Энэтхэг, Х.П., Дарамсала, Тэгчин Чойлин – Өнөөдөр Төвөдийн гол хийдэд Дээрхийн гэгээн Далай ламд 75 жилийн өмнө 1950 оны 11-р сарын 17-нд Төвөдийн шашин ба төрийн удирдлагыг хүлээн авсан түүний өгөөмөр сэтгэлд талархал илэрхийлэхээр 6000 гаруй хүн цугларав.

Дээрхийн гэгээн өргөөнийхөө хаалган дээр ирэхэд түүнийг хүндэт зочид болох Бүгд найрамдах Чех улсаас Энэтхэг улсад суугаа элчин сайд доктор Элиска Зигова, Төвөдийн төв захиргааны ерөнхийлөгч Сикён Пенпа Цэринг, Төвөдийн парламентын дарга Кенпо Соннам Тенпел, Дээд шүүхийн комиссар Еши Вангмо, мөн Таши Намгял болон өнөөдрийн арга хэмжээг зохион байгуулахад хувь нэмрээ оруулсан Төвөдийн хэд хэдэн сургуулиудын төгсөгчдийн төлөөлөл угтан авлаа. Тэд Дээрхийн гэгээнийг хийдийн доод талын тагтан дээр байрлах хүндэтгэлийн суудалд нь хүргэв. Түүнд зориулан төвөд уран бүтээлчид дуу дуулж, бүжиг бүжиглэн хүндэтгэл үзүүлэв.
Ёслолын үеэр бүрээ эгшиглэн Сикён Пенпа Цэринг Төвөдийн төрийн далбааг мандууллаа. Төвөдийн урлагийн хүрээлэнгийн уран бүтээлчид Төвөдийн төрийн дуулал, дараа нь Энэтхэгийн төрийн дууллыг үлээвэр хөгжим, бөмбөрийн аянд эгшиглүүлэв. Дээд шүүхийн комиссар, Парламентын дарга болон Сикён нар Дээрхийн гэгээнд Бурханы бие, хэл, сэтгэлийг бэлгэдсэн мандал өргөв. Энэхүү ёслолыг Таши Намгял болон Энэтхэг дэх дотуур байр бүхий 7 төвөд сургууль, Дарамсалад байрлах Төвөд хүүхдийн тосгон, Төвөд гэр сан, Энэтхэг, Балба дахь Муссури ба төвөд өдрийн сургуулийн төгсөгчдийн 24 төлөөлөл давтан хийж, Дээрхийн гэгээнд Жанрайсиг Хасарпани бурханы гоёмсог хоёр шүтээнийг өргөн барилаа.
Үүний дараа Сикён Пенпа Цэринг өнөөдрийн үйл явдлыг тохиолдуулан Кашагийн тунхаглалыг эхлээд төвөд хэлээр, дараа нь англи хэлээр уншив. Тэрээр үгээ эхлэн Дээрхийн гэгээн Далай лам Төвөдийн шашин ба төрийн удирдлагыг хүлээн авсны 75 жилийн ойг тэмдэглэж буй энэхүү сайхан өдрийг Дээрхийн Гэгээнтний 90 насны ойг тэмдэглэж буй “Энэрэнгүй сэтгэлийн жил”-ийн хүрээнд тэмдэглэж байгааг онцлон тэмдэглэв.
Тэрээр мөн Төвөдийн анхны нэгдсэн улс төрийн хаант улс МЭӨ III зуунд анхны хаан Нятри Цэнпогийн үед Цастын оронд бий болсон тухай дурдав. Гурван Номт (Дхарма) хааны үед Төвөдийн эзэнт гүрний нөлөө Ази даяар өргөн хүрээнд тархсан байлаа. Соронзон Гомбо хааны үед Энэтхэгийн гупта бичигт тулгуурлан төвөд бичиг үсэг зохиогдсон бөгөөд удалгүй Наландагийн уламжлалын жинхэнэ буддын сургаал Төвөдөд дэлгэрсэн юм. Энэ үед Төвөд улс Хятадын нийслэл Чань-ань буюу өнөөгийн Сианьд довтолж байсан түүхтэй.

Төвөдийн эзэнт гүрэн IX зуунаас эхлэн задарсан боловч Дрөгөн Чөгялын үеэс Гандан Подран байгуулагдах хүртэл Төвөд улс нь Монгол, Мин, Хятадыг захирч байсан Манжийн хаадтай “лам-ивээн тэтгэгч” харилцааг хадгалж байв.
XX зууны эхээр Амдо мужийг муслим жанжин Ма Буфан довтолж эзэлсэн бол Хамыг Манж жанжин Жао Эрфэн эзлэн авч, Төвөдийн төв нутагт Британи улс довтолж байв. Хятадад эрх мэдлийг гартаа авсан Гоминдан (Хятадын үндэсний нам) Амдо, Хамын зарим хэсгийг нэгтгэн, Төвөдийн засгийн газрын цэргүүдтэй удаа дараа хилийн мөргөлдөөн хийж байв. 1949 онд БНХАУ байгуулагдсаны дараа хятадын Ардын чөлөөлөх арми Амдо, Хамын хэсгүүдийг эзэлж, эцэст нь Чамдог эзлэн авснаар Төвөдийн арми ялагдсан билээ.
Ийм нөхцөл байдалд төвөдийн ард түмэн хэдийгээр тэр үед дөнгөж 15 настай байсан Дээрхийн гэгээн Далай ламд хандан Төвөдийн удирдлагыг хүлээн авахыг гуйсан юм. Ийнхүү 1950 оны 11-р сарын 17-нд Дээрхийн гэгээн энэ үүргийг хүлээн авсан билээ. Тэрбээр 8 жил гаруйн турш Хятадын талтай хэлэлцээ хийхийг оролдож, Төвөдөд тулгасан 17 зүйлт хэлэлцээрийн хүрээнд төвөдүүдийн амь насыг хамгаалах, төвөдийн өвөрмөц шашин шүтлэг, соёлын өвийг хадгалахыг эрмэлзэж байв. Харамсалтай нь тэрбээр 1959 онд БНХАУ-ын тасралтгүй түрэмгийллийн улмаас Энэтхэг рүү дүрвэхээсс өөр аргагүй болжээ.
Дээрхийн гэгээн Энэтхэгийн ариун дагшин газар хүрэлцэн ирснийхээ дараа Төвөдөд тулгасан 17 зүйлт гэрээг хүчингүйд тооцож, мэдэгдэл гаргасан. Тэрбээр 1970-аад онд Хятад-Төвөдийн зөрчилдөөнийг шийдвэрлэх зорилгоор “Дундад замын бодлого”-ыг санал болгосон бөгөөд энэ нь Төвөдийн Төв захиргааны баримталсаар байгаа бодлого юм.
Сикён Пенпа Цэринг Дээрхийн гэгээнийг агуу Бодьсадва хэмээгээд, түүний дөрвөн амлалт болох хүний үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх, шашин хоорондын эв эеийг бэхжүүлэх, эртний Энэтхэгийн мэргэн ухааныг хадгалан хамгаалах, Төвөдийн экологи болон соёлын өвийг хамгаалах чиглэлд гаргасан тасралтгүй хүчин чармайлтыг онцлон тэмдэглэв. Тэрээр “Энэхүү баярт мөчид бид Дээрхийн гэгээн XIV Далай ламын урт наслах, түүний гэгээрсэн үйл ажиллагаа хойч ирээдүйд мөнхөд үргэлжлэхийн төлөө чин сэтгэлийн залбирал өргөж байна” гэж хэлэв.

Кенпо Соннам Тенпел Төвөдийн Парламентын нэрийн өмнөөс хийсэн мэдэгдэлдээ Дээрхийн гэгээн 1954 онд Хятадад айлчилж, Хятадын удирдагчидтай уулзсан тухай дурдав. 1956 онд тэрээр Энэтхэгт хүрэлцэн ирж, Бурхан багшийн лагшин мэндэлсний 2500 жилийн ойн ёслолд оролцсон бөгөөд энэ үеэр Энэтхэгийн удирдагчидтай уулзаж, ялангуяа Энэтхэгийн ардчиллын идэвхтэй тогтолцоог өндрөөр үнэлсэн байна. Дээрхийн гэгээн Төвөдөд эргэн ирснийхээ дараа 1959 онд Их монламын үеэр Гэвш лхарамбын шалгалтаа өгчээ. Гэвч Лхас хот дахь нөхцөл байдал улам хурцдаж аюултай болсон тул тэрбээр 1959 оны 3-р сарын 17-нд Норбулинка ордноос нууцаар гарч, Лхасаас дүрвэхэд хүрсэн юм.
Энэтхэгт цагаачлан ирснийхээ дараа Дээрхийн гэгээн лам хуврагууд хичээл номоо үргэлжлүүлэх, тэдний амьдралын хэв маягийг бий болгох нөхцөлийг яаралтай сэргээхээр ажилласан. Тэрбээр орчин үеийн сургалтын хөтөлбөрийг төвөдийн уламжлалтай хослуулсан сургуулиудыг төлөвлөн байгуулсан. Мөн цагаачлал дахь Төвөдийн Парламентыг байгуулах алхмуудыг хийсэн. Тэрбээр орчин үеийн эрдэмтэдтэй хамтран сэтгэлийн мөн чанар болон дотоод амар амгаланг хэрхэн олж авах талаар үр дүнтэй хэлэлцүүлгүүдийг өрнүүлсэн билээ.
Дээрхийн гэгээн цагаачлалын эхний жилүүдэд Нэгдсэн үндэстний байгууллагаас тусламж хүссэн. Дараа нь Төвөдийн нөхцөл байдлыг үнэлэх зорилгоор баримт цуглуулах төлөөлөгчдийг Төвөдөд илгээсэн. Асуудлыг яриа хэлэлцээний замаар шийдвэрлэх зорилготой байсан тул түүний төлөөлөгчид Хятадын эрх баригчидтай 9 удаа хэлэлцээ хийсэн боловч үр дүнд хүрээгүй билээ. Кенпо Соннам Тенпель, Хятадын засгийн газарт хандан Төвөдийн асуудлыг Дээрхийн гэгээний амьдралын хугацаанд шийдвэрлэхийг уриалсан бөгөөд эцэст нь Дээрхийн гэгээнд гүн талархал илэрхийллээ.

Төвөдийн гол хийдийн талбайд Дээрхийн гэгээн Далай лам Төвөдийн шашин ба төрийн удирдлагыг хүлээн авсны 75 жилийн ойг тэмдэглэх ёслолын үеэр төвөд сургууль төгсөгчдийн зохион байгуулах хорооны дарга Таши Намгял үг хэлж байгаа нь. 2025.11.17. Энэтхэг, Х.П., Дарамсала. Зургийг: Тензин Чойжор.
Дараа нь төвөд сургууль төгсөгчдийн зохион байгуулах хорооны дарга Таши Намгял Дээрхийн Гэгээнтэн өөрийг нь даган цагаачлан ирсэн төвөдүүийн талаар ихээхэн санаа зовж байдаг талаар дурдав. Тэрбээр боловсролыг нэн чухал гэж үзэж, Муссурид анхны төвөд сургууль байгуулахыг дэмжсэн бөгөөд өөрийн хөрөнгөөс санхүүжилт олгосон байна. Төвөдүүдэд зориулсан төв сургуулиуд байгуулагдсанаар төвөд хүүхдүүд өөрийн хэл, түүх, шашны уламжлалыг сурахын зэрэгцээ математик зэрэг орчин үеийн хөтөлбөрийг эзэмших боломжтой болсон билээ.
Түүнчлэн Дээрхийн гэгээн өөрийн эгч Цэрин Долмагийн Дарамсалад олон өнчин хүүхдүүдийг асрах зорилготой Төвөд хүүхдийн хотхоныг байгуулахад нь дэмжлэг үзүүлсэн юм. Дээрхийн Гэгээний алба төвөдийн суурин газруудад байгуулагдсан олон сургуулиудадх хөрөнгө төсөв олгосон. Тэрбээр эдгээр сургуулиудад хүүхдүүд хэрхэн суралцаж байгааг харахын тулд өөрөө хүрэлцэн очиж, эцэг эхээс гардаг өгөөмөр халамжийг үзүүлдэг байв.
Таши Намгял, “Товчхондоо төвөд хүүхдүүд бараг бүгдээрээ бичиг үсэгт бүрэн тайлагдсан бөгөөд хожим нь тэд Төвөдийн нийгэмд хариуцлагатай, хувь нэмэр оруулдаг иргэд болж өссөн юм” хэмээн дүгнэв.

Үүний дараа Дээрхийн гэгээнд мэргэн ухааны дэнлүүгээр гэрэлтсэн нээлттэй номыг барьж буй хоёр гарыг алт, мөнгөөр урлан дүрсэлсэн талархлын бэлгийг гардуулав. Энэ нь Дээрхийн гэгээний хязгааргүй энэрэнгүй сэтгэлд гүнээ талархаж байгаагаа дахин илэрхийлсэн явдал юм.
Төвөд сургууль төгсөгчдийн төлөөлөл Дээрхийн гэгээнд зориулж тусгайлан зохиосон дууг баяр баясгалантайгаар дуулан талархал илэрхийлэв.

Дараа нь ёслолын ажиллагааны хүндэт зочин Энэтхэг дэх БНЧУ-ын элчин сайд, доктор Элиска Зигова цугларагсдад хандан үг хэлэв. Тэрээр “удирдлага гэж юу вэ?” гэсэн асуулт тавиад “та бүхэн бидэнд сайн удирдлага хэрэгтэй гэдэгтэй надтай санал нийлэх байх гэж бодож байна. Дэлхийн олон бүс нутагт удирдлага хэрхэн алдагдаж байгааг харахад Дээрхийн гэгээн Далай лам 75 жилийн өмнө Төвөдийн шашин ба төрийн удирдлагыг хүлээн авсныг тэмдэглэж байгаа энэхүү баярт үйл явдлыг онцгой ач холбогдолтой болгож байна.”
“Төвөд сургуулийн төгсөгчид Дээрхийн гэгээнд талархлаа илэрхийлж байгаа байдал нь миний сэтгэлийг хөдөлгөлөө. Түүнчлэн залуу Далай лам тийм хүнд нөхцөлд ард түмэн, улс орныхоо төлөө хэрхэн хариуцлага хүлээж байсан, есөн жилийн дараа Төвөдөөс явахад хүрсэн тухай бодлоо. Түүнийг даган мянга мянган төвөдүүд дүрвэсэн байна. Дээрхийн гэгээн тэдний сайн сайхны төлөө санаа тавьж 1960 онд сургуулиуд байгуулах санаачилгыг гаргажээ. Өнөөдөр бид зөвхөн тэдгээр сургуулиудын төгсөгчдийг төдийгүй өнөө үед эдгээр сургуульд суралцаж буй хүүхдүүдийг харж байна.”
“Би энэ оны 4-р сард Муссурид байрлах Төвөд гэр сангийн сургуульд зочилсон. Тэнд хүүхдүүд зөвхөн сайн боловсрол эзэмшээд зогсохгүй, сайн халамжид байгааг харсан. Үнэхээр гайхалтай нь цагаачлалын гурав дахь үеийн эдгээр хүүхдүүд төвөд хэлээр чөлөөтэй ярьж байна. Тиймээс төвөдийн ард түмний ирээдүйн төлөө би манай оюун санааны удирдагчийг урт наслахын төлөө залбирч байна. Миний хувьд ‘манай’ гэж хэлж байгаа нь учиртай бөгөөд тэрбээр бид бүгдэд манлайлалын үлгэр дуурайлыг үзүүлж байгаа билээ.”
“Чех улсын Элчин сайдын хувьд би нэг зүйлийг нэмж хэлмээр байна. 11-р сарын 17 нь Чехийн түүхэнд чухал өдөр юм. 1989 оны энэ өдөр Хилэн хувьсгал эхэлж, 40 жилийн турш үргэлжилсэн коммунист дэглэм тайван замаар унаж, Вацлав Хавел чөлөөт Чехословакын анхны ерөнхийлөгч болсон юм.”

“Манай ерөнхийлөгч Дээрхийн гэгээн Далай ламыг Чехословак улсад урьсан нь түүний манлайлалд Дээрхийн гэгээний оролцоо чухал үүрэгтэй байсан гэж үзсэнтэй холбоотой. Дээрхийн гэгээн болон Вацлав Хавел нарын хооронд тогтсон нөхөрлөл нь Төвөд ба Чех улсын хооронд маш чухал холбоог бий болгосон. Та бүхэнд амар амгалан, эрх чөлөө, хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөе. Маш их баярлалаа.”
Дараа нь доктор Зиговаг Лосан Жинпа Нампхелцангийн зохиосон "Төвөдийн түүх ба Дээрхийн гэгээн XIV Далай ламын өв" номын нээлт хийхийг урилаа.

Кашагийн нарийн бичгийн дарга бөгөөд Төв Гутон зохион байгуулах хорооны дарга Цэгял Чүкья Драньи ёслолын төгсгөлд талархлын үг хэлэв. Тэрээр энэхүү арга хэмжээг ивээн соёрхсон Дээрхийн гэгээнд гүн талархал илэрхийлэн залбирав. Мөн хүндэт зочин доктор Элиска Зиговад урам зориг өгсөн үгс хэлсэнд нь, Сикён болон Парламентын даргад сэтгэл сэргээсэн мэдэгдэл хийсэнд нь тус тус талархал илэрхийллээ. Тэрээр оролцсон бүх зочдод, ялангуяа Энэтхэг, Балба, Бутан дахь төвөд сургуулийн төгсөгчдөд талархал илэрхийлэв. Эцэст нь хэвлэл мэдээллийн ажилтнууд болон ёслолын арга хэмжээний арын албанд ажилласан бүх хүмүүст талархал илэрхийллээ.
Дээрхийн гэгээн ёслолын арга хэмжээний дараа босож зүүн, баруун талд байгаа зочдод хандаж инээмсэглэн талбайгаар алхав. Тэрбээр өргөөнийх нь хаалганаас өргөөнд нь хүргэх гольфын тэргэнд суулаа. Үүний зэрэгцээ талбайд баяр ёслол үргэлжилж, хүмүүс үдийн хоолны цаг болтол дуулж бүжиглэв.










