Энэтхэг, Химачал прадеш, Дарамсала, Тэгчэн чойлин- Өнөө өглөө Дарамсала дахь гол төвөд хийд болох Зүглэгханд Тэндон Соёлын Өвийг Хадгалах Нийгэмлэг, Олон Улёын Жонангийн уламжлалыг хадгалах холбоо, Домэй-Манг-Бха-Жа-Сум Холбоо, Балбын Намжал дунд сургуулийн төгсөгчид болон Сиднейн Төвөдийн Холбоо тэргүүтэй таван байгууллага хамтран Дээрхийн гэгээн Далай ламын өлмий батдахын тухайтад бат оршил өргөлөө. Дээрхийн гэгээн тэдгээр байгууллагын төлөөлөгчидтэй өргөөнийхөө үүдэнд уулзан тэдэнтэй хамт хийдийн хашаагаар алхах зуураа замаар эгнэн зогссон сүсэгтнүүдтэй гараараа даллан, инээмсэглэн мэндчилэв. Түүнд уламжлалт Чема Чанпуг өргөн барихад чимхийг авч ёслов. Дараа нь бүжигчид Дээрхийн гэгээний мэлмийг баясгахын тухайтад бүжгэн өргөл өргөв.
Хийдэд Дээрхийн гэгээнийг Бурхан багшийн шүтээний өмнөх сэнтийд залрахад уншлага залбирлыг хөтлөн тэргүүлэх хуврагууд болох Таванг хийдийн хамба лам Гябон ринбүүчи, Намгял хийдийн Доржэ Лобпөн, Жонангийн Гялцаб ринбүүчи, Гандэн Три ринбүүчи, Линг ринбүүчи, Гуру Тулку ринбүүчи, мөн Аруначал Прадеш мужийн Таванг дахь Жанг тосгоны Кагю хийдийн хамба лам Нима Даши нар өөдөөс нь харан сууцгаалаа.
Гандан Три ринбүүчи урагш гарч Дээрхийн гэгээнд хүндэтгэл үзүүлээд Төвөд болон Энэтхэг оронд олон дүрээр заларч асан Жанрайсиг бурханы уншлага залбирлаар ёслолыг эхлүүлвээ.
Дээрхийн гэгээн хуран чуулсан олонд хандан: “Би бодь сэтгэлийг үргэлжид дурьдан санаж, дадуулан хөгжүүлж өдөр бүр дараах залбирлыг талбидаг билээ” хэмээгээд доорх залбирлыг уншлаа.
“Сансар огторгуй хэзээд оршихуй
Амьтан тэр хүртэл ажрах агаад
Алин тэр хэдий хүртэл би оршоод
Амьтдын зовлонг арилгах болтугай.”
“Би өмнөх Далай лам нарын дамжлагыг залгамжилж ирсний тул Хималайн бүс нутгийн ард түмэнтэй машид гүн барилдлагатай байдаг билээ. Саяхан би Ладакт айлчиллаа. Удахгүй Мон Таванг нутагт очих байх гэж найдаж байна.
Зураг. Дарамсала дахь Зүглэгхан дуганд бат оршил өргөх ёслолын үеэр Дээрхийн гэгээн Далай лам хуран чуулсан олонд ном айлдаж буй нь. Энэтхэг, Химачал Прадеш, Дарамсала. 2022 оны 9 сарын 7-ны өдөр. Зургийг: Дэнзэн Жамбал.
Энэ насанд дээдийн ном болоод эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусыг бүтээх завшаан надад тохиож, энэ үйл хэргээ үргэжлүүлэхийн тухайтад илүү урт наслах хэрэгтэй байна. Би өөрийгөө ахиад арав, хорин жил амьдрах байх гэж боддог. Мөнгө, алдар нэр надад огтхон ч чухал биш бөгөөд бусдад тусыг бүтээх нь л нэн чухаг байдаг. Иймийн тулд л урт наслахын тухайтад залбирдаг юм. Өнөөдрийн уншлага залбиралд Дарь эхийн уншлага багтаж байх агаад би өдөр тутамдаа урт наслан хамаг амьтны тусыг бүтээхийн төлөө Дарь эхийн тарнийг нь урин уншдаг билээ.
Ладак болон Занскар нутгаар хийсэн айлчлалынхаа үеэр тэдгээр нутгийн ард түмний итгэл үнэмшил, сүсэг бишрэлийг хараад сэтгэл минь ихэд хөдөлсөн. Төвөд оронд амьдарч буй төвөдүүдийн сүсэг бишрэл хувирашгүй хэдий ч тэд хүнд хэцүү нөхцөл байдал дор аж төрж байгаа. Гэсэн хэдий ч Буддизмыг сонирхон судлах хятадуудын тоо өсөж, хятадын албаны хүмүүс ч намайг тэдний бодож байгаа шиг эсэргүү биш гэдгийг ойлгож эхэлж байна. Миний зүүдэнд ном сонсож, аврал айлтгахаар номын сахиус, баатар дагинас ирдэг нь дээдийн номыг дуршин сонирхох нь зөвхөн хүний төрлөөр хязгаарлагддаггүй гэдгийг илтгэж байгаа хэрэг билээ. Тэр төрөлтнүүдэд бусдад тустай байж бодь сэтгэлийг төрүүлэхийг захиж сургадаг” хэмээн Дээрхийн гэгээн айлдлаа.
Дараа нь унзад лам Дээрхийн гэгээнд мандал өргөх үеэр бэлэг өргөх сүсэгтнүүдийн цуваа орж ирлээ. Гандан Три ринбүүчи Дээрхийн гэгээний өлмий батдахын тухайтад уншлага уншихаар арслант ширээний өмнө очлоо.
Дээрхийн гэгээний өлмий батдахын тухайтад унзад лам мандал өргөж буй нь. Энэтхэг, Химачал прадеш, Дарамсала. 2022 оны 9 сарын 7. Зургийг Дэнзэн Жамбал.
“Та бол Төвөдийн ард түмний удирдагч” хэмээн Гандан Три ринбүүчи зарлан тунхаглав. Гандан Три ринбүүчи: "Бидний таван байгууллагын төлөөлөл, Аруначал Прадеш мужийн ард иргэд болон Жонангийн уламжлалыг баримтлагчид Танд хүндэтгэл үзүүлж мөргөмүй" хэмээгээд залбирал талбиж, мөргөв.
“Жанрайсиг бурхан Төвөд оронд заларна хэмээсэн эш зөн биелжээ. Төвөдийн анхны хаан Няти Цанбо хийгээд түүний залгамжлагчдаас эхлэн Далай ламын бүхий л дүрүүд түүний дотроос тухайлан Гүмбүмийн ойролцоох Амдод мэндэлсэн 13 дугаар Далай ламын хойд дүр Та бол тэр эш зөнгийн биелэл билээ. Та уламжлалт ёс жаяг журмын дагуу машид хичээнгүйлэн сайтар суралцсан билээ.
Та мохош үгүй чин зоригоор хамаг амьтны тусыг хязгааргүй ихээр үйлддэг билээ. Арга ухаан болон тэсвэр хатуужлыг хослуулан шашин төрийг эрхшээж Төвөдийн ард түмнийг манлайлан удирдсан билээ. Та бидэнд ардчиллыг ойлгуулан нэвтрүүлж улмаар бид өөрсдийн төлөөллөө сонгодог болжээ.
Энх тайвны төлөөх Нобелийн шагнал болон Америкийн Конгрессын Алтан медаль нь хүн төрөлхтөний төлөөх үйл хэргийг тань үнэлсэн билээ.
Алдарт Тавдугаар Далай ламаас хойш 369 жилийн дараа улс төрийн эрх мэдлээ Төвдүүдийн сонгосон удирдагчид Дээрхийн гэгээн та шилжүүлэн өгсөн билээ.
Байгаль орчныг хамгаалах үйлсэд ч мөн хичээнгүйлэн зүтгэж байгаа.
Эдгээр нь таны гавьяа зүтгэлийн нэгээхэн хэсэг бөгөөд дурьдаагүй нь үүнээс ч олон бөлгөө.
Тандонжалба ламын адилаар Таныг 125 наслах болтугай хэмээн бид бүхэн залбирч байна. Мөн Таны аврал ивээлд үргэлжид багтаж, айлдвар номыг тань чандлан дагаж явахын тулд залбирал талбиж энэхүү өргөлийг Танд барьж байна” хэмээн Гандан Три ринбүүчи өгүүллээ.
Тэгээд Гандан Три ринбүүчи Цагаан дарь эхийн шуумал, “Билиг барамидийн найман мянгат судар”-ын хуулбар болон суваргыг өргөн барив. Урт наслуулах рашаан бүхий бумбыг барихад Дээрхийн гэгээн түүнээс амсаад эргүүлэн Три ринбүүчид өргөв. Түүнчлэн урт наслуулах үрэл болон хандалсан бэлдмэлийг өргөхөд Дээрхийн гэгээн түүнээс хүртээд мөн л Три ринбүүчид буцаан барилаа.
Жонан Жалцав ринбүүчи найман тахилыг өргөн барих үеэр Найчун гүртэн Чойжин сахиусаа буулган Дээрхийн гэгээнд хүндэтгэл үзүүлэв.
Энэхүү ёслолыг жандагласан өглөгийн эзэд Дээрхийн гэгээний залран ахуй арслант ширээний өмнө ирж түүнээс хадаг болон зангиа хүртэв. Гүрү Тулку ринбүүчи Дээрхийн гэгээнд Тандонжалба ламын мөнгөн шуумал шүтээнийг өргөн барив.
Дээрхийн гэгээн ийн айлдав: “Би Аруначал Прадеш болон Хималайн бүс нутгийн ард түмэнтэй ихэд гүн гүнзгий барилдлагатай билээ. Өмнөх олон төрлийн үйлийн барилдлага, залбирал ерөөлийн хүчээр би тэдгээр ард түмэнд төдийгүй эх болсон зургаан зүйл хамаг амьтан, дээдийн номонд өөрийн бүхий л амьдралаа зориулан хүчин зүтгэх шалтгаан нөхцөл бүрэлдсэн ажээ. Иймийн тулд энэхүү завшаан нөхцлөөс улбаалан ахиад хорин жил амьдрах чинхүү хүсэл эрмэлзлэл төрж байна. Өнөөдрийн өлмий батдах ёслолыг зохион байгуулсан таван байгууллагын гишүүд, төлөөлөгчид болон энд хуран цугласан нийт сүсэгтнүүдэд чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Ковид 19 цар тахал Аруначал Прадеш болон Төвөд оронд ихэд тархсан байна. Энэхүү цар тахал намжин дарагдах болтугай хэмээн залбирах болно. Хятдад ч энэ аюул машид хурцадмал байна. Энэ цаг мөчид төвөдүүд болон хятадуудын төлөө Дарь эхэд залбирч үүссэн аюулт тахал, өвчин зовлон амирлаж, сэтгэл оюун дахь айдас түгшүүр арилахын тухайтад залбирал талбия аа. Мөн Шинжааны ард иргэдийг энэрэн хайрлаж, залбирч байна.
Нэмээд Бурхан багшийн сургааль номыг сурч судлах, тунгаан шинжлэх, бясалгах замаар цаашид үргэлжлүүлэн хадгалан хамгаалж, түгээн дэлгэрүүлэх болтугай хэмээн залбирал талбия аа.” хэмээгээд Дээрхийн гэгээн айлдвараа өндөрлүүлэв.
Номын төгсгөлд сүсэгтнүүд Дээрхийн гэгээнээс Жанрайсиг бурханы тарни “Ум мани бадмэ хум” тарнийн эш лүнг хүсэн айлтгахад тэр ёсоор болгов. Тэрбээр өглөө бүр даян дэлхий амар амгалан байхын тухайтад энэхүү тарнийг “Шүтэн барилдлагын магтаалын” хамт уншдаг гэлээ. Далай лам сүсэгтэн олныг дагуулан “Ум мани бадмэ хум” тарнийг нэг бүтэн эрхи уншилаа.
Өлмий батдах залбирал уншлага дүүрсний дараа Дээрхийн гэгээн Далай лам өөрийн өргөө рүү морилох замдаа хуран цугласан олонтой мэндчилж, гараараа даллаж буй нь. Энэтхэг, Химачал Прадеш, Дарамсала. 2022 оны 9 сарын 7. Зургийг Дэнзэн Жамбал.
Дээрхийн гэгээн хийдийг орхин түүнийг хүлээн буй машин руу явах замдаа зүг бүхэн рүү харан тэнд байх сүсэгтнүүд рүү инээмсэглэн, гараараа даллах бөгөөд тэд ч мөн инээмсэглэн хариу мэндчилж байлаа.
Англи хэлнээс орчуулсан Б.Баярмаа