Энэтхэг улс, Химачал Парадеш, Дарамсала хот. Дарамсала хотын Намжил дацангийн Зүлэгхан дуган догдлон хүлээсэн олноор дүүрч, Зүүн өмнөд Азийн зочид төлөөлөгчдөөс эхлээд лам, гэлэнмаа нар гээд олон хүн цугласан байлаа.
Шантидевагийн “Бодьсадвын явдалд орохуй” бүтээлээр айлдаж буй хоёр дахь өдөр эхлэх болж аугаа их оюун санааны удирдагчийг залран ирэхийн өмнөхөн ариун сүм дотор нам гүм ноёрхож, хүмүүс амьсгаа даран хүлээж байв.
Дээрхийн гэгээн Далай лам сургаалаа залбирал болон уншлагаар нээж, бишрэл хүндэтгэлээр дүүрсэн олонд Бурхан багшийн үндсэн сургаал болон “Хутагтын дөрвөн үнэн” номын тайлбарыг өглөө.

Дээрхийн гэгээн Далай лам “Бидний амьдралд тохиолдож буй аз жаргал, зовлон зүдгүүр бүхэн зүгээр нэг тохиолдол бус, харин тодорхой шалтгаан нөхцөлийн үр дагавар гэдгийг мэдэх хэрэгтэй. Хүн хэзээ ч өөртөө зовлон учруулахыг хүсдэггүй. Тиймээс зовлонгоос ангижрахын тулд гэгээрэл өөд тэмүүлэх тэрхүү замыг сэтгэлдээ төлөвшүүлэх ёстой. Юмс үзэгдлийн бодит мөн чанар буюу хоосон чанарыг шууд танин мэдэх тэрхүү "үзэхүйн мөрд" хүрэхийн тулд хүнд маш их дотоод сэтгэлийн бэлтгэл, дадлага хэрэгтэй. Бурхны шашны мөн чанар нь зөвхөн сүсэг бишрэл бус, харин сэтгэлээ өөрчлөн шинэчлэх тухай асуудал бөгөөд Бурхан багш ингэж айлдсан учраас л итгэх биш, харин өөрийн оюун ухаан, логик сэтгэлгээгээр шалгаж, учир шалтгааныг нь олж байж итгэх хэрэгтэй” хэмээн айлдсан юм.
Айлдварын дараагийн шатанд тэрээр Шантидева гэгээний бүтээлийн тавдугаар бүлэг буюу "Сонор сэрэмжийг сахих" тухай сэдэв рүү шилжив. “Сэтгэлийг аливаа сөрөг хандлагаас хамгаалахад сонор сэрэмж болон анхаарал төвлөрөл ямар чухал үүрэгтэй. Хэрэв та сэтгэлээ хянаж чадахгүй бол гадаад ертөнцийг хичнээн засаад ч амгаланг олж чадахгүй. Уур хилэн бидний эрүүл мэндэд хортой. Харин бусдыг хайрлаж, энэрэх нь өөрт тустай” гэсэн санаагаа дахин бататгаж хэлэв. Ийнхүү Шантидэва гэгээний “Бодьсадвын явдалд орохуй” бүтээлийн тавдугаар бүлгийн 59 дүгээр бадгаас эхлэн сургаалаа үргэлжлүүлэхдээ, Дээрхийн гэгээн өөрийн арвин туршлага, билиг билгүүн, дотно дулаан хошигнолоороо баяжуулан, эх бичвэрийг маш тодорхой, ойлгомжтойгоор тайлбарлан таниулсан юм.
“Бидний бие махбод бусад хамаг амьтны тусын тулд зориулагдах ёстой. Хэрэв та аминч үзэлтэй бол энэ насандаа зөвхөн зовлонтой л нүүр тулна. Харин туслах хүнгүй ядарсан хүмүүс, өвчтэй зовлонтой хүмүүст тусалж чадвал энэ нь агуу их буян болох юм. Та бүхэн энэ сургаалыг зөвхөн үг төдий үлдээлгүй, амьдрал дээрээ хэрэгжүүлэх хэрэгтэй” хэмээн түр засварлаж, сүсэгтэн олон түр тарцгаав.
Үдээс хойших сургаалын үеэр Дээрхийн гэгээн өөрт тохиолдсон явдлуудаа хошин байдлаар ярьж, уур хилэнгийн хор уршгийг тайлбарлан, эх бичвэрийг илүү амьд сонирхолтой болгов. Тэрээр шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаануудаас эш татан, “Бидний дотор уур хилэн төрөх агшинд сэтгэлийн амар амгалан үгүй болдог. Хэрэв та байнга уурлаж явбал энэ нь таны дархлааны тогтолцоог гэмтээж, дотроос чинь идэж байдаг юм. Хэрэв таны сэтгэл амгалан байвал дархлаа тань ч мөн дагаад бэхждэг. Уур хилэнд ямар ч ашиг тус байхгүй. Уурлах үед тэрхүү уур танд тусалж, илүү их зориг золбоо өгч байгаа мэт санагдаж магадгүй ч энэ бол сохор, мунхаг зориг юм. Харин учир шалтгааныг тунгааж зоригжвол тэр нь жинхэнэ зориг болно. Гэтэл танд хор хөнөөл учруулсан нэгэнд өс хонзон санаад танд ямар ашигтай юм бэ? Төвөдөд байхдаа Норбулингад харсан нэгэн засварчин машин засварлаж байхдаа машид уурлаж, галзуурах шахсандаа засаж байсан машинаа цохиод автал байдал бүр ч дордсон” хэмээн Дээрхийн гэгээн инээмсэглэн ярихад цугласан олон ч даган хөгжилдөв.

Айлдварын үеэр цугласан түмэнд цай аягалж, хүмүүс агуу оюун санааны удирдагчийнхаа айлдварыг сонсох зуураа амтархан ууцгааж байлаа. Үдээс хойш цаг агаар өөрчлөгдөж, өглөөний цэлмэг тэнгэр үүлсээр бүрхэн, сүм тэр чигтээ зузаан мананд автсан байв.
Дээрхийн гэгээн Шантидева гэгээний бүтээлийн зургаадугаар бүлгийг (Тэвчээрийн барилдлага) тайлбарлаж дууссанаар тухайн өдрийн сургаалаа өндөрлүүлэв. Тэрээр маргаашийн хичээлээр "Бодьсадвын сахил"-ыг шинэчлэн адислах зан үйл болохыг дурдаад, багш, шавийн хоорондын шүтэн барилдлага, харилцаа ямар чухал болохыг онцлон тэмдэглэлээ.
Дээрхийн гэгээн сүмээс гарахад түүнийг хүндэтгэн мэхийх сүсэгтэн олон болон шавь нарынх нь дээгүүр хуримтлагдсан хар үүлс задарч, муссон бороо асгаж эхлэв. Доорх хөл хөдөлгөөн ихтэй гудамжнаас өнгө өнгийн шүхрүүд тэнгэр өөд гол мөрөн мэт түрэн гарч ирлээ. Зүүн өмнөд Азиас ирсэн зочид Төвөдийн дүрвэгсдийн агуу удирдагчаас эрдэм мэдлэг, билиг билгүүн, соёлын арвин их өвийг хүртээд зогсохгүй, Энэтхэг орны улирлын чанартай цаг агаарын аашыг ч бас биеэрээ мэдэрсэн юм.
Энэхүү айлдварыг англи, хятад, төвөд, орос хэлээр http://dalailama.com/liveweb хаягаар шууд дамжуулахаас гадна бичлэгийг нь үзэж болох юм.










