Япон улс, Токио хот. 2014 оны 4 дүгээр сарын 18. Энэ өглөө Дээрхийн гэгээн Далай лам н онгоцны буудал руу явж, Энэтхэг буцах нислэгтээ суухаасаа өмнө хятад, монгол, төвөд хүмүүсийн төлөөлөлтэй тус тусад нь цаг гарган уулзлаа.
Эхлээд Тайвань, Хонконг, Макао, Хятадаас ирсэн 100 гаруй хүнтэй уулзахдаа тэрбээр ийн өгүүлэв. “Би хаашаа ч явсан хятад нөхөдтэйгөө уулзахыг хичээдэг. Төвөдүүд болоод хятадууд Сүнцэн Гомбын үеэс харилцаатай ирсэ билээ. Заримдаа хоорондоо тэмцэлдэж байсан ч 1000 гаруй жилийн турш буддын шашныг сонирхон судалсаар иржээ. Энэ нь Сүнцэн Гомбо нэг хятад, нэг непал эхнэртэй болсноор эхэлсэн гэдэг. Тиймээс би хятад буддистуудад та бүхэн хэзээд ахмад шавь нар минь хэмээн хүндэлдэг гэж байнга хэлдэг юм. Үүнтэй адил энэтхэгчүүдтэй ярилцахдаа бидний хувьд энэтхэгчүүд бол бидний багш, харин бид тэдний шавь нар гэж хэлдэг. Хүнд бэрх цаг үед бид багш болон ахмад шавь нараасаа тусламж эрэлхийлдэг гэдгийг мөн дурддаг. Би Тайваньд хэд хэдэн удаа очиж байлаа. Мөн түүнтэй адил олон хятад хүн Дарамсалад ирсэн учир ард иргэдийн харилцаа машид сайжирчээ” хэмээн айлдлаа.

Далай лам цааш үргэлжлүүлэн, “Бодит нөхцөл байдал ямар байгааг мэдэхгүй байх нь үндэслэлгүй, хэрэггүй сэрдлэг төрүүлдэг. Хэрэв бид уулзаж, бодит байдал ямар байгааг мэдэж чадвал харилцаа илүү таатай болно. Тяньаньмэний хэрэг гарахаас ч өмнө төвөдүүдийг Хятадтай харилцаа тогтоохыг уриалж байсан боловч тэр хүртэл эх газрын Хятадаас ирсэн хүмүүс төвөдүүдтэй харилцахаас зайлсхийдэг байлаа. Тяньаньмэний хэрэг явдлын дараа тэдний хандлага өөрчлөгдөж, харилцаа холбоо бэхэжсэн юм. Мөн өнөөдөр ч олон хятад хүн бодит байдлаас тасарсан мэт санагддаг тул нөхцөл байдлыг илүү сайнаар ойлгож буй Тайвань, Хонконгийн хүмүүс хятадын ард иргэдэд мэдээллийг илүү зөв хүргэхэд чадах бүхнээрээ туслах хэрэгтэй. Жишээлбэл, ингэж хэлэх нь зохисгүй мэт санагдаж болох ч Төвөдөд өөрийгөө зулын гол болгох зориг гаргаж буй хүмүүс бусдад хор хөнөөл учруулж чадах ч тэд үүнийг хийхгүй байхаар шийджээ. Тулгарч буй бэрхшээлүүдээ үл харгалзан, тэд хүчирхийлэл үл хэрэглэх тухай Бурхан багшийн сургаалыг дагасаар байна. Үүнийг хүмүүс тэр бүр тодорхой ойлгодоггүй байж болох юм.
Сүүлийн үед Төвөдөд урьд нь төвөдүүдийн хийдэг байсан аяллын хөтчийн ажлыг хятадууд хийж, тэд төвөд хүмүүсийг хятад болон бусад жуулчдад муулан ярьдаг болсон гэж сонслоо. Төвөдүүд ийм бүлэг жуулчдад бараа бүтээгдэхүүнээ худалдахаар очиход тэднийг хөөж явуулдаг байна. Төвөд, Хятадын асуудлыг шийдвэрлэх боломжтой боловч хатуу байр суурьтай хүмүүс төвөдүүдийг салан тусгаарлагчид хэмээн буруутгасаар байна. 1973 оноос бид ийм байр суурь баримтлахгүй байхаар шийдсэн. Хятадтай шууд харилцах харилцаа 1979 онд эхэлсэн бөгөөд тэр үед бид байр сууриа аль хэдийн тодорхойлсон байсан. Бидний шаардаж буй зүйл бол Хятадын Үндсэн хуульд хэдийн хүлээн зөвшөөрөгдсөн заалтуудыг хэрэгжүүлэх явдал юм.
Байр сууриа чанад баримталдаг хүмүүс “Их Төвөд” гэсэн нэр томьёог хэрэглэдэг. Гэвч нийтлэг соёл, хэлтэй төвөдийн бүс нутаг, өөртөө засах орон, хошуу, сянь зэрэг захиргааны нэгжүүд хэдийн хүлээн зөвшөөрөгдсөн байдаг. Бид эдгээр заалтыг тэгш эрхийн үндсэн дээр хэрэгжүүлэхийг хүсэж байна” хэмээжээ.

“Төвөд хэл бол бидний үнэмлэхүйн гол хэсэг учраас түүнийг хэрэглэхийг хязгаарлаж байна. Гэвч та бүхний мэдэж байгаачлан өнөөдөр төвөд хэл нь буддын гүн ухаан болоод шинжлэх ухааныг тайлбарлах хамгийн сайн хэл хэвээр байна. Санскрит хэл нь амьд хэл байхаа больсон. Хэдийгээр хятад хэлээр буддын шашны асар их хэмжээний зохиол бүтээл бий боловч төвөд орчуулга нь илүү нарийвчлалтай байдаг. Тиймээс энэ асуудал зөвхөн төвөд хүмүүсийн асуудал биш. Энэ нь дэлхий дахинд буддын шашныг илэрхийлэхтэй холбоотой асуудал юм. Буддын шашны хамгийн иж бүрэн сургаал төвөд хэлээр хадгалагдан үлджээ.
Янз бүрийн хэл оршин байх нь аюул занал биш. Энэтхэгийг хар. Тэнд олон хүн өөр өөр хэлээр ярьж, бичдэг ч энэ нь улс орондоо аюул занал болдоггүй. Хуулийн засаглалын хүрээнд тэгш эрх эдэлж чадвал хүмүүс эрх чөлөө, тэгш байдлын дунд хамтдаа амьдарч болно. Төвөдүүд өөрийн гэсэн хэлтэй байх нь өөрөө аюул занал биш билээ.
Ху Жинтаогийн эв нэгдэлтэй нийгмийг хөгжүүлэх санаа нь сайшаалтай боловч үүнийг хүч хэрэглэх замаар хэрэгжүүлэх боломжгүй юм. Найрамдал, эв зохицол нь айдаст бус итгэлцэлд үндэслэх ёстой. Үүний зэрэгцээ Хятадын дотоодын аюулгүй байдлын төсөв батлан хамгаалахын төсвөөс давсан байдаг. Энэ байдал Дэлхийн 200 гаруй улсаас зөвхөн Хятадад л байдаг байж магадгүй юм. Эцэст нь төвөдүүд болоод хятадуудын хооронд эв зохицол, харилцан хүндлэл тогтвол тэд хамтдаа амьдарч чадна” хэмээн айлдлаа.
Дээрхийн гэгээн сонсогчдоос асуулт асуухыг хүслээ. Эхний асуулт нь Тайваньд айлчлахыг урьсан урилга байв. Дээрхийн гэгээн “Тайваньд анх очсоноосоо хойш 2 жил тутамд нэг удаа очих тухай бодож ирсэн боловч Засгийн газраас нь айлчлах зөвшөөрөл авч чадаагүй” хэмээн хариулав. Окинавагаас буцах замдаа Тайвань улсаар түр дамжин өнгөрөх талаар бодож байсан ч үүнд ч мөн зөвшөөрөл авч чадаагүй аж.
Хонконг, Хятадын харилцаа сүүлийн үед муудсан гэж үзэж буй нэгэн эмэгтэй хүчирхийлэл үл хэрэглэх замаас хазайхгүй байх талаар асуув. Дээрхийн гэгээн “Төвөдүүд 50 гаруй жилийн турш хатуу чанд хүчирхийлэл үл хэрэглэх байр суурийг баримталсан боловч энэ нь асуудлыг одоогоор шийдээгүй байна. Ардчилсан орнуудад ил тод байдал байдаг бөгөөд ил тод байдал нь нууцлал, сэрдлэгээс ямагт илүү дээр гэдэг нь тодорхой шүү дээ. Ши Жиньпин засгийн эрхэнд гарснаас хойш тодорхой хэмжээнд сайжрал гарч байгаа мэт бөгөөд тэрээр ядаж л үнэнийг баримтаас эрэлхийлэх сонирхолтой байгаа бололтой. Бүү шантраарай” хэмээн хариулжээ.
Өөр нэг хүн Дээрхийн гэгээн Хятадад очих боломж байгаа эсэхийг асуув. Дээрхийн гэгээн Хятадын талтай хийсэн төлөөлөгчдийн дөрөв дэх удаагийн уулзалтын үеэр Утайшанд мөргөл хийх сонирхолтой буйгаа илэрхийлсэн боловч Тайваньд очих төлөвлөгөөнийх нь нэгэн адил энэ хүсэлтийг мөн зөвшөөрөөгүй гэжээ.

Дээрхийн гэгээн Монгол улсаас хүрэлцэн ирсэн 50 гаруй хүнтэй уулзах үеэр төвөд, монголчуудын олон зууны турш сахин ирсэн найрамдал, соёлын хэлхээг машид сайшаан, ийн өгүүлэв. “ХХ зуунд та бүхэн асар их эмгэнэлт явдалтай тулгарч, монголын буддын шашин доройтсон. Өнөөдөр төвөдүүд ч мөн адил асуудалтай тулгарч байна. Гэвч төвөд, монголчуудын харилцаа энэ нутгаар нүүдэллэн амьдарч байсан үеэс, хэдэн зуун жилийн тэртээгээс эхтэй. Одоо та бүхэн эрх чөлөөгөө эргүүлэн олж авсан тул энэ боломжийг зөвөөр ашиглах ёстой. Эрх чөлөө, ардчиллыг буруу ашиглах үед ямар зүйл буруугаар эргэж болохыг Африкийн орнуудаас харж болох олон жишээ буй. Ардчиллыг дагаж хариуцлага ирдэг. Өнөөдөр монголчууд номын айлдвар сургаалд ихээхэн итгэдэг. Гэхдээ учир шалтгаанд үндэслэсэн итгэл илүү бат бөх, тогтвортой байдаг тул судалж суралцах нь чухал. Монголоос олон агуу эрдэмтэн мэндэлсэн билээ. Гэвч буддын шашны талаарх ойлголтыг орчин үеийн суурь боловсролтой хослуулах хэрэгтэй. Төвөд улс орчин үеийн боловсрол, технологийн хөгжлийн хувьд хоцрогдсон байсан бөгөөд бид улс орноо ч алдсан юм” хэмээн айлдлаа.
Дээрхийн гэгээн монголчуудыг Чингис хааны шийдэмгий, онч чанараас үлгэр дуурайл авахыг зөвлөжээ. “Харин өнөөдөр ийм зоригийг оюун билигтэйгээ хослуулах шаардлагатай” хэмээн айлдсан юм.
Тэрбээр мөн энэтхэгчүүдийг хөгжлийн чиг хандлагаа зөвхөн төвлөрсөн хотод бус, хөдөө орон нутагт чиглүүлэхийг зөвлөж ирснээ ч хэлэв. “Хөдөө орон нутагт амьдарч буй хүмүүст ч сургууль, эмнэлэг болоод бусад шаардлагатай байгууламж, үйлчилгээг хүргэх нэн шаардлагатай шүү дээ” хэмээн өгүүллээ..
Тэрбээр одоогоор Өмнөд Энэтхэгийн төвөдийн томоохон хийдүүдэд 300 орчим монгол лам суралцаж байгаа бөгөөд тэд ирээдүйд номын айлдвар сургаал дэлгэрэн хөгжихөд хувь нэмрээ оруулах боломжтойг дурсан хэлсэн юм.

Дээрхийн гэгээн Япон улсад ажиллаж амьдардаг төвөдүүдтэй нэлээд ойрхон уулзаж чаддаг болсон тул хэлэх зүйл их бус байна хэмээв. “Эрдэмтэдтэй хийсэн олон уулзалт, тэдэнтэй үргэлжлүүлэн явуулж ирсэн яриа хэлэлцээрүүд минь сэтгэл болоод сэтгэл хөдлөлтэй хэрхэн холбон тайлбарлахад төвөд хэл ямар гайхамшигт чанартайг улам бүр үнэлэхэд хүргэж байна. Одоогоор энэ тал дээр англи хэл хангалттай бус байгаа бөгөөд энэ чиглэлд хамгийн нь төвөд хэл аж. Энэ бол бидний бахархал. Эцсийн эцэст буддын шашин бол дэлхийн томоохон шашнуудын нэг бөгөөд нэн чухал ач холбогдолтой билээ.
Өмнө дурдсанчлан, Төвөдөд өөрийгөө зулын гол болгох явдал одоо ч байсаар байна. Үүнийг хийж буй хүмүүс бусдад хор хөнөөл учруулж болох нь тодорхой ч тэд хэзээ тийм сонголт хийдэггүй. Тэд юу ч тохиолдсон бусдад хор хүргэхгүй байхын тухайтад буддын шашны үндсэн тангаргийг зөрчихийг үл хүсжээ. Төвөдөд очиж буй хятад жуулчид хүртэл төвөдүүдийг сайхан сэтгэлтэй, энэрэнгүй хүмүүс хэмээдэг. Энэ нь бидний зорилгыг хүндэтгэх болсон олон шалтгааны нэг нь билээ. Энэ ёс суртахууны хэм хэмжээгээ хэзээ ямагт хадгалж, хууран мэхлэхийг үргэлжид тэвчигтүн.
Хятадад ч мөн нөхцөл байдал өөрчлөгдөж байна. Төвөдөд байгаа хүмүүсийн сэтгэл санаа одоо ч мохошгүй, хүчтэй хэвээр байна. Бид бүгд үүнийг хадгалж явах ёстой билээ. АНУ дахь манай төлөөлөгчийн газар Вашингтон хотод шилжсэн юм. Гэхдээ төвөдүүдийг холбоотой байхад анхаарах чиг үүрэгтэй салбар төлөөлөгчийн газрыг Нью-Йорк хотноо хэвээр ажиллуулахыг би бээр санал болгосон шүү. Бид эв нэгдлээ хадгалах ёстой. Дагдэлэг” хэмээн айлдвараа өндөрлөсөн юм.
Үүний дараагаар Дээрхийн гэгээн Наритагийн онгоцны буудал руу явж, Энэтхэг рүү нисэх онгоцонд суув. Удахгүй Австрали руу шилжин ажиллах төлөөлөгч Лхагвацог, Дээрхийн гэгээний Япон болоод Зүүн Азийн орны төлөөлөгчөөр ажиллах Лүндэг, Төлөөлөгчийн газрын Цэрэндорж нар Япон улсын айлчлалынх нь төгсгөлд түүнийг үдэж өгөхөөр ирсэн байлаа.










