Хавай муж, Хонолулу хот. Хавайд хийж буй энэ удаагийн айлчлалынхаа сүүлийн өдөр Дээрхийн гэгээн Далай лам сурагчдын халуун дулаан, эерэг уур амьсгал дор нинжин сэтгэлийн талаар илтгэл тавилаа. Мөн тэрээр Хавайн соёлыг дэлхий дахинд таниулах зорилгоор 2013 онд дэлхийг тойрох аялалд гарах гэж буй Полинезийн "Хокулеа" завинд адис өгсөн юм.
Дээрхийн гэгээн Хонолулу хот байрладаг Оаху арлын Виндвард дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг дөрвөн улсын сургуулийн нэг болох Кайлуа ахлах сургуульд зочилж өглөөг эхлүүллээ. Дээрхийн гэгээнийг сургууль дээр хүрэлцэн ирэхэд Хавай мужийн Боловсролын газрын цогцолбор хариуцсан захирал, хатагтай С.Сюзанна Мулкахи, Боловсролын газрын мужийн захирал, хатагтай Кэтрин Матайоши, сургуулийн захирал Франсин Хонда болон сурагчдын төлөөлөл болох Норма Жой Агбисит, Исак Хайн нар угтан авсан юм. Сурагчид Дээрхийн гэгээнд зориулан хула бүжиг бүжиглэж хүндэтгэл үзүүлэв.

Мужийн боловсролын газрын захирал Матайоши нээлтийн үгэндээ, тус сургуульд гарч буй тодорхой эерэг ололт амжилтуудыг нь үнэлж энэхүү арга хэмжээг зохион байгуулах эрхийг олгосон болохыг онцоллоо. Тэрээр Дээрхийн гэгээний айлчлалд зориулан сургуулийн зүгээс Дээрхийн гэгээн, Төвөд орон болон Бурхны шашны талаар илүү ихийг мэдэж авах шинэ хөтөлбөр боловсруулсныг нэмж хэлэв. Захирал Матайоши өчигдөр болсон Дээрхийн гэгээний олон нийтийн лекцэд оролцох завшаан тохиосноо хуваалцаад, түүний энэрэн нигүүлсэхүйн тухай сургаал нь асар хүчтэй төдийгүй хүн бүрийн зүрх сэтгэлд гүнзгий хүрч чадсаныг онцлон сануулсан юм.
Үүний дараа Дээрхийн гэгээн “Ялгаварлалгүй энэрэн нигүүлсэх сэтгэлийг хөгжүүлэх нь” сэдэвт илтгэлээ эхлүүллээ. Тэр эхлээд Төвөд хэлээр ярьж, сурагчидтай ярилцах энэхүү боломжийг олгосон Мужийн боловсролын газар болон сургуулийн удирдлагуудад талархал илэрхийлэв. Дараа нь Дээрхийн гэгээн Англи хэлээр ярьж, саяны явдал нь түүний илтгэлийн гол агуулга байсан хэмээн хошигносон юм. Тэрээр Төвөд хэлээр товчхон ярьсан шалтгаанаа энд хуран цугласан олонд Төвөд хэл хэрхэн сонсогддогийг мэдрүүлэхийг хүссэн хэрэг хэмээн тайлбарлалаа. Хавайн ард түмэн өөрсдийн эх хэлэндээ маш их анхаарал халамж тавьдгийг мэддэг учраас ингэж ярьснаа тэрээр нэмж дурдав. Төвөдүүд дэлхийн хамгийн эртний бичиг үсгүүдийн нэгтэй ард түмэн болохыг Дээрхийн гэгээн хуваалцсан юм.
Залуучууд, шинэ үеийнхэнтэй уулзаж ярилцах нь түүнд үргэлж маш их баяр баясгалан авчирдаг болохыг Дээрхийн гэгээн онцоллоо. Цаг хугацаа үргэлж урагшилж байдаг бөгөөд түүнийг ямар ч хүч зогсоож чадахгүйг тэрээр сануулав. Өнгөрсөн бол өнгөрсөн, гагцхүү дурсамж л үлддэг. Харин ирээдүй хараахан ирээгүй байгаа тул бид тодорхой хэмжээнд түүнийг бүтээх боломжтой гэдгийг тэрээр хэлэв. Гэхдээ зөвхөн ирээдүйн талаар мөрөөдөн бодох нь өрөөсгөл бөгөөд хүмүүс илүү аз жаргалтай ирээдүйг бүтээхийн тулд өнөө цагт, одоо үедээ бодитой хичээл зүтгэл гаргах ёстойг санууллаа.

Дээрхийн гэгээн илүү гэрэлт ирээдүйг цогцлоохын тулд хүчирхийллийн бус, энх тайванч арга замыг сонгох тухай ярьсан бөгөөд энэ нь эцсийн дүндээ хүний оюун санаа, дотоод сэтгэлтэй холбоотой болохыг тайлбарлалаа. Тэрээр дан ганц боловсрол, оюун ухаан хангалтгүй гэдгийг ч нэмж хэлэв. Хүн бол нийгмийн амьтан учраас хувь хүний ирээдүй тухайн хамтын нийгмээс шууд хамаардаг болохыг тэрээр онцлов. Хэрэв бид өндөр боловсролтой нэгэн хүнийг алслагдсан жижиг арал дээр цор ганцааранг нь орхивол, тэр хүн хэчнээн боловсролтой байгаад ч эцэстээ амьд үлдэж чадахгүй хэмээн Дээрхийн гэгээн хошигносон юм.
Хүний ирээдүй бусдаас хамаардаг болсон өнөөгийн шинэ бодит байдлыг ойлгож ухамсарлах хэрэгтэйг тэрээр санууллаа. Хүмүүс хувиа хичээж, зөвхөн өөрийгөө бодохыг хүссэн ч гэсэн, мунхгаар хувиа хичээхээс илүүтэйгээр бусдад ч бас ашиг тусаа өгч, ухаалгаар хувиа хичээх арга зам байдаг болохыг тэрээр сануулсан юм.
Тэрээр сурагчдад хандан, 40-өөс дээш насныхан 20-р зууны хүмүүс бөгөөд харин ирээдүй цаг нь эдгээр сурагчдын харьяалагддаг шинэ үеийнхний мөрөн дээр оршиж байгааг хэлэв. Өөрийнх нь үеийнхний цаг хугацаа бараг л дуусаж байгааг дурдаад, сурагчид 21-р зууны эзэд учраас тэдний цаг үе дөнгөж эхэлж байна хэмээн Дээрхийн гэгээн захилаа.
Энэ дэлхий дээрх бодит өөрчлөлтийг зөвхөн мөрөөдөж, хүсэж суух төдийгөөр бий болгож чадахгүйг сануулаад, дорвитой өөрчлөлт авчрахын тулд бодитой үйлдэл хийхийг тэрээр уриалав. Үр дүнтэй үйлдэл хийхэд хүчтэй хүсэл зориг хэрэгтэй бөгөөд хүний оюун ухаан үргэлж бүтээлч, сайн зүйлд зориулагдана гэх баталгаа байхгүйг тэрээр хэллээ. Халуун дулаан, нинжин сэтгэл байж гэмээнэ технологийг эерэг, сайн үр дүнд хүрэхийн тулд ашиглаж чадна гэдгийг онцолсон юм. Эс бөгөөс хүний оюун ухаан технологийг ашиглан 9 дүгээр сарын 11-ний эмгэнэлт явдал шиг төсөөлөхийн аргагүй гамшгийг ч тарьж чадах эрсдэлтэйг тэр анхааруулав.
Дээрхийн гэгээн ямар нэгэн шунал хүлээс, хамааралгүйгээр жинхэнэ энэрэн нигүүлсэх сэтгэлийг хөгжүүлэх тухай ярилаа. Өөрийн шашин шүтлэг, үндэстэн угсаа, эсвэл эх орондоо хэт ихээр хүлэгдэн шунах нь цаадах бодит үнэнийг олж харахад саад тотгор болдог хэмээн тэрээр хэлэв. Энэхүү жинхэнэ энэрэнгүй сэтгэлийг төрүүлэх чадвар хүн бүхэнд бий гэдгийг Дээрхийн гэгээн онцолсон юм.

Үүнд чиглэсэн зохих боловсрол хэрэгтэйг Дээрхийн гэгээн хэлээд, тус сургууль ийм төрлийн боловсрол олгох зорилготой хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаад талархалтай байгаагаа илэрхийллээ. Үүний дараа Дээрхийн гэгээн сурагчдын асуултад хариулав. Тэд нэг сарын турш үргэлжилсэн хэлэлцүүлэг, санал хураалтаар дамжуулан 850 асуултаас найман асуултыг багцлан сонгосон байлаа. Энэхүү үйл явцад анги бүрээс сурагч болгон оролцож асуултаа боловсруулаад, улмаар дундаасаа санал хураан шалгаруулсан байна.
Эхний сурагч "Хэрэв бидэнд сайн хүн байх энэрэн нигүүлсэхүй, тэвчээр, хайр зэрэг бүхий л шалтгаан, нөхцөл байдаг юм бол, яагаад сайн хүн байна гэдэг тийм хэцүү байдаг юм бэ?" хэмээн асуулаа. Дээрхийн гэгээн үүнд, юунд ч хүрэх амар хялбар байдаггүйг тайлбарлаж хариулав. Профессор болохын тулд л гэхэд олон жилийн нөр их хөдөлмөр шаардагддаг гэдгийг тэр хэлсэн юм. Энэхүү зорилгодоо хүрэхийн тулд урт удаан хугацаанд тууштай, цуцалтгүй урам зориг, хичээл зүтгэл хэрэгтэй болохыг онцоллоо. Тэрээр өөрийн амьдралын жишээнээс хуваалцахдаа, зургаа, долоон настайгаасаа эхлэн ном үзэж эхэлсэн хэдий ч 11, 12 нас хүртлээ сурч боловсрох ямар ч сонирхолгүй байснаа дурсав. Дургүйд хүчгүй ч үргэлжлүүлэн суралцаж байсан минь өдгөө тэрхүү хичээл зүтгэлийнхээ үр шимийг хүртэж, үнэ цэнийг нь ойлгоход хүргэсэн хэмээн Дээрхийн гэгээн хуваалцсан юм.
Дараагийн асуулт нь "Улс төрийн тогтворгүй байдалтай энэ цаг үед дэлхийн өнцөг булан бүрд удирдагчид олон сайхан зүйлийг амлаж уриалдаг. Гэвч тэдний ихэнх нь амлалтаа биелүүлэх бодит алхам хийдэггүй. Тэдний хэлсэн үгэнд итгэж, нухацтай хүлээж авах боломжтой юу?" гэсэн асуулт байв.
Дээрхийн гэгээн үүнд хувь хүний мөн чанар, зан чанараас л хамаарна хэмээн хариуллаа. Хэрэв тэр хүн үнэнч шударгаар хандсан бол хэлсэн үгийг нь нухацтай хүлээж авч болно гэлээ. Өнөөгийн дэлхий ертөнцөд мөнгөнд хэт их ач холбогдол өгч байгаагийн хэрээр ёс суртахууны зарчим дутагдаж байгааг тэрээр онцлов. Түүнчлэн энх тайван гэдэг зүйл ердөө л нэг уриа лоозон мэт болж хувирсныг хэлсэн юм. Зарим улс оронд энх тайван гэдгийг хэдэн тагтаа нисгэх төдийгөөр төсөөлдөг болсон бөгөөд энэ нь зөвхөн төөрөгдөл төдийгүй, тагтаануудын хувьд ч бас тодорхой хэмжээний хүчирхийлэл болж байна хэмээн тэр хошигнон хэллээ.

Орчин үеийн боловсролын тогтолцоонд ямар нэгэн зүйл буруу байгааг Дээрхийн гэгээн анхааруулав. Өнгөрсөн түүхэнд Европт боловсролын байгууллагууд анх байгуулагдаж байх үед ёс суртахууны мэдлэг олгох үүргийг сүм хийдүүд хариуцан авч явдаг уламжлалтай байсныг тэр дурслаа. Тухайн үеийн нөхцөл байдалд энэ нь маш тэнцвэртэй, зөв хандлага байв. Гэвч аажмаар сүм хийдийн нөлөө багасаж, гэр бүлийн үнэт зүйлс ч уналтад оржээ. Тиймээс ёс суртахууны боловсрол олгох зайлшгүй шаардлага гарч ирснийг тэрээр мэдэрсэн байна. Гэсэн хэдий ч үүнийг шашны итгэл үнэмшлээр дамжуулан хэрэгжүүлэх гэж оролдох нь ихээхэн төвөгтэй бөгөөд бүх хүнийг хамруулж чадахгүй гэдгийг тэрээр тайлбарлалаа. Иймд шашингүй буюу секуляр хандлагыг хэрэгжүүлэх нь үүнийг шийдвэрлэх илүү дээр хувилбар мөн гэдгийг Дээрхийн гэгээн онцолсон юм.
Удирдагчдыг хэлсэн үг, амлалтад нь эзэн болгож, хариуцлага тооцоход хэвлэл мэдээллийнхэн чухал үүрэгтэйг Дээрхийн гэгээн санууллаа. Хэвлэл мэдээллийн салбар урт хошуугаараа зүг бүрт сунаж чаддаг заан шиг сонор сэрэмжтэй байх ёстойг тэрээр онцлов.
Өөр нэгэн сурагч "Кайлуа ахлах сургуульд бид эргэлзээ, төөрөгдлөөр дамжуулан суралцахыг эрхэмлэдэг. Та өөрөө эргэлзэж тээнэгэлзсэн үедээ аливааг тодорхой болгож ойлгохын тулд ямар сэтгэгчдээс эсвэл өөр ямар гадны эх сурвалжаас хариулт хайдаг вэ?" хэмээн асуулаа. Дээрхийн гэгээн үүний хариуд "Та өөрөө өөрийнхөө эзэн нь" хэмээх Бурхан багшийн сургаалаас иш татахыг хүсэж байна гэлээ. Хүн ном уншиж, эргэцүүлэн бодож, дүн шинжилгээ хийх ёстойг тэрээр хэлсэн юм. Бурхны шашинд мэдлэг олж авах гурван аргын тухай номлодог болохыг тэр тайлбарлав. Эхнийх нь багшаасаа сонсох буюу бусдаас ирсэн мэдээлэлд тулгуурлах явдал юм. Хоёр дахь арга нь түүндээ дүн шинжилгээ хийж, эргэцүүлэн бодох. Харин гурав дахь нь тэрхүү мэдлэгтэйгээ бүрэн ижилсэн дадах бөгөөд энэ нь ямар ч хүчин чармайлтгүйгээр аяндаа бий болдог аж. Дээрхийн гэгээн өөрт нь эргэлзээтэй, хүндрэлтэй нөхцөл байдал тулгарах бүрдээ энэхүү аргыг хэрэгжүүлдэг болохоо хуваалцсан юм.
Дараагийн асуулт нь "Хэт их энэрэнгүй байх нь биднийг сул дорой болгодог учраас аюултай юу? Жишээлбэл, би орон гэргүй нэгэнд мөнгө өгтөл, дахиад мөнгө өгөхөөс татгалзсаны улмаас тэр над руу дайрч довтолбол миний тэрхүү ялгаварлалгүй энэрэнгүй сэтгэл намайг сул дорой болгосон гэсэн үг үү?" гэсэн байв.
Хэрэв та хэн нэгэнд өөрийгөө байнга ашиглуулаад байх юм бол, энэ нь эцсийн дүндээ тухайн хүндээ хор хөнөөлтэй явдал болохыг Дээрхийн гэгээн хэллээ. Энэрэнгүй сэтгэл гэдэг нь бусдын өмнө бөхөлзөнө гэсэн үг огт биш хэмээн тэрээр тайлбарлав. Мөн уучлал, тэвчээр гэдэг нь бусдын буруу үйлдлийг хүлээн зөвшөөрч байгаа хэрэг биш гэдгийг нэмж хэлсэн юм. Тэрээр хүмүүс үйлдэл болон үйлдэгч хоёрын зааг ялгааг салгаж ойлгох шаардлагатайг санууллаа.

Дээрхийн гэгээн илтгэлээ өндөрлөхдөө амьдралд үргэлж эерэг, өөдрөгөөр хандахыг сурагчдад зөвлөв. 1950-иад оны дунд үеийг хүртэл дэлхий дахинд дайнаас зайлсхийх боломжгүй гэсэн ойлголт, түгшүүр давамгайлж байсныг тэрээр хэлэв. Гэвч Берлиний хана нуран унаснаар ноцтой аюул заналхийлэл багасаж, зэвсэг хураах тухай хэлэлцээрүүд нэмэгдсэнийг хүмүүс харсан хэмээн дурдлаа. Өдгөө улам олон хүн дотоод сэтгэлийн амар амгаланд нухацтай хандаж эхэлж байгааг тэрээр онцлов. Эрдэмтэд ч мөн хүний сэтгэл хөдлөлийн байдал болон бие махбодын эрүүл мэндийн хооронд нарийн уялдаа холбоо байгааг анзаарч эхэлж байгааг хэлсэн юм. Энэ бүхэн нь хүн төрөлхтөн илүү төлөвшиж, ухаалаг болж байгаагийн тод илрэл мөн гэдгийг Дээрхийн гэгээн айлдлаа.
Илтгэлийнх нь дараа Дээрхийн гэгээнд сурагчдын өөрсдийнх нь энх тайвныг бэлгэдэж урласан хөнжил болон завины сэлүүрийг дурсгал болгон өргөн барив.
Сургуулийн удирдлагуудын зүгээс Дээрхийн гэгээнтэй хийсэн энэхүү уулзалт, арга хэмжээнд сурагчид маш эерэг сэтгэгдэлтэй байгааг мэдээллээ. Тус сургуулийн угсаатан зүйн багш Эмбер Макайау "Үнэхээр сэтгэл хөдөлгөм байлаа. Энэ уулзалт бол өнгөрсөн 10 жилийн хугацаанд бидний Кайлуа ахлах сургуульд хийж хэрэгжүүлсэн бүх ажлын үр дүнг батлан харуулсан явдал боллоо гэж бодож байна" хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ. Тэрээр үргэлжлүүлэн "Далай лам өөрөө хүрэлцэн ирж, бидний энх тайван, хүлээцтэй байдал, энэрэн нигүүлсэх сэтгэлийг түгээн дэлгэрүүлэхийн төлөө хийж буй үйл хэргийг үнэлж, талархаж буйгаа илэрхийлэхээс илүү том шагнал гэж байдаг эсэхийг би мэдэхгүй юм. Эерэг, сайн утгаараа үнэхээр сэтгэл хөдөлж, огшлоо" хэмээн нэмж хэлсэн юм.

Үдийн зоогийн дараа Дээрхийн гэгээн 2013 онд дэлхийг тойрох аялалд гарах бэлтгэлээ базааж буй "Хокулеа" аялагч завинд адис өгөхөөр Куалоа бүсийн цэцэрлэгт хүрээлэнг зорилоо. Түүнийг уламжлалт бүрээ үлээж, магтаал дуу дуулсаар угтан авсан юм. Энэхүү ёслолын ажиллагаанд Хонолулу хотын дарга Питер Карлайл хамт оролцов. Полинезийн далайгаар аялагчдын нийгэмлэгийн ерөнхийлөгч Найноа Томпсон тэдний завинд адис өгөхөөр ирсэнд нь Дээрхийн гэгээнд гүнээ талархал илэрхийллээ. Ном уншиж залбирал үйлдсэний дараа Дээрхийн гэгээн завинд Төвөдийн уламжлалт хадаг өлгөж, хөлөг дээр биечлэн гарч адис өгсөн юм.
Үүний дараа Дээрхийн гэгээн Хонолулу хотын дарга Питер Карлайлын хамт хэвлэл мэдээллийнхэнтэй уулзаж, асуултад хариуллаа. Төвөдүүд өөрийгөө шатаасан 30 гаруй тохиолдлын талаар асуухад Дээрхийн гэгээн энэ бол дэндүү, дэндүү харамсалтай үйл явдал хэмээн хариулав. Бид үүний шалтгаан, нөхцөл байдлыг анхаарч үзэх ёстой бөгөөд энэ нь Төвөдийн ард түмний өнгөрсөн 50-60 жилийн турш туулж ирсэн хүнд хэцүү бүхэнтэй салшгүй холбоотой болохыг тэр хэлсэн юм. Банчин ламын 1989 онд "Хятадын засаглал тодорхой хэмжээний хөгжил дэвшлийг авчирсан хэдий ч, Төвөдүүдэд учруулсан хохирол нь олсон ашиг тусаасаа хавьгүй илүү давсан" хэмээн олон түмэнд мэдэгдэж байсныг Дээрхийн гэгээн дурслаа.
Үүнээс хойш нөхцөл байдал улам дордсон гэдгийг Дээрхийн гэгээн хэлэв. Төвөдүүдийн дунд бий болсон дургүйцэл, бухимдлыг хүчээр дарангуйлж байлаа. 1990-ээд онд Хятадын Намын нэгэн нарийн бичгийн дарга Лхас дахь Төвөдийн Их сургуульд Төвөдийн сонгодог зохиол бүтээл заахыг хоригложээ. Зарим Төвөдүүд бүр нэгэн төрлийн хагас Соёлын хувьсгал явагдаж байна хэмээн үзэж байсныг ч тэр хэлэв. Эдгээр нь 2008 оны Төвөдийн бослогын шууд шалтгаан болсон гэдгийг Дээрхийн гэгээн тайлбарласан юм. Дарангуйлал үргэлжилсээр, олон лам, гэлэнмаа нар баривчлагдаж, зарим нь ор сураггүй алга болсныг тэрээр дурдлаа.

Хятадуудын төвөдүүдэд хандах харгис хатуу хандлагыг тайлбарлахдаа, "Эрх мэдэл бууны хошуунаас гардаг" гэж Мао Зэдун даргын хэлсэнтэй адилаар, тэд яг л буу зэвсгийг шүтэн мөргөгчид шиг санагддаг болохыг Дээрхийн гэгээн хэлэв. Хятадын эрх баригчид Төвөдүүдийн дургүйцэл, бухимдлын жинхэнэ шалтгааныг бодитоор судлан шинжлэх цаг нь болсон гэж үзэж байгаагаа Дээрхийн гэгээн илэрхийллээ.
Хятадууд өөрсдөө жагсаал цуглаан хийхэд эрх баригчид харьцангуй зөөлөн ханддаг хэрнээ, Төвөдүүд эсвэл Уйгурууд жагсахад үзүүлэх хариу үйлдэл нь хамаагүй хатуу, ширүүн байдгийг тэрээр онцлон сануулсан юм.
Гэсэн хэдий ч Дээрхийн гэгээн найдлага төрүүлсэн шинж тэмдгүүд байгааг хэлэв. Тэрээр Ерөнхий сайд Вэнь Зябао улс төрийн шинэчлэл хийхийг уриалж, Соёлын хувьсгал эргэн ирэх эрсдэлтэй байгааг анхааруулсан явдал, мөн үүний дараахан хатуу чиг шугамыг баримтлагч гэгддэг Бо Шилайг албан тушаалаас нь огцруулсан зэргийг дурдсан юм.
Төвөдүүдийн дургүйцэл нь зөвхөн Төвөдийн Өөртөө Засах Оронд төдийгүй, Төвөдүүд олноороо оршин суудаг бусад мужуудад ч мөн адил байгааг Дээрхийн гэгээн хэллээ. Төвөдүүд Хятад эсвэл Энэтхэгээс огт өөр, бие даасан хэл, бичиг үсэгтэй ард түмэн болохыг тэрээр онцлов. Төвөд хэл нь Бурхны шашны гүн ухааныг тайлбарлах хамгийн шилдэг хэлэнд тооцогддог болохыг ч тэрээр дурдсан юм. Дээрхийн гэгээн Төвөдөд өрнөж буй өнөөгийн нөхцөл байдал чухам ямархуу орчин нөхцөлд бүрэлдэн бий болж байгааг ийнхүү тоймлон тайлбарлалаа.

Хавайд Америкийн цэргийн хүчин байрлаж буй асуудалд хэрхэн хандах ёстой талаар Дээрхийн гэгээнээс сэтгүүлч асуув. Тэрээр үүний хариуд, Энэтхэг улстай нэгэн адилаар Америкийн цэргийн хүчнийг аль нэг тодорхой улс төрийн нам хянадаггүйг онцолсон юм. АНУ бол ардчилсан улс бөгөөд хувь хүн бүр өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй гэдгийг тэр хэлэв. Дээрхийн гэгээн Окинавад айлчлах үеэрээ Америкийн цэргийн оролцооны талаар ижил төстэй асуулт сонсож байснаа эргэн дурслаа. Тэр үед тэрээр зөвхөн орон нутгийн түвшинд харвал энэ нь харамсалтай бөгөөд цэргийн хүчин гарах ёстой хэмээн хариулж байжээ. Гэсэн хэдий ч аливааг дэлхий нийтийн өргөн цар хүрээнд харах шаардлагатайг сануулсан юм. Хойд Солонгос бол хаалттай, нууцлаг нийгэмтэй улс, мөн цаана нь Хятад улс байна гэдгийг тэрээр дурдав. Тиймээс бүх нийтийн ахан дүүсийн барилдлага, бүрэн дүүрэн харилцан итгэлцэл бий болох хүртэл тодорхой хэмжээний цэргийн оролцоо шаардлагатай байгааг тэр тайлбарласан юм.
Барууны нийгмийн сул талын талаар асуухад Дээрхийн гэгээн зөвхөн баруунд гэлтгүй дэлхий даяар авлига гэдэг зүйл шинэ хорт хавдар болон хувирч байгааг хэллээ. Авлига хэмээх өвчин нь бүх нийтийг хамарсан шинжтэй болсон тул түүнтэй тэмцэх, зогсоох арга хэмжээ ч мөн бүх нийтийнх буюу түгээмэл байх ёстойг тэрээр сануулсан юм. Улмаар тэрээр шашингүй буюу секуляр ёс зүйг дэлгэрүүлэхийн тулд секуляр хандлагыг хэрэгжүүлэх тухай өөрийн үзэл бодлоо хуваалцлаа.
Хэвлэлийнхэнтэй хийсэн энэхүү уулзалтын дараа Дээрхийн гэгээн зочид буудал руугаа буцав.
Дээрхийн гэгээн 2012 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Хонолулугаас Калифорни мужийн Сан Диего хотыг зорин хөдлөх бөгөөд орой нь тэндээ хүрэлцэн очно. Түүний дараагийн хөтөлбөрүүд 2012 оны 4 дүгээр сарын 18-нд эхлэх юм.










