөжээ.










