Энэтхэг, Химачал Прадеш, Дарамсала, Тэгчэн Чойлон- Японы Ерөнхий сайд агсан Шинзо Абэ хүнд буудуулж таалал барсан харамсалтай мэдээг сонсоод Дээрхийн гэгээн Далай лам түүний эхнэр хадагтай Абэ Акиед эмгэнэлийн захидал илгээлээ.
Өнөө өглөө миний эрхэм анд нөхөр Шинзо Абэ халдлагад өртөн буудуулж нас барсан мэдээг сонсоод гүнээ харамсан гашуудаж байна. Танд болон танай гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье. Би эрхэм нөхрийнхөө төлөө залбирах болно.
Нөхөр тань Төвөдийн ард түмний үнэнч тууштай анд найз нь байсныг та мэднэ. Буддын соёлын өв уламжлал болон үнэт зүйлсийг хадгалан хамгаалах үйлсэд оруулсан түүний хувь нэмэр, дэмжлэгт талархахын сацуу түүнтэй нөхөрлөж явсандаа ихэд баярлаж явдаг билээ би.
“Эрхэм ноён Шинзо Абэ бусдын төлөөх үйлсэд зүтгэж үнэхээрийн утга учиртай амьдарсан” гэж захидалдаа онцгойлон дурджээ.
Англи хэлнээс орчуулсан Б.Баярмаа