Энэтхэг, Химачал Прадеш муж, Дарамсала хот, Тэгчин Чойлин - Шөнөжин орсон ширүүн бороо өнөө өглөө Дээрхийн гэгээнтэн Далай ламыг өргөөнийхөө үүдэнд гарч ирэх үед намдлаа. Тэрбээр 90 насны төрсөн өдрийнхөө тэмдэглэлт арга хэмжээнд оролцохоор Зүглагхан дуганы гадна талбайн зүг морилов. Төвөдийн цаг тооллоор өнөөдөр тавдугаар сарын тавны өдөр тохиож байна. Баярын арга хэмжээг Дхомэй Чолха буюу Амдо мужийн иргэд зохион байгуулж буй юм. Хаалган дээр Дээрхийн гэгээнтнийг Дашлхүмбэ хийдийн уламжлалт бясалгалын малгай өмссөн Кирти ринбүүчи, зохион байгуулах хорооны дарга Түвдэн Лүнриг, дээд шүүхийн комиссар Ишэ Ванмо болон парламентын гишүүн асан, зохион байгуулах хорооны гишүүн Дролма Цомо нар угтан авлаа.
Гольфын тэрэгтэй явсан Дээрхийн гэгээнтэн хийдийн гадна талбайг бүрхсэн саравчин дор буусан тул бороонд норсонгүй. Тэрбээр хийдийн доод талын задгай тагтан дээрх сэнтий рүүгээ явах зуураа хоёр талаас нь мэндчилж буй хүмүүст баяртайгаар хариулж байлаа.
Ойролцоогоор 7000 орчим хүн гурван газар буюу Калачакра хийд, Зүглагхан хийдийн гадна талбай, мөн Кирти Гомпа хийд болон ойролцоох талбайг дүүргэн цугларсан байв.
Талбайн голд Дээрхийн гэгээнтнийг Сажа Гонма ринбүүчи, Гандан Три ринбүүчи, Сажа Тризин, Таглун Матрул ринбүүчи мөн дээд мяндагтай лам нар болон буддын бусад уламжлалын гишүүд угтан авлаа. Зочдын дунд байсан хиндү, христ, лал, бахай, иудей, жайнизм, сикхизм зэрэг шашны төлөөлөгчид ч мөн угтан мэндчилэв.
Кирти ринбүүчи Дээрхийн гэгээнтний цадиг буюу "Аянгат үүлсийн яруу эгшиг" нэртэй хүндэтгэлийн өргөн дэлгэр үгийг төвөд хэлээр уншлаа. Үүний товч утгыг өгүүлбэл, ханьцашгүй Шагжамүни Буддагийн сургаал болон Төвөдийн хөгжил цэцэглэл хоёул устаж мөхөх аюулд тулгарсан үед Дээрхийн гэгээн өмнөх XIII Далай ламын бошго ёсоор Гүмбүм хийдийн ойролцоох Такцэр хэмээх газар мэндэлсэн байна. Түүнийг XIV Далай ламаар тодруулж, Потала ордонд сэнтийд залсан байна. Тодорхой хугацааны дараа тэрбээр Төвөдийн шашин, төрийн хэргийг хариуцах үүргийг хүлээжээ.
Эцэст нь тэрбээр Энэтхэгт орогнохоос өөр аргагүй болсон юм. Тэр цагаас хойш хүч үл хэрэглэх явдлыг гол зорилгоо болгон, дэлхий даяар энх тайван, эв найрамдлыг бэхжүүлэхийн төлөө ажиллаж, үүнтэй холбоотойгоор зэвсэглэлийг зогсоох, цөмийн зэвсгийг устгахыг тууштай дэмжсээр иржээ.
Дээрхийн гэгээнтэн амьдралд аз жаргалыг эрэлхийлэхэд материаллаг баялгаас илүү дотоод амар амгалан чухал хэмээн зөвлөдөг.
Төвөдийн ард түмний эрх чөлөөний асуудлыг шийдвэрлэх оролдлогын хүрээнд тэрбээр яриа хэлэлцээрээр дамжуулан харилцан ашигтай байдалд хүрэх Дундад Замыг санал болгосон байна.
Тэрбээр Төвөдийн буддын шашин нь Наландагийн жинхэнэ уламжлалаас гаралтай, түүнийг хадгалж үлдсэн болохыг батлан харуулсан байна.
Хайр энэрэл, нигүүлсэл, сэтгэл ханамж, тэвчээр, ёс суртахууны сахилга батыг сурталчилж, эдгээр чанаруудыг төлөвшүүлэх нь бүх шашны үндсэн сургаал байдгийг онцлон тэмдэглэснээр Дээрхийн гэгээнтэн дэлхийн шашны уламжлалууд хоорондын харилцан хүндэтгэл, бишрэлийг хөхүүлэн дэмжиж, тэдгээрийн хооронд гүүр бий болгожээ. Ийнхүү тэрбээр өөрийгөө дэлхийг энх тайван руу хөтөлж буй хосгүй багш болохоо харуулсан юм.
Дараа нь Кирти ринбүчийн мэдэгдэв: "Модон могой жилийн тавдугаар сарын тавны өлзий дэмбэрэлтэй энэхүү өдөр Төвөдийн оюун санааны их удирдагчид, Хятадын буддын шашны төлөөлөгч, Энэтхэг, Шри Ланка, Тайланд, Бирмийн бага хөлгөний уламжлалын төлөөлөгчид, хиндү, христ, лал, бахай, иудей, жайнизм, сикхизм болон бусад шашны уламжлалын төлөөлөгчид, түүнчлэн Төвөдийн ардчиллын гурван тулгуур багана болсон гурван мужийн үнэнч ард түмэн бид танд бие, хэл, сэтгэлийн гурван үүдээр бишрэнгүйгээр хүндэтгэн мөргөж байна.”
"Танд тусгай бэлэг гардуулахыг зөвшөөрнө үү. Үүний сууринд таныг Аюуш бурхны (насны бурхан) мөн чанарт оршсоор байхыг бэлгэдсэн урт насны хумх бий. Хумхны дээр буй цагаан бадамлянхуа нь таныг энэ ертөнцөд мэндэлсэн хэдий ч түүний хир буртгаас ангид оршдогийг харуулна. Бадамлянхуа дээрх бөмбөрцөг нь таныг гэгээрсэн үйлс зохионгуйгаа зохиохоор энэ дэлхийг сонгосныг харуулна. Бөмбөрцгийн дээр хоосон чанар, бодь сэтгэлийг хослуулан мөрийг заахыг бэлгэдсэн наран саран дэвсгэр бий. Энэ дэвсгэр дээр номт шар хувцсыг асаасан хуврагийн дүрээр Жанрайсиг бурхны мөн чанартай "XXI зууны оюун санааны ханьцашгүй багш" буюу Дээрхийн гэгээнтэн та хоёр алгаа хавсран залбирч, хамаг амьтныг энэрэл нигүүлслээр болгоон зогсож байгаа юм.”
"Үнэт алт мөнгөөр урласан энэхүү дурсгалын бэлгийг та бидний багш шавийн өлзий дэмбэрэлтэй олон барилдлагыг бэлгэдэн Дээрхийн гэгээнтэн танаа өргөн барьж байна. Бид үүнийг баяр баясгалан, итгэл, бахдал, чин бишрэлээр хосгүй эрхэм дээд XIV Далай лам таныг "XXI зууны оюун санааны ханьцашгүй багш" хэмээн өргөмжилж, өргөн барьж байгаа юм. Биднийг нигүүлсэнгүй мэлмийгээрээ болгоон адислана уу."
Дурдсан бэлгийг ер бусын урт цагаан хадгаар холбогдсон Төвөдийн шашны тэргүүнүүд, засаг захиргааны гишүүд болон шашны бусад уламжлалын төлөөлөгчид хамтдаа Дээрхийн гэгээнд гардуулав.
Дараа нь Кирти ринбүчи, Касүр Жавзанбадам, Касүр Түвдэн Лүнриг нар Дээрхийн гэгээнд мандал болон Бурхан багшийн бие, хэл, сэтгэлийг бэлгэдсэн тахилыг өргөн барилаа. Дээрхийн гэгээний хоёр багшийн зохиосон "Үхэшгүй мөнхийн дуулал" хэмээх өргөн дэлгэр залбирлыг гол болгон урт наслахын залбирал уншив. Энэхүү залбиралд дараах бадаг багтана:
Танд бид чин сэтгэлээсээ залбирал өргөе:
Цастын орныг хамгаалагч Данзанжамц зуун галавт орштугай.
Адислалаа түүнд хайрлагтун
Ашид түүгээр түүний хүсэл тэмүүлэл саадгүй биелэх болтугай.
Цугласан олонд цай, бэрээс тараалаа. Зохион байгуулах хорооны дарга Түвдэн Лүнриг нийтэд хандан үг хэлэв.
“Энэхүү онцгой үйл явдлаар бид Дээрхийн гэгээнтэнд "XXI зууны оюун санааны ханьцашгүй багш" цолыг хүндэтгэн гардуулахаар энд цуглаад байна. Бид түүний төлөө маань тарни, дарь эхийн магтаал уншиж, амьтны амь дархалж, байгаль орчноо цэвэрлэсэн. Үүний хажуугаар Кирти хийдэд долоо хоногийн турш Дээрхийн гэгээнтнийг урт наслахын тухайд тусгай зан үйл хийлээ.”
“Амдо нутгаас гаралтай бид Дээрхийн гэгээнийг 80 нас сүүдэр зооглоход нь ойг тэмдэглэж өгсөн билээ. Тэгэхэд Дээрхийн гэгээнтэн биднээс 90 насны ойг нь ч мөн дахин тэмдэглэж өгөхийг хүссэн юм. Энэ удаад бид дэлхийн шашны төлөөлөгчдийг урьж оролцуулж байна.”
“Дээрхийн гэгээнтнээс хамаг амьтны тусын тулд, номыг дэлгэрүүлэхийн төлөө урт наслахыг хүсэн айлтгая. Биднийг ч мөн гэгээрэлд хүртэл үл орхин дагуулахыг хүсье. 2011 онд дараагийн хувилгаан дүрийн талаар гаргасан мэдэгдлийн тухайд Жанрайсиг бурхан болон Төвөдийн ард түмний хоорондын барилдлага хүчтэй тул бид Дээрхийн гэгээний хойд дүрийг үргэлжлүүлэн тодруулахыг хүсэж байна. Түүний 100 насны ойг Төвөдөд тэмдэглэх боломжтой болох болтугай хэмээн залбиръя.”
Дээрхийн гэгээнийг үг хэлэхийг урилаа.
“Өнөөдөр ийнхүү 90 насны төрсөн өдрөө тэмдэглэж байна. Хэдий өдгөө 90 настай хэдий ч миний бие эрүүл саруул, сайн байна. Энэ олон жилийн турш би Төвөдийн ард түмэн хийгээд шашин номын төлөө хичээн зүтгэсэн. Мөн би дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүмүүстэй холбоо тогтоож, эрдэмтэдтэй үр дүнтэй хэлэлцүүлэг өрнүүлж байлаа. Амьдрал минь утга учиртай өнгөрлөө. Олон оронд зочилж, өөр өөр хүмүүстэй хүнтэй уулзаж байлаа. Хүмүүний төрлийг олж төрсөн энэ амьдрал минь дэлхийн хүмүүст үр өгөөжтэй байсан болов уу гэж би боддог бөгөөд амьдралынхаа үлдсэн хэсгийг бусдын сайн сайхны төлөө зориулна.”
"Далай ламын институци цаашид үргэлжлэн оршин тогтнох болно. Амдо нутагт төрсөн хүү би эрдэм сурахаар Лхаст очиж байлаа. Өмнө нь хэлсэнчлэн би өөрийгөө шашин ном, хамаг амьтны тусын тулд хичээн зүтгэж чадсан гэж боддог бөгөөд цаашид ч тийн зүтгэхээр зорьж буй билээ" хэмээн Дээрхийн гэгээнтэн үргэлжлүүлэн айлдлаа.
Дээрхийн гэгээнтэнд төвөд заншил ёсоор төрсөн өдрийн балинг өргөн барихад тэрбээр хэсгийг зооглов. Үүний дараа тэрбээр өөрийнх нь хийсэн сайн үйлсийг дүрсэлсэн хоёр танка зургийн бүтээлгийг сөхөж, адислалаа. Дээд шүүхийн комиссар Ишэ Ванмо Дээрхийн гэгээнтний гурван боть намтрыг танилцуулсан бол парламентын дарга Хэнпо Сонам Тэнпэл Дээрхийн гэгээнтний амьдралыг харуулсан зурагт ном гаргажээ. Эцэст нь, Сикён Бямбацэрэн Дээрхийн гэгээнтний ололт амжилтыг тэмдэглэсэн нийтлэл, шүлгийн хоёр боть эмхэтгэлийг танилцуулав.
Түүний төрсөн өдөрт зориулан толилуулсан дуу, шүлгүүдэд Дээрхийн гэгээнтний дөрвөн үүрэг амлалт болон Наландагийн уламжлалыг Энэтхэгт эргүүлэн авчирсныг нь өргөмжлөн хүндэтгэсэн байв. У-цан, Дхотө, Дхомэй мужийн бүжгийн хамтлагууд бүжиж, хаалтын дуу, бүжгээр өнөөдрийг аз жаргал, баяр хөөрийн өдөр хэмээн тунхаглалаа.
Зохион байгуулах хорооны дэд дарга арга хэмжээний санхүүгийн тайланг танилцуулав. 17 орны томоохон 40 мөн бусад 125 хандивлагчаас хандив цугласан байна. Цугласан хандиваас үлдсэнийг Бодгаяа дахь “Далай Ламын нэрэмжит Төвөд болон Эртний Энэтхэгийн билгүүн эрдмийн төв”-д хандивлана хэмээн зарлалаа.
Тэрбээр ярианыхаа төгсгөлд Дээрхийн гэгээнтэнд урт удаан, эрүүл энх байж даян дэлхийг гэрэлтүүлсээр байхыг хүсэн ерөөж, дэлхий даяар энх тайван, амар амгалан цэцэглэн хөгжих болтугай хэмээн залбирав.
Зохион байгуулах хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Чойдогжамц Дээрхийн гэгээнтэнд ерэн жилийн гайхамшигтай амьдралынх нь ойн хүндэтгэлийн ёслолын үеэр өргөл хүндэтгэлийг хүлээн авсанд талархал илэрхийллээ.
Тэрбээр цааш үргэлжлүүлэн, "Энэүү тэмдэглэлт үйлд явдалд оролцсон та бүхэнд баярлалаа. Мөн энд бидэнтэй хамт байх боломжгүй, энэ үйл ажиллагаанд оролцох боломж нь хязгаарлагдсан Төвөд дэх ахан дүүсээ бодож байна" хэмээв.
Дээрхийн гэгээнтэн царайдаа баяр баясгалан тодруулсаар өргөөндөө буцаж морилохуйд тэнд цугласан олон мөн баяр хөөрөөр дүүрэн үдлээ.
Англи хэлнээс орчуулсан Б.Одгэрэл