Энэтхэг, ХП, Дарамсала- Шөнөжин орсон ширүүн бороо татарч, цэлмэг сайхан өглөөтэй золгохуйд Дээрхийн гэгээн Далай лам өргөөнөөсө Зүглэгхан дуган руу алхлаа. Дээрхийн гэгээнийг өнөөдрийн өлмий бат оршихын ерөөл өргөх ёслолыг зохион байгуулж буй Балбын Шан Гандан Чойхорлин хийд, Чатрин болон Пари нийгэмлэгийн төлөөлөгчид, Янси ринбүүчи, Лувсаннамдаг нар дагалдан явсан юм. Тэнд 5000 гаруй хүн цугласан байх ба Дээрхийн гэгээн тэднийг харан инээмсэглэж, гар даллан мэндчилж байв. Түүнийг үндэсний урлагийн уран бүтээлчид Өлзий хутгийн ерөөл хэмээх дуу, бүжгээр угтан авлаа.
Дээрхийн гэгээн, цахилгаан шатаар сүмийн дээд давхарт гарч ирээд, цугласан олонд хандан мэндэлж, гараа даллан зогсов. Дараа нь тэрбээр Дүйнхор дацанд саатан, энэ сард айлдахаар төлөвлөж буй Дүйхорын ванд зориулан бүтээж буй элсэн мандалыг үзлээ.
Дээрхийн гэгээнийг гол дуганыхаа сэнтийдээ залармагц хуврагууд уншлагаа эхлэв. Өнөөдрийн бат оршил өргөх ёслолыг V Далай ламын зохиосон "Аюуш бурхны насны бүтээл" хэмээх судрын дагуу үйлдэх юм. Уг ёслолыг Самдан ринбүчи удирдсан бөгөөд түүний баруун талд Жүмэ хийдийн хамба лам, зүүн талд Шан Гандан Чойхорлин хийдийн хамба лам болон өмнөх дүрийн Бромо гэвш ринбүүчи, гэвш Лхүндүв Сопа, Сэ-Гью хийдийн хамбын хойд дүрээр тодорсон бага залуу хувилгаад суужээ.
Аюуш бурхны насны авшиг бүтээлийн судрын дагуу үйлдэж буй эл ёслолын үеэр "Шид бүтээл хайрлан соёрхоно уу" гэсэн залбирлыг олон удаа урин уншдаг ажээ. Самдан ринбүүчи торгон хадгаар ороосон, насан хутгийг бэлгэдэгч сумыг өргөн залбирал уншаад түүнийгээ Дээрхийн гэгээнд өргөн барив. Дилго Хэнцэ ринбүүчийн хүсэлтээр Дээрхийн гэгээний өөрийнх нь зохиосон өлмий бататгахын залбирлыг уншиж байхад уг ёслолд зориулсан балин тахилаар өргөл барилаа.
Орчлон ертөнцийг бэлгэдсэн мандал хийгээд лагшин, зарлиг, тааллын шүтээн сэлтийг Дээрхийн гэгээн гэгээнд өргөж, олон зуун галавт эгэл биднийхээ дунд ажирч, номын хүрдээ эргүүлгээр байхыг хүсэн залбирлаа. Үүний дараа насны рашаан, урт наслах эм, өлзийт найман тахил, төрийн долоон эрдэнэ, найман зай тэргүүтнийг өргөлөө.
Жамьян Хэнцэ Чогий Лодой болон түүний хоёр багшийн зохиосон "Дээрхийн гэгээний өлмий бататгах залбирлыг уншсаны дараа Шан Гандан Чойхорлин хийдийн хамба лам талархлын мандал өргөв. Өнөөдрийн бат оршил өргөх ёслол "Аюуш бурхны залбирал", "Шашин дэлгэрэхийн ерөөл", "Өлзий хутгийн залбирал"-аар өндөрлөв.
Дээрхийн гэгээн сүсэгтэн олонд хандан ийн айлдав: "Өнөөдөр надад эсэн энх оршихын ерөөл өргөсөн Шан Гандан Чойхорлин хийд, Чатрин болон Пари нийгэмлэгийн гишүүд та бүхэнд гүнээ талархаж байна. Та бүхний итгэл сүжиг эргэлээгүй үнэн байдаг нь нэн бишрэм юм."
"Би Амдо мужийн Гүмбүмд төрөөд дараа нь Лхаст очсон. Далай лам хэмээх энэ эрхэм алдрын ачаар надад буддын сургаалыг дэлгэрүүлж, хамаг амьтны сайн сайхны төлөө өчүүхэн ч атугай хувь нэмэр оруулах завшаан тохиосон билээ. Хятадын талаас намайг ихэд анхааралтай ажиглаж, тандаж байсан ч би Энэтхэгт дүрвэн ирж чадсан юм. Энэхүү агуу том улсын хойд, урд, зүүн, баруун гэлтгүй олон муж, хотоос мянга мянган хүн намайг зорин ирдэг. Энэтхэгийн ард түмэн, буддын сургаалд итгэдэг эсэхээсээ үл хамааран, миний үйл хэргийг ихэд үнэлэхийн сацуу надтай уулзахдаа баяртай байдаг билээ. Тиймээс би урт наслах тусмаа хамаг амьтан хийгээд шашиндаа тус хүргэж чадах байх гэж боддог."
"Энэтхэг даяар би маш олон хүнтэй он удаан жил сайхан нөхөрлөж ирлээ. Хятадад буддын шашин дахин сэргэж байгаа тул тэнд ч мөн сургаал номоо дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулж болох байх гэж би үздэг. Бурхан багшийн айлдсан сургаалыг түгээх замаар бусдад туслахыг хичээж байна."
"Намайг Төвөдөд төрөх үест Лхамо Лацо гэдэг нууранд тодорхой шинж тэмдэг үзэгдсэн тул Далай ламын хойд дүрээр тодруулсан тул өдгөө ч би буддын ном, сургаалыг түгээн дэлгэрүүлэхийн төлөө хичээсээр буй билээ. Ирэх хэдэн арван жилийн турш ч би мөн энэчлэн зүтгэж Бурхан багшийнхаа энэрэл нигүүлслийн ачийг хариулна гэдэгтээ итгэж байна. Өнөөг хүртэл би чадах бүхнээ хийсэн билээ."
''Анх би Силинг нуурын хөвөөнөөс Далай ламын дүрд тодроод Лхас орж байлаа. Лхаст өндөр сэнтийд заларч байх үед тэр бүр хүмүүстэй уулзаад байх боломж хомс байсан ч Сэра, Бэрээвэн, Гандан хэмээх номын их гурван төвд шаргуу суралцаж, шалгалт өгсөн юм. Лхас дахь Жохан хийдэд Их Монлам хурлын төгсөх шалгалтаа амжилттай өгсөн. Би аль чадахынхаа хэрээр суралцаж, хийх ёстой бүхнээ хийсэн. Миний хамгийн гол багш нарын нэг нь ном хаялцах эрдэмд сургасан, сайхан сэтгэлт Нгодруп Цогни гэдэг хүн билээ. Миний хэлэх үг энэ хүрээд өндөрлөж байна. Даши дэлэг!"
Дээрхийн гэгээн цахилгаан шатаар доош бууж, машинаар өргөө рүүгээ буцан морилох зуураа замын хажуугаар эгнэсэн хүмүүс рүү гар даллахад тэдний нүүрэнд баярын мишээл тодорч байлаа.
Орчуулсан Д.Дуламжав