Дээрхийн гэгээн Далай лам Бангалорт Төвөдийн коллежийг аравнайлах ёслолд оролцсоныхоо дараа цугласан олонд хандаж үг хэлж буй нь. Зураг дээр Карнатака мужийн боловсролын сайд асан доктор Г.Парамэшвар (голд нь), тус коллежийн захирал ноён Наваандорж (баруун гар талд) нар байна. (Зураг: Tibet.net)
Энэтхэг, Карнатака, Бангалор (Phayul.com) – Тус улсад цагаачлан амьдарч буй, төвөдүүдийн оюун санааны удирдагч Дээрхийн гэгээн Далай лам даваа гарагт Энэтхэгт байгуулагдсан төвөд иргэдэд зориулсан анхны коллежийн нэрийг албан ёсоор зарлалаа. Төвөдийн Хүүхдийн Хотхон цогцолбороос байгуулсан энэхүү анхны төвөд коллежийг "Далай ламын нэрэмжит дээд боловсролын хүрээлэн" хэмээн нэрлэсэн бөгөөд Энэтхэгийн өмнөд хэсэгт орших Бангалор хотын ойролцоо байрладаг аж. Ойролцоох Төвөд суурингийн иргэд болон Бангалорт суралцаж буй 300 орчим бутан оюутныг оролцуулан нийт 3000 орчим хүн уг ёслолд оролцсон байна. Дээрхийн гэгээн Далай лам төвөд иргэдийн суурин, Төвөдийн шашин, соёлыг судлах чухал төвүүдийг Энэтхэгийн өмнөд хэсэгт байгуулахад дэмжлэг үзүүлсэн Карнатака мужийн засгийн газарт талархал илэрхийлэв.
Дээрхийн гэгээн бутан оюутнуудыг буддын шашныг судлахыг онцгойлон уриалж, Бурхан багшийн сургаалын (Ганжуур, Данжуур) цогц нь төвөд, бутанчуудын аль алийнх нь хувьд шашны сургалтын үндэс суурь болдгийг дурдлаа.
Зураг. Дээрхийн гэгээн Далай лам Бангалор дахь төвөд коллежийн загварын төсөлтэй танилцаж буй нь... Нийт 37 га газарт баригдсан уг коллеж нь эхний ээлжинд 500 орчим оюутныг хүлээн авах юм. (Зураг: Tibet.net)
Доктор Г.Парамэшвар, Карнатака мужийн дээд боловсролын сайд асан, Энэтхэгийн өмнөд бүс нутаг дахь төвөд сууринуудын асуудал эрхэлсэн ахлах төлөөлөгч ноён Гунгаадорж нарын боловсролын салбарын хэд хэдэн албаны хүмүүс ёслолын ажиллагаанд байлцлаа.
Доктор Парамэшвар Төвөдийн Хүүхдийн Хотхоноос анх удаа төвөд коллеж байгуулахаар хүчин зүтгэж ажилласныг талархан үнэлж, энэ нь ирээдүйд Төвөд орны боловсролын салбарт хэрэгжүүлэх коллежийн сургалтын хөтөлбөрийг тодорхойлоход их хувь нэмэр оруулна гэдэг найдаж буйгаа илэрхийлэв. Мөн тэрбээр тус коллежийн хамт олонд амжилт хүсэхийн сацуу 500,000 рупийн хандив өргөхөө мэдэгдсэн байна. Төвөдийн Төв Захиргаа буюу Цагаачлалын Засгийн газрын албан ёсны цахим хуудаст мэдээлснээр, Бангалор хотоос 27 км-ийн зайтай, Майсорын зам дагуу байрлах тус коллеж нь эхний ээлжинд 500 орчим оюутныг хүлээн авах бөгөөд санхүүжилтийн боломжоос хамааран энэ тоог 3000 хүртэл нэмэх төлөвлөгөөтэй ажээ.
Төвөд оюутнуудад боловсролоо ахиулангаа төвөд хэл, соёлоо сурахад нь урам зориг өгөх үндсэн зорилготой тус коллеж нь шинжлэх ухаан, урлаг, зөвлөгөө, компьютер, мэдээллийн технологи зэрэг өргөн хүрээний сургалтын хөтөлбөрүүдийг санал болгох юм. Өнгөрсөн оны наймдугаар сард 71 оюутан, 13 ажилтантайгаар сургагч багш бэлтгэх сургалтаар анхны хичээлийн жилээ эхлүүлжээ. Сургалтаа амжилттай дүүргэсэн оюутнуудад доктор Парамэшвар гэрчилгээ гардуулсан байна. Захиргааны нэрийн өмнөөс тус коллежийн захирал бөгөөд Төвөдийн Хүүхдийн Хотхоны боловсролын хөтөлбөрийн захирал асан Ноён Наваандорж үнэтэй хувь нэмрээ оруулсан бүх тал, хандивлагчдад талархал илэрхийлээ.
Орчуулсан Д.Дуламжав