Энэтхэг, Химачал Прадеш муж, Дарамсала хот, Тэгчин Чойлин - Өнөө өглөө Зүглагхан дуганыг цэцгэн хэлхээсээр чимэглэж, хашааг Төвөд болон буддын шашны билэгдэл бүхий дарцгуудаар дүүргэсэн нь Дээрхийн гэгээн Далай ламыг урт наслахыг ерөөн бат оршил өргөх үйл ажиллагааны бэлтгэл байв. Уг ёслолыг Даржээлин дэх Төвөдийн Төв Сургуулийн төгсөгчид, Нью-Йорк болон Нью-Жерси дэх Төвөдийн нийгэмлэг, Миннесотагийн Төвөд Америкийн сангаас зохион байгуулж буй юм.
Эвэр бүрээ, цан хэнгэрэг, дуучдын дуугаар угтуулсан Дээрхийн Гэгээн гольфын тэрэгтэйгээ хашаан дундуур явж өнгөрөхдөө хоёр талаар эгнэсэн хүмүүсийн мэндчилгээнд баяртайгаар хариулж байлаа. Тэрээр дуганы тагтан дээр түр зогсож, ойролцоогоор 5500 гаруй хүн бүхий цугласан олныг тогтож хараад гар даллан мэндчилэв.
Дээрхийн Гэгээн хийд доторх сэнтийдээ залрахад мөргөл эхэллээ. Мөргөлийг Самдан ринбүчи толгойлон, баруун талд нь Кецан ринбүчи, зүүн талд нь Чохор Ринбүчи нар заларсан байв. Бурхан багшийн магтаал уншлагуудын араас V Далай лам Аюуш бурханы дүр бүхий ловон Бадамжунай бурхны үзэгдэлтэй учирсныхаа дараа зохиосон "Аюуш бурханы насны авшиг" хэмээх залбаралыг үйлдлээ.
Саад бэрхшээлийг арилгаж, багшид урт насыг хайрла хэмээн дагинасыг урин дуудав. Хамаг амьтны аз жаргал, сайн сайхны эх ундарга болох багшийг урт удаан наслахыг хүслээ. Энэ хооронд өглөгийн эздийн дундаас нэгэн цуваа цувран гарч, хашаанаас дуган руу орж, сэнтийг өнгөрөн, буцаж гарч ирэв. Гэгээрсэн бурхдын баримал, судрын ботиуд болон асар том хуйлмал хивсийг өргөн барьжээ.
Нагаржунай багшийн магтан дууллаар адисласан цайны араас бэрээс тараав. Богд Зонховын уламжлалыг алдаршуулахын тулд багшийг урт наслахыг хүссэн уншлагыг уншлаа.
Бат оршил өргөх ёслолын үндсэн залбирал эхлэх үед багшийг хоосон чанарын агаараас цагаан өнгийн лагшинтай, нэгэн нигур, хоёр мутартай, мөнх наслахыг бэлгэдсэн хумх барьсан Аюуш бурханы дүрээр төсөөлөн бясалгалаа. Ловон Бадамжунайн найман дүр болон Иш Цожал дагинад хандсан залбирлууд
“... Мөнх насыг бүтээх адистэдийг хайрлагтун.” хэмээн төгсөв.
Дээрхийн гэгээнтэн Самдан ринбүчийн өргөсөн урт насны сумыг гардан авч агаарт түргэн зуур даллалаа. Үүний дараа Дээрхийн гэгээнд тахилын идээ өргөхөд тэрээр бэлгэдлийн чанартай хэсгийг хүртэв.
Төвөд орны ном сургаал хийгээд амьтан бүгдийн ивээгч та
Хоосон чанар ба бодь сэтгэл хосолсон мөрийг ихэд тодруулагч та
Сургаалын далай Данзан Жамц, Жанрайсиг,
Мутартаа бадамлянхуа барьсан танаа мөргөмү,
Таны санасан бүхэн ая дангаар биелэх болтугай.
Дээрх залбирлыг гурвантаа уншсаны дараа Дээрхийн гэгээний Жамбал Агваан Лувсан Иш Данзан Жамц хэмээх шашны нэрийг нь дурдан орчлон ертөнцийг бэлгэдсэн мандал өргөж, хязгааргүй наслахыг хүсэн уламжиллаа. Үүний дараа түүнд бурхан багшийн лагшин, зарлиг, тааллын бэлгэдлүүд хийгээд урт насны хумх, рашаан, мөн урт насны үрэл зэргийг өргөв. Амар амгалан, арвижуулах, эрхшээлд оруулах, хүчирхэгжүүлэх дөрвөн үйлсийг бэлгэдсэн балингуудыг бүх өвчин, муу хүч, саад тотгорыг арилгах зорилгоор өргөсний эцэст хаан төрийн долоон эрдэнэ, өлзийт тахил хийгээд зайнуудаар тахил өргөлөө.
Дээрхийн гэгээнтний хоёр багшийн зохиосон өлмий бататгах залбирлын араас Жамьян Хэнцэ Чогий Лодойн зохиосон залбирлыг уншив.
Үүний дараа анхаарал гурван Төвөд эмэгтэйд шилжихэд удирдагч нь Дээрхийн Гэгээнд зориулсан "Мөнхийн рашааны таатай аялгуу" хэмээх залбирлыг уншлаа.
Бүх Ялгуусан бурхдын агуу их нигүүлсэхүй, дээд билиг билгүүний лагшин
Цаст уул мэт цагаан өнгөтэй ганц дүрд хураангуйлсан,
Ханьцашгүй дээд Арьяабалын хувилгаан лагшин
Гурван орны амьтдын багш та үргэлж ялалт байгуулагтун!
Гурван ертөнцөд хосгүй гайхамшигт,
Удамбар цэцэг мэт эрхэмсэг бүхнийг айлдагч,
Энэ орчлонгийн бүх амьтан, сургаалын их титэм эрдэнэ,
Бадамлянхуа баригч, сайн Ялгуусан таныг урт наслахыг гуйму.
Зөрчилтэй цаг үед, хэдий эрт Будда болсон ч
Мутар гишүүнээрээ амьтдыг тэтгэн баригч,
Таны сэтгэл, тангараг очир мэт бат,
Арван газрын бодьсадва таныг урт наслахыг гуйму.
Гэгээрлийн үе шатат замын бүх мэдлэг,
Гурван талтай салшгүй хосолсон,
Билиг, нигүүлслийн чанарууд нь төсөөлшгүй,
Хойд нутгийн хоёрдугаар Будда таныг урт наслахыг гуйму.
Номлох, мэтгэлцэх, зохиох үйлд тань торох юу ч үгүй,
Магад итгэлийн найман их сан хязгааргүй,
Төгс танин мэдэхүйгээр үзэгдэл бүрийг алдалгүйгээр уусган, Номыг айлдагч.
Агуу Их, Дайснаа дарагч таныг урт наслахыг гуйму.
Хоосон чанар хийгээд бодь сэтгэлийн биелэл
Дээрхийн гэгээн та Төвөдийн ивээгч сахиус билээ
Бидний залбирал тан дээр цэцэг мэт асгаран буудаг билээ.
"Таны 90 насны төрсөн өдрийг тохиолдуулан Дүвтов Тантон Жалбуугийн зохиосон энэхүү дууг толилуулъя."
Голын бүсгүй дараах бадгийн мөрүүдийг дуулахад хамтрагчид нь даган түрлээ. Төгсгөлд нь цугласан олон халуун алга ташилтаар баяр хүргэв.
Цаст уулсаар хүрээлэгдсэн Төвөдийн тэнгэрлэг оронд,
Амьтан бүхний аз жаргал, аврал итгэлийн эх ундарга
Данзан Жамц буюу Жанрайсиг бурхан бодитой
Түүний нас зуун галавт бат оршиг!
Талархлын мандал өргөсний дараа Дээрхийн Гэгээн цугласан олонд хандан айлдвар айлдав.
“Өнөөдөр Даржээлин дэх Төвөдийн Төв Сургуулийн төгсөгчид, Нью-Йорк болон Нью-Жерси дэх Төвөдийн Нийгэмлэг, мөн Миннесотагийн Төвөд-Америкийн сангийнхан намайг урт наслахыг ерөөн бат оршил өргөлөө.”
“Би Силингийн ойролцоо төрж, Лхаст нүүж ирсэн бөгөөд Жово бурханы өмнө өөрийн хамба багш Ёнзин Лин ринбүчэгээс эхлэн суралцагчийн болон гэлэнгийн сахилыг хүртсэн юм.”
“Би та нарт өмнө нь Бурхан багшийн тухай зүүдлэх буюу үзэгдэлд харсан талаараа ярьж байсан байж магадгүй. Тэрбээр миний өмнө биечлэн бууж ирсэн бөгөөд би түүнийг тойрон хүрээлсэн олны дунд байлаа. Намайг дуудахад нь би хүндэтгэлтэйгээр дөхөн очиход тэрбээр шавь нараа халамжлан энхрийлэх мэт толгойг минь зөөлөн илсэн юм. Би “Ном өнөд удаан орших болтугай!” хэмээн залбираад, залбирлынхаа дагуу үйлчлэхээр шийдсэн билээ.”
“Төвөдүүд бидний хадгалж ирсэн уламжлал нь Бурхан багшийн бүх сургаалын охь шимийг илэрхийлдэг. Тэрээр миний толгойг илж, миний хийсэн зүйлийг сайшааж байгаагаа илэрхийлсэн юм.”
“Надад хэсэг шоколаднаас өөр түүнд өргөх зүйл байсангүй тул түүнийгээ өгөхөд тэрбээр таалалтай байлаа. Түүний энэрэнгүй, нигүүлсэнгүйгээр халамжилж буй нь намайг үнэхээр гайхашруулсан юм.”
“Та бүхний мэдэж байгаачлан, би Төвөдөөс дүрвэж Энэтхэгт ирээд амьдралынхаа ихэнх хугацааг энд өнгөрөөсөн. Бодгаяа болон бусад олон газарт зочилж, ном айлдах боломжтой байсан нь үнэхээр сайн хэрэг байлаа.”
“Лама Дорж Чан, Лин ринбүчи нараас хүртсэн сургаалаа амьдралдаа хэрэгжүүлснээр би сэтгэлээ хувиргаж чадсан. Хятадад Мао Зэдун надад эелдэг хандаж байлаа. Тэрээр орчин үеийн шинжлэх ухааныг сонирхож байгааг минь магтаж байсан ч, шашин бол хор гэж хэлснээс нь би түүнийг номонд дайсагнаж байгааг мэдэж авсан юм.”
“Би бас олон оронд аялан, ном айлдаж, буддын сургаалыг дэлгэрүүлэхэд хувь нэмэр оруулах боломжтой байв. Ёс зүй, бясалгал төвлөрөл, билэг билгүүн гэсэн гурван суртхаалын дотроос би гол төлөв бодь сэтгэлийг хөгжүүлэх болон хоосон чанарын үзлийг бясалгах тал дээр илүү ажилласан байдаг.”
“Шагжамүни Буддагийн сургаал хумигдаж буй цаг үед амьдарч байгаа хэдий ч шавь нар бид тэдгээрийг өөрсдийн дотор дахин сэргээж чадна. Буддагийн айлдваруудыг эсэргүүцэж байсан хүмүүс ч эцэстээ түүнийг сонирхож магадгүй гэж надад санагддаг.”
“Бид бол Буддын сургаалтай учирсан хүмүүс. Миний хувьд Буддын номд үйлчлэхийн тулд чадах бүхнээ хийдэг. Өглөө бүр, сэрсэн даруйдаа би бодь сэтгэлийг төрүүлж, хоосон чанарыг бясалгадаг бөгөөд бусдад тустай байхын төлөө залбирдаг. Та бүхнийг миний шавь нар гэж хэлж болох учраас, би өөрийгөө хэрхэн дадалжуулж, бодь сэтгэл болон хоосон чанарыг хэрхэн бясалгадгаа тайлбарлаж байгаа юм. Та бүхэн ч үүнийг хөгжүүлэхийг хичээх хэрэгтэй. Миний хэлэх зүйл ингээд өндөрлөж байна. Даши Дэлэг!”
Бурхан багшийн сургаал дэлгэрэхийн төлөөх уншлагууд, “Үнэн үгийн залбирал” болон бодь сэтгэлийг хөгжүүлэхийн төлөөх залбирлаар энэ удаагийн ёслол өндөрлөлөө. Дээрхийн гэгээн дацангаас цахилгаан шат руу явж байхдаа олны зүг хандан инээмсэглэж, гар даллаж байв. Хашаанд ирээд тэрбээр гольфын тэргэндээ сууж өргөө рүүгээ буцахдаа сэтгэл хангалуун харагдаж байлаа.
Англи хэлнээс орчуулсан Б.Одгэрэл