Зураг. Дээрхийн гэгээн Далай лам Энэтхэгийн Дарамсала хотноо Солонгосын буддын шашинтнуудад зориулсан 3 өдрийн номын айлдварын нээлтийн үеэр... Номын айлдварын эхний өдөр 4000 гаруй сүсэгтэн оролцжээ. Зургийг Абхишек Мадхукар.
Энэтхэг, Химачал Прадеш, Дарамсала. 2009 оны 9 дүгээр сарын 15. Төвөдийн шашны тэргүүн Дээрхийн гэгээн Далай лам Солонгосын 200 орчим сүсэгтний хүсэлтээр Дарамсала дахь Намжил дацангийн Зүглэгхан дуганд 3 өдөр үргэлжлэх дээдийн номын айлдвараа эхлүүлэв.
Тус номын айлдварт оролцохоор 55 орны 1400 гаруй иргэн, нийт 4000 гаруй сүсэгтэн бүртгүүлжээ. Оролцогчдын дунд бурхны шашны лам, хувраг оруулан 3000 гарй төвөд хүн байв. Үүнээс гадна хэдэн зуун бүртгүүлээгүй сүсэгтэн номын айлдварт оролцож байгаа талаар зохион байгуулагчид мэдээлэв.
Дээрхийн гэгээн Далай лам номын айлдварын эхний өдөр буддын шашны үндсэн зарчмуудыг дэлгэрүүлэн тайлбарлаж, Хутагтын дөрвөн үнэний тухай айлджээ. Айлдварыг өглөөний 0900-1100, үдээс хойш 1300-1500 цагийн хооронд зохион байгуулагдахаар товлосон байна.
Айлдварыг солонгос хэлээр орчуулж байгаа бөгөөд мөн англи, хятад, япон хэлний орчуулгыг FM радиогоор сонсох боломжтой ажээ. Номын айлдварын шууд дамжуулалтыг www.dalailama.com сайтаас үзэх боломжтой.










