Энэтхэг улс, Ладак хот, Лэх хот. Энэ өглөө Дээрхийн гэгээн Далай лам Шевацэл ордноос Лэх хот руу морилж, тус хотын гол сүм Жохан дуганд мөргөл үйлджээ. Сүмийн үүдэнд албаны хүмүүс, дотор залрахад лам нар угтан авчээ. Дээрхийн гэгээн шүтээнүүдэд хүндэтгэл үзүүлэн мөргөж, цугласан олонтой мэндчилсний дараа сэнтийдээ залрав.

Дээрхийн гэгээн цугласан олонд, “Ладак хотноо хүрэлцэн ирээд, Жохан сүмд заларлаа. Бид бүгд “Бодьсадвын явдалд орохуй” зохиолын дараах бадгийг эрхэмлэн баримталдаг билээ.
Агуу огторгуй хэзээ орших хүртэл
Амьтан тэр хүртэл ажрах агаад
Алин тэр хэдүй хүртэл би оршоод
Амьтны зовлонг арилгах болтугай.
Би бусдад тус хүргэх сэтгэлийн үүднээс энэ шүлгийг өдөр бүр залбирал болгон уншдаг. Бурхан багш өөрөө бусдын тусын бүтээхийн төлөө гурван галвын турш буян болон билиг билгүүнийг хураасан билээ. Тэрбээр бусдын тусын төлөөх асрал сэтгэлээр хөтлөгдөн, эцэст нь гэгээрэлд хүрсэн юм. Бид бүгд бурхны мөн чанартай. Бидний жинхэнэ мөн чанар бол муу сэтгэлээс ангид байх явдал юм. Гэвч одоогийн байдлаар бид түр зуурын нисванист сэтгэл автаж байна. Сэтгэлийн үндсэн мөн чанар нь гэгээн гэрэл буюу саруул тунгалаг мэдэхүй, ухамсарлах чадвар юм. Энэ чанар бид бүгдэд бий. Үүнийг бид ямар нэгэн хүчин чармайлт гаргаж олж авдаггүй, харин угаас төрөлх мөн чанараараа агуулж байдаг. Бидний гэгээн гэрэлт сэтгэл түр зуурын муу сэтгэлээр халхлагдсан байдаг ч Бурхан багшийн сургаалд түшиглэснээр тэдгээрийг арилгаж чадна. Бурхан багш сэтгэл дэх нисванисуудаа арилгаснаар Билгүүн номын үнэний лагшинг олсон аж. Түүнд хүрэх үндсэн хүчин зүйл бидний дотор ч мөн бий. Бид бүгд гэгээрэлд хүрэх үндэс хүчин зүйл болох төрөлх мөн чанарыг агуулдаг билээ. Бид Бурхан багшид аврал одуулъя хэмээн хэлэхдээ хаа нэгтээ орших хэн нэгэнд хандаж байгаа хэрэг биш юм. Учир нь бид бүгдийн дотор гэгээн гэрэлт сэтгэл бий бөгөөд түүний угийн мөн чанар нь нисванисаас ангид байдаг. Энэхүү төрөлх ариун чанар түр зуурын нисванисаар халхлагдсан байдаг ч лагшин, зарлиг, тааллын суртахуунаа бясалган дадуулахын хэрээр тэдгээр нисванис аажмаар нимгэрдэг аж. Эцэст нь сэтгэлийг халхалсан нисванисыг бүрэн арилгаж чадвал бид ч мөн Бурхан багшийн олсон үнэний лагшинг олж чадна. Иймээс Бурхан багшид аврал одуулахын жинхэнэ утга нь бидний хүрэхийг зорьж буй тэрхүү гэгээрлийн төлөвийг ухамсарлан ойлгох явдал юм” хэмээн айлджээ.

Дээрхийн гэгээн дэлхий дахинд олон шашны уламжлал байдгийг онцоллоо. Тэрбээр Лхас хотноо байх үед тэнд мусульман шашинтнууд оршин байсан тухай дурсав. “Тэднийг Төвөдийн Засгийн газар албан ёсоор хүлээн зөвшөөрөөд зогсохгүй төрийн ёслол, арга хэмжээнд урьдаг байж. Тиймээс тэр үед ч надад мусульман шашинт найз олон байлаа. Өнөө үед шашныг төдийлөн сонирхдоггүй атлаа төвөдийн уламжлалыг сонирхон судалдаг хүмүүс олон буй. Богд Зонховын “Бодь мөрийн зэрэг” зохиолын төгсгөлд буй дараах бадаг байдаг билээ.
Бурхны сургаал дэлгэрээгүй газар бүхэнд
Бурхан номын дэлгэрэн буурсан газар бүхэнд
Бүгдэд тустай амгалангийн эрдэнэ энэхүү номыг
Буянт их нигүүлслийн сэтгэлээр хөтлөгдөн
Би тодруулан дэлгэрүүлэх болтугай.
Буддын шашин нэгэнт дэлгэрээд, хожим доройтсон газруудад ч хүмүүс түүнийг үнэлэн хүндэтгэсээр байдаг. Учир нь буддын шашны үндэс суурь нь энэрэн нигүүлсэхүй юм. Шашныг төдийлөн сонирхдоггүй хүмүүс ч үүнийг эрхэмлэн үздэг. Ислам, христ, хиндү, жайны шашныг дагадаг эсэхээс үл хамааран бид бүгд хүн төрөлхтний нэгэн хэсэг. Энэ дэлхий дээр бид ахан дүүс билээ. Тиймээс бид бие биедээ элэгсэг дотно сэтгэл, бусдын тусын төлөө гэсэн хандлагыг төлөвшүүлэх хэрэгтэй. Ингэж байж л бид амар амгалан ертөнцийг цогцлоож чадна. Харамсалтай нь, өнөө үед бид шашны уламжлалуудын хооронд ялгаварлан гадуурхах, талцал хуваагдал буй болж буйг олонтоо харж байна. Янз бүрийн шашин гүн ухааны хувьд өөр өөр үзэл баримтлалтай байж болох ч бүгд бие биедээ эелдэг хандаж, тусалж дэмжихийг сургадаг”.

“Би янз бүрийн газар оронд аялахдаа тухайн нутгийн лалын сүм, хиндү, жайны сүм, христийн сүм зэрэг шашны газруудад зочлохыг хичээдэг. Мэдээж би буддын шашинтан. Гэхдээ эдгээр шашны уламжлал бүгд бусдад тустай, энэрэнгүй хандахын үнэ цэнийг сургадгийг би хүлээн зөвшөөрдөг. Буддын шашны уламжлал дотор ч олон урсгал буй. Тухайлбал, Вайбхашика буюу Сайтар өгүүлэгч, Саутрантика буюу Судар баримтлагч, Вайшешика буюу Ялгагч, Йогачара буюу Бясалгалын явдлыг баримтлагч, Вижнянавада буюу Ухамсрын аймаг өгүүлэгч, Прасангика буюу Дагуулан няцаагч тэргүүт. Эдгээр нь бүгд буддын шашны урсгалууд юм. Шашин хоорондын эв нэгдлийг хадгалж үлдэхийн төлөө ажиллах нь туйлын чухал бөгөөд шашныг төдийлөн сонирхдоггүй хүмүүс ч шашны бус ёс зүйг баримталснаар үр өгөөжийг нь хүртэж болохыг санах хэрэгтэй. Биднийг төрөхөд ээж минь асарч халамжилж, ихэнх маань эхийнхээ сүүгээр бойжсон. Бидний өсөж торних үндэс суурь нь энэ юм. Бидний бие махбод эхийн энэрэл хайрын ачаар өсөж, амьд үлдсэнийг ойлгоход нэн хялбар. Тиймээс бид бие махбодоо бусдад туслахад зориулах ёстой гэдгийг ойлгоход хялбар. Хайр, энэрэн нигүүлсэхүйн сэтгэлээр хөтлөгдөн бие биедээ хор хүргэх бус, харин туслах хэрэгтэй. Өнөөдөр амьдарч буй найман тэрбум хүн бүгд эхээс төрөөд зогсохгүй эхийнхээ халамжийн ачаар эрүүл саруул өсөж торниж яваа. Иймээс тэд бусдад халуун, энэрэнгүй сэтгэлээр хандах учиртай. Бусдад хор хүргэх нь огт зохисгүй хэрэг юм. Бид бие биетэйгээ инээж баясан, харилцан тусалж дэмжвэл хүн бүр аз жаргалтай байж чадна гэдэг нь ойлгомжтой. Сайхан сэтгэлтэй байж, бие биедээ туслах нь нэн чухал. Бид дэлхийн энх тайвны тухай ярьдаг. Гэвч энх тайвныг цогцлоохын тулд сайхан сэтгэлтэй байж, дотоод сэтгэлдээ амар амгаланг буй болгох хэрэгтэй. Харин атаархал, бардам зан, ихэрхэл, өрсөлдөх сэтгэлгээ, уур хилэнгээр дүүрэн байвал сэтгэлийн амар амгаланд хүрэх ямар ч боломжгүй юм”.

“Хойд, өмнөд, дорно, өрнө гээд хаана амьдарч байгаагаас үл хамааран хүн бүр энх тайвныг хүсдэг. Энэ хүсэл эрмэлзлээрээ бид бүгд адилхан. Үнэн хэрэгтээ хэн ч бусдыг алах, дарлах, дээрэлхэхийг хүсдэггүй. Бидний хийх ёстой зүйл бол хүн бүрийг тэгш эрхтэй хэмээн үзэж, бие биедээ туслах явдал юм. Тэгвэл бид амар амгалан амьдарч чадна. Мөн насан эцэслэх үедээ биднийг хайрлан хүндэлдэг хүмүүсээр хүрээлүүлсэн байвал сэтгэл амар байх болно. Бид бүгд энд, эрхэм дээд багш Шагжамүни Бурхан багшийн шүтээн дүрийн өмнө цуглаад байна. Түүний өмнө бид сайхан сэтгэлээр биеэ авч явна хэмээн тангараглах учиртай. Хятадад хүртэл өөрчлөлт гарч байна. Бидний хийх ёстой зүйл бол зэвсэг, хүчирхийлэлд найдах явдал хоцрогдсоныг санаж, дэлхий дахинд энх тайвныг цогцлоохын төлөө хичээх явдал юм. Харилцаа холбоо улам сайжирч, бид урьд өмнөхөөсөө илүү нягт холбогдох болсон. Бид бие биенийхээ талаар өмнөхөөсөө хавьгүй ихийг мэддэг болсон. Хэрэв бид дэлхийн энх тайвныг чин сэтгэлээсээ хүсэж байвал эрхэм дээд багшаасаа тусламж хүсэж болно. Шашин шүтэгчид бид дэлхийд энх тайван тогтоохын төлөө хамтдаа зүтгэдэг ахан дүүс мэт эв найртай амьдарч чадвал энх тайванд хүрэх боломжтой. Дайн байлдаан хийх, цэргийн хүч хэрэглэх нь цаг үеэсээ хоцорсон арга зам юм. Бид хайр, энэрэн нигүүлсэхүйг төлөвшүүлж, бие биедээ туслан, дэлхий дахинд энх тайвныг тогтоож чаддаг болохын төлөө Бурхан багшаас дахин залбиран хүсэж байна. Та нар Аллах бурхныг шүтдэг ч бай, Бүтээгч бурхныг шүтдэг ч бай, мөн адил тэдэнд залбирч байна. Хараач. Өнөөдөр тэнгэр цэлмэг, дэлхий өнгөлөг байна. Ийм нөхцөлд амьдарч буй хүмүүс бие биенээ ахан дүүс хэмээн үзэж, сөрөг сэтгэл хөдлөлд автан, сэтгэлээ үймүүлэхээс зайлсхийх хэрэгтэй. Бид аминч үзэлтэй байж болохгүй. Бусдыг дорд үзэж, басамжилж болохгүй. Харин тэдний сайн сайхны төлөө ажиллах ёстой. Бусдын тусын төлөөх сэтгэлээ хэдий чинээ бясалгаж хөгжүүлнэ, төдий чинээ сөрөг сэтгэл хөдлөл маань дарагдах болно. Энэ бол миний бясалгал, дадлагын арга юм. Би олон төрөл дамнан бусдад амар амгалан, баяр баясгалан авчрахыг залбирсаар ирсэн билээ. Нигүүлсэнгүй Жово минь, та үүний гэрч болмуй. Энэ залбирлаа өдөр шөнөгүй, тууштайгаар биелүүлсээр байхын тулд Жово Чэнмогоос адис ерөөл хүсье. Гялайлаа” хэмээн айлдлаа.

Дээрхийн гэгээн Шевацэл дэх ордон руугаа мордохын өмнө Лхас хотноо урьд нь амьдарч байсан мусульман шашинтнуудтай уулзжээ. Үүний дараа мөргөлөө өндөрлүүлж, Жохан сүмээс Лэх хотын ордон руугаа мордсон юм.










