Энэтхэг, ХП, Дарамсал, Тэгчэнчойлин – Хэдэн өдөр үргэлжилсэн бороо зогсож, Дарамсалагийн уулсын цаст оргилууд нарны туяанд гялалзан байх энэ өглөө Дээрхийн гэгээнийг өргөөнийхөө үүдэнд гарч ирэхэд бат оршил өргөх ёслолыг санаачлан зохион байгуулж буй Австралийн Төвөд Үндэстний Холбоо, Европын Төвөдийн Нийгэмлэг, Төвөд Залуучуудын Конгресс зэрэг байгууллагын төлөөлөл угтан авч, Намжал хийдийн Зүглагхан дуган хүртэл бараа болон дагалдлаа. Дуганы гадна баяр ёслолын хувцсаар гоёсон бүжигчид бөмбөрийн аянд бүжиглэн, лам нар бүрээ, бишгүүрээ үлээж угтан явлаа.
Дээрхийн гэгээн гольфын тэргэндээ суун талбайн голоор аажуухан явж, цахилгаан шатаар өгсөн гол дуганд морилох зуураа цугласан олны зүг инээмсэглэн, гар даллан мэндчилж байв.
Гол дуганд Дээрхийн гэгээн өнөөдрийн бат орших өргөх ёслолыг удирдан хөтлөх Самдан ринбүүчийн өөдөөс харсан сэнтийдээ мориллоо. Ринбүүчийн зүүн талд Намжал хийдийн хамба лам Томтог ринбүүчи, Жүдийн хийдийн хамба лам нар, баруун талд нь Жонан Жалцав ринбүүчи, Намжал хийдийн ловон Лувсандаржаа, Намжал хийдийн гэвш нар тус тус суудлаа эзэлжээ.
Өнөөдрийн өлмий бататгах ёслолыг Аминдаваа бурхны зан үйлд суурилан үйлдэх агаад 5 дагиныг урин залж, өргөл өргөх зэргийг багтаасан байлаа. Мөн хуран цугласан бүх хүнд цай, бэрээс хүртээв.
Самдан ринбүүчи насан хутгийн сумыг Дээрхийн гэгээнд өргөв. Дээрхийн гэгээн сумыг хүлээн авлаа. Дараа нь Долоон гишүүнт залбирал уншин цог өргөхөд тэрбээр түүнээс хүртэв. Дараа нь Дилго Хиентэ ринбүчийн хүсэлтээр хуврагууд Далай ламын өөрийнх нь зохиосон өлмий бататгах залбирлаас дараах бадгийг уншлаа.
Хоосон чанар ба бодь сэтгэл хослохуйн мөрийг тодруулагч
Хойд цастын орон Төвөдийн ном хийгээл хамаг амьтныг сахигч эзэн
Сайтар лянхуа баригч Данзанжамцын өмнө залбиръюу
Санасан горил бүхэн тань саадгүй бүтэх болтугай!
Самдан ринбүүчи болон өнөөдрийн бат оршлыг зохион байгуулсан өглөгийн эзэд, төлөөлөгчид Дээрхийн гэгээн Далай ламыг 100 галавт өлмий бат оршихыг сэтгэлийн угаас хүсэмжлэн мандал хийгээд бурхны лагшин, зарлиг, тааллын шүтээн сэлтийг өргөв. Дээрхийн гэгээн бумбатай рашааныг авч, Самдан ринбүүчийн мутарт дусаалаа. Дараа нь Дээрхийн гэгээнд урт наслахыг бэлгэдсэн насны үрэл, төрийн долоон эрдэнэ, найман тахил, өлзийт найман зай зэргийг цар тавганд өрж өргөлөө.
Өнөөдрийн ёслолыг зохион байгуулж буй багийн гишүүд дуганы голоор нэг эгнээ үүсгэн Бурхан багшийн дүр, хуврагийн хувцас зэргийг Далай ламд өргөж, адис хүртэв.
Жамьян Хиентэ Чойжи Лодойн зохиосон “Мөнхийн рашааны аялгуу” буюу төгс гэгээрсэн, ялгуусан бодгал Дээрхийн гэгээний өлмий бататгах залбирлыг уншлаа.
Эл залбирлын төсгөлийн бадаг:
Энэ л орон дэлхий, сүмбэр уул, наран, саран хэдий болтол орших хүртэл
Эгнэгт Та бээр Жанрайсиг бурхны тааллын орон
Будант Бодалын энхжингийн ордондоо
Хэмхэрч үл эвдрэн сүйдэх очир эрдэнийн ширээн дээрээ,
Хэрхэвч үл хувирах нууц лагшин, зарлиг, тааллаараа
Хэзээ ямагт залрах болтугай!
Насны гурван бурхны адистид хийгээд
Номын багш, идам бурхан, Бурхан багш, бодьсадва нарын
Харилтгүй үнэний хүч, ивгээлээр
Хамаг бидний залбирсан бүхэн саадгүй бүтэх болтугай! гэж буй.
Ингээд Дээрхийн гэгээний багш Лин ринбүүчи, Трижан ринбүүчи нарын зохиосон “Үхэшгүй мөнхийн дуулал” хэмээх Дээрхийн гэгээн Далай ламын өлмий бататгах дэлгэр залбирлыг уншиж, чингэхдээ дараах бадгийг давтаж байлаа.
...Цастын орныг ивээгч Данзанжамц бээр зуун галавт бат оршин
Цаглашгүй горил бүхэн нь саадгүй бүтэхийг адислан соёрх оо...
Дараа нь дуганы хойморт гурван хүн дуучин Цэрэн Гүрэмийн дуулж олонд танигдсан “Цавай Лама” буюу “Миний хайрт язгуурын Багш” гэдэг дууг сэтгэл хөдөлгөм дуулахад дуган дотор болон гадаа талбайд цугласан олон баяртайгаар түрлээ.
Ай, язгуурын багш
Авралын дээд Дээрхийн гэгээн, ялгуусан Данзанжамц Та бээр
Уугуул Төвөдийн зон олон хийгээд хамаг амьтныг энэрэх сэтгэлээр
Уламжлалт шашны болоод төрийн хэргийг үүрсэн билээ. .
Нэг, хоёрхон жилийн дараа
Найртай жаргалын нар дахин мандах болтугай.
Тэр л баярын гэгээ туяарах үесэд
Тэртээх хайрт эх орондоо бид буцах болтугай.
Ариун дагшин Бодалын ордондоо эргэж очоод
Ачит багш тантай ашид хамт байлгаач хэмээн
Аядуу даруухнаар залбирах болно, бид.
Энэ дууг “Бод Жало” буюу “Төвөд ялах болтугай” гэсэн уриагаар төгсгөлөө.
Ловон Бадамжунай бурхныг урин дуудах хийгээд гай зовлон, муу зүгийн хар хүчнээс сахин хамгаалахыг хүссэн залбирал уншлаа. Дээрхийн гэгээн Далай лам зон олны горил хүслийг ёсоор болгон урт наслахыг зөвшөөрч буйгаа илэрхийлсэнд хуврагийн чуулганаас талархлын мандал өргөв.
Бат оршил өргөх үйл ийн номын ёсоор өндөрлөх үесэд цугласан олон “Гэгээн мэргэдийн эв эеийн үнэний дуулал — Бурхны шашин үл хуваагдан дэлгэрэхийн ерөөл”-ийг уншив. Далай лам өөрийнх нь зохиосон энэхүү залбирал нь дараах хоёр бадгаар төгсдөг:
Намайг харсан, дууг минь сонссон, миний тухай бодсон, надад итгэсэн хэн боловч
Найртай жаргалын цогийг эдлэх болтугай.
Тэрчлэн намайг доромжилсон, шийтгэсэн, цохисон, гутаасан хэн боловч
Тэнсэлгүй дээд гэгээрлийн замд гарах сайн хувийг олох болтугай.
Товчилбол сансар хорвоо хэдий удаан оршоод
Тоолшгүй олон амьтан хэдий удаан зовох хүртэл
Би бээр төдий удаан ажраад
Амьтны зовлонг амарлиулах болтугай.
Үнэний үгийн залбирал, бодь сэтгэлийн ерөөлийг уншив.
Эрдэнийн дээд бодийн сэтгэл
Төрөөгүй нэгэнд нь төрөх болтугай.
Төрсөн нэгэнд нь үл доройтон
Улам бүр өөдөө арвидах болтугай.
Дээрхийн гэгээн дуганаас гадагш морилж, гольфын тэргэндээ суулаа. Лам нар уламжлал ёсоор бүрээ, бишгүүрээ үлээн дагалдлаа. Дээрхийн гэгээн талбайн голоор өнгөрөхдөө хурсан олны зүг инээмсэглэн даллахад бүгд “Цавай Лама” дууг баяртайяа уянгалуулан дууллаа.
Орчуулсан Д.Дуламжав