Өнөөдөр Коммунист Хятадын дарангуйллыг сөрсөн 1959 оны Төвөдийн ард түмний тайван бослогын 51 жилийн ой мөн 2008 оны 3-р сард Төвөд даяар зохион байгуулагдсан тайван жагсаалын хоёр жилийн ой тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Төвөдийн үйл хэргийн төлөө амь насаа золиосолсон баатарлаг эрчүүд, эмэгтэйчүүдэд хүндэтгэл үзүүлж, Төвөдөд одоо ч дарамт, хавчлагад өртөж буй хүмүүсийн зовлон шаналал хурдан дуусах болоосой хэмээн залбирч байна.
Олон арван жилийн турш асар их бэрхшээлтэй тулгарсан ч төвөдүүд зориг, шийдэмгий байдлаа хадгалж, энэрэн нигүүлсэхүйн соёлоо сахин хамгаалж, өвөрмөц онцлог шинжээ хямгадан үлдэж чадсан. Өнөөдөр шинэ үеийн төвөд залуус Төвөдийн шударга үйл хэргийг үргэлжлүүлэн авч яваа нь урам зориг өгч байна. Одоо ч айдас, дарангуйллыг хатуужин тэвчиж буй төвөд хүмүүсийн эр зоригийг хүндэтгэн мэхийе.
Бид ямар ч нөхцөл байдалд орсон бай өвөрмөц онцлог, өв соёлоо хамгаалахын зэрэгцээ олон үндэстнүүдийн дунд эрх тэгш байдал, эв найрамдал, эв нэгдлийг хадгалах нь бүх төвөд хүний үүрэг хариуцлага юм. Төвөдийн нутагт олон төвөд хүн нам, засгийн газар, цэргийн янз бүрийн хариуцлагатай албан тушаалд ажиллаж, чадах чинээгээрээ төвөдүүддээ тусалж байгаа. Тэдний олонхийн өнөөг хүртэл оруулсан эерэг хувь нэмрийг бид үнэлж, хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд ирээдүйд Төвөд боломжийн хэмжээний автономит эрхтэй болох үед тэд энэхүү үүрэг хариуцлагаа үргэлжлүүлэн гүйцэтгэх хэрэгтэй болно.
Төвөдийн асуудал шийдэгдвэл би улс төрийн ямар нэг албан тушаал хүлээж авахгүй мөн хилийн чанад дахь Төвөдийн Захиргааны гишүүд ч Төвөд дэх засгийн газарт ямар нэгэн албан тушаал хашихгүй гэдгийг давтан хэлье. Би үүнийг өмнө нь удаа дараалан тодорхой хэлж байсан. Хилийн чанадад амьдарч буй төвөдүүдийн нөхцөл байдал, хүсэл тэмүүллийг ойлгохын тулд Төвөдийн янз бүрийн автономит бүс нутгуудад ажиллаж буй албан тушаалтнуудыг эрх чөлөөт ертөнцөд амьдарч буй төвөдийн суурьшлын бүсүүдэд албан ёсоор буюу хувийн журмаар зочилж, нөхцөл байдлыг өөрсдийн нүдээр харахыг урьж байна.
Хилийн чанадад буй төвөдүүд хаана суурьшсан ч бай өөрсдийн өвөрмөц соёл, оюун санааны уламжлалаа хадгалж, сурталчлахын зэрэгцээ Төвөдийн үйл хэргийг олон нийтэд таниулж чадсан билээ. Бусад дүрвэгсдээс ялгаатай нь бид хүүхдүүдээ уламжлалт үнэт зүйлсийнхээ дагуу хүмүүжүүлэхийн зэрэгцээ орчин үеийн сайн боловсрол олгож чадсанаар харьцангуй амжилтанд хүрсэн. Мөн төвөдийн буддын шашны дөрвөн том уламжлал болон Бон шашны тэргүүнүүд ч хилийн чанадад байгаа тул бид шашны сургалт, дадлага хийх төрөл бүрийн сургалтын төвүүдийг сэргээн байгуулах боломжтой байлаа. Эдгээр сургалтын төвүүдэд арван мянга гаруй лам, гэлэнмаа нар өөрсдийн ажил мэргэжлээ чөлөөтэй эрхэлж байна. Бид Төвөдөөс нэмэгдэн ирсээр буй буй лам, гэлэнмаа, оюутнуудад боловсрол эзэмших боломжийг бүрдүүлж чадсан. Үүний зэрэгцээгээр төвөдийн буддын шашин өрнө, дорны орнуудад урьд хожид байгаагүйгээр дэлгэрч, ирээдүйд ч улам дэвжих төлөвтэй байгаа нь цаашид энэ шашин тэсэж үлдэнэ гэсэн итгэл төрүүлж байна. Энэ нь Төвөдийн түүхэн дэх хамгийн эгзэгтэй хэцүү энэ үед бидэнд тодорхой хэмжээний тайтгарал болж байгаа юм.
Өнөөдөр Хятадын эрх баригчид Төвөдийн олон сүм хийдэд эх оронч үзлийн боловсрол дахин олгох зэрэг улс төрийн янз бүрийн кампанит ажил явуулж байна. Тэд лам, гэлэнмаа нарыг шоронгийн мэт нөхцөл байдалд байлгаж, амар тайван сурч боловсрох боломжийг нь хааж байна. Эдгээр нь сүм хийдүүдийн үйл ажиллагааг музей мэт болгож, буддын шашныг санаатайгаар устгах зорилготой юм.
Энэрэн нигүүлсэхүй, үл хүчирхийлэл хэмээх буддын үнэт зүйлсэд суурилсан Төвөдийн соёл нь зөвхөн төвөдүүд төдийгүй Хятадыг оруулаад дэлхийн нийт хүмүүст ч ашиг тустай. Иймээс төвөдүүд бид зөвхөн материаллаг хөгжилд найдах бус Төвөдийн дотоодод болон гадна байгаа бүх төвөдүүд орчин үеийн боловсролыг уламжлалт үнэт зүйлстэйгээ хослуулан хөгжүүлэх нь нэн чухал юм. Хамгийн гол нь, аль болох олон төвөд залуус өндөр түвшний, чадварлаг мэргэжилтнүүд болохыг эрмэлзэх хэрэгтэй.
Мөн төвөдүүд бусад үндэстний хүмүүстэй төдийгүй өөр хоорондоо найрсаг харилцаатай байх нь чухал бөгөөд өөр хоорондоо жижиг маргаан үүсгэхийг тэвчих хэрэгтэй. Түүний оронд аливаа санал зөрөлдөөнийг тэвчээр, ойлголцлоор шийдвэрлэж байхыг би чин сэтгэлээсээ уриалж байна.
Хятадын Засгийн газрын хүлээн зөвшөөрөх үгүйгээс үл хамааран Төвөдөд ноцтой асуудал үүсээд байгаа нь илэрхий байгаа. Дэлхий даяар мэдэж байгаачлан Төвөдөд цэргийн асар их хүчийг төвлөрүүлж, зорчих хөдөлгөөнийг хязгаарлаад байгаа нь үүний нотолгоо юм. Энэ нь аль аль талдаа ашиггүй учраас бид асуудлыг шийдвэрлэх бүх боломжийг ашиглах шаардлагатай. 30 гаруй жилийн турш би хоёр талд харилцан ашигтай Дундад Замын бодлогоор Төвөдийн асуудлыг шийдвэрлэхийн тулд Бүгд Найрамдах Хятад Ард Улстай яриа хэлэлцээр хийхийг чадах чинээгээрээ хичээж ирлээ. Хэдийгээр Төвөдийн хүсэл эрмэлзлийг БНХАУ-ын үндсэн хууль, үндэстний бүс нутгуудын өөртөө засах тухай хуульд нийцүүлэн тодорхой илэрхийлсэн ч бид ямар нэг ахицтай үр дүнд хүрээгүй байна. Хятадын одоогийн удирдлагын хандлагаас харахад ойрын хугацаанд үр дүнд хүрэх найдвар ч бага байна. Гэсэн хэдий ч яриа хэлэлцээрийг үргэлжлүүлэх бидний байр суурь өөрчлөгдөөгүй хэвээр байгаа.
Хоёр талд харилцан ашигтай Дундад Замын бодлого, Төвөдийн тэмцлийн үнэн шударга байдлыг АНУ-ын Ерөнхийлөгч, нэр хүндтэй төрийн бус байгууллагууд, олон улсын хамтын нийгэмлэг, ялангуяа Хятадын сэхээтнүүдийг оруулаад улс төр, оюун санааны удирдагчид жил ирэх тусам улам бүр ойлгож, дэмжиж байгаа нь бидний хувьд бахархал, сэтгэл ханамжийн асуудал юм. Төвөдийн асуудал нь Хятад, Төвөдийн ард түмний хоорондын зөрөлдөөн бус, харин Хятадын коммунист эрх баригчдын хэт зүүний бодлогоос үүдэж байгаа нь илт юм.
2008 онд Төвөдөд болсон жагсаалаас хойш Хятадын дотоод болон гадаад дахь хятад сэхээтнүүд Төвөдийн асуудлын талаар аль нэг талыг барилгүй төвийг сахисан 800 гаруй өгүүлэл бичжээ. Гадаад айлчлалуудын үеэр хаа явсан газраа би хятад хүмүүс, тэр дундаа сэхээтнүүд, оюутнуудтай уулзахад тэд чин сэтгэлээсээ ойлгож, дэмжиж байгаагаа илэрхийлдэг билээ. Хятад, Төвөдийн асуудлыг эцсийн эцэст энэ хоёр ард түмэн өөрсдөө шийдэх ёстой учраас би хятад хүмүүстэй аль чадахаараа холбоо харилцаа тогтоож, хоорондын харилцан ойлголцлыг бий болгохыг хичээдэг. Тиймээс газар сайгүй амьдарч байгаа төвөдүүд Хятадын ард түмэнтэй ойр дотно харилцаа тогтоож, Төвөдийн үйл хэргийн үнэн зөв болон Төвөдийн өнөөгийн нөхцөл байдлын талаар ойлгуулахыг хичээх нь чухал байна.
Мөн асар их бэрхшээл, улам бүр нэмэгдэх дарамт хавчлагад өртсөн Зүүн Туркестаны ард түмэн болон илүү их эрх чөлөөний төлөө тэмцэж, хүнд ял авсан Хятадын сэхээтнүүдийг санацгаая. Би тэдэнтэй эв санаа нэгтэй байгаагаа илэрхийлж, тэдний талд бат зогсохыг хүсч байна.
Түүнчлэн Хятадын 1.3 тэрбум ард түмэн өөрийн болон бусад улс орны талаарх мэдээллийг чөлөөтэй олж авч, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэйгээр хуулиа дээдлэн амьдрах боломжтой байх нь нэн чухал юм. Хэрэв Хятадын дотоодод ил тод байдал нэмэгдвэл итгэлцэл нэмэгдэж, энэ нь эв нэгдэл, тогтвортой байдал, хөгжил дэвшлийг дэмжих зөв үндэс болно. Тиймээс хүн бүхэн энэ чиглэлээр хүчин чармайлт гаргах хэрэгтэй.
Төвөдийн ард түмний эрх чөлөөт төлөөлөгчийн хувьд би тэдний үндсэн хүсэл эрмэлзлийг БНХАУ-ын удирдагчдад удаа дараа илэрхийлж байсан ч эерэг хариу аваагүй байгаа нь харамсалтай. Одоогийн эрх баригчид байр сууриндаа хатуу зогсож болох ч олон улсын тавцан дээр болж буй улс төрийн өөрчлөлтүүд, Хятадын ард түмний үзэл бодлын өөрчлөлтөөс харахад шударга үнэн ялах цаг ирнэ. Тиймээс хүн бүр тэвчээртэй, бууж өгөхгүй байх нь чухал.
Бид ерөнхий сайд Вэнь Жиабаогийн саяхан болсон Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын ээлжит чуулган дээр онцолсон, ирээдүйн дэвшил, хөгжлийг хангах зорилгоор Төвөдийн бүх нутаг дэвсгэрт жигд бодлого хэрэгжүүлэх тухай Төвөдийн Ажлын Тавдугаар Чуулга Уулзалтын үеэр гаргасан Төв засгийн газрын шийдвэрийг хүлээн зөвшөөрч байна. Энэ нь Төвөдийн бүх бүс нутагт нэг засаг захиргаатай байх талаар бидний удаа дараа илэрхийлж байсан хүсэлтэй нийцэж байгаа юм. Мөн бид Төвөдийн нутаг, ялангуяа нүүдлийн болон газар тариалангийн бүс нутагт хийгдсэн бүтээн байгуулалтын ажилд талархаж байна. Гэсэн хэдий ч ийм ахиц дэвшил нь бидний үнэт өв соёл, хэл болон нийт Ази тивийн сайн сайхан аж байдалтай холбоотой Төвөдийн өндөрлөгийн байгаль орчинд хохирол учруулахгүй байх тал дээр сонор сэрэмжтэй байх хэрэгтэй.
Энэ чухал өдрийг тохиолдуулан олон үндэстний удирдагчид, сэхээтнүүд, олон нийт, Төвөдийг дэмжих бүлгүүд болон үнэн зөв, шударга ёсыг эрхэмлэдэг бүх хүмүүст Хятадын засгийн газрын дарамт, шахалтыг үл хайхран Төвөдийн үйл хэргийг дэмжсээр ирсэнд нь чин сэтгэлийн талархал илэрхийлэхийг хүсч байна. Юуны өмнө бидэнд сэтгэл харамгүйгээр тусалж дэмжсээр байгаа Энэтхэгийн засгийн газар, мужуудын засгийн газрууд болон Энэтхэгийн нийт ард түмэнд чин зүрхний угаас талархал илэрхийлье.
Эцэст нь би хамаг амьтны аз жаргал, сайн сайхны төлөө залбирч байна.
Далай лам
2010 оны 3 дугаар сарын 10