Энэтхэг, Химачал Прадеш, Дарамсала, Тэгчэн Чойлин- Өнөөдөр Дарамсала дахь Зүглагхан дуганд Дээрхийн гэгээн Далай ламын өлмий батдахын тухайтад бат оршил өргөлөө.
Дээрхийн гэгээнийг өргөөнийх нь үүдэнд Гандэн Три ринбүүчи, Шарба болон Жанцэ Чойжэ нар угтан авч, хийд рүү дагалдан орцгоолоо. Тэд бүгд шар өнгийн бандида малгай асаасан ажээ. Энэ ёслолын үеэр их бүрээн дуу эгшиглэх агаад Дарь эхийн тарнийг лам хуврагууд уншиж байлаа. Хийдэд морилмогцоо Дээрхийн гэгээн болон бусад мяндагтан лам хуврагууд өөр өөрсдийн суудалд заларцгаав. Эхний эгнээний голд Дээрхийн гэгээний өөдөөс харан Гандэн Три ринбүүчи суусан ажээ. Түүний зүүн гар талд Жанцэ Чойжэ болон Сэра Мэ, Дрэпүн Лосалин, Дрэпүн Гоман хийдийн хамба лам нар залрав. Харин баруун гар талд нь Шарба Чойжэ болон Гандэн Шарцэ, Гандэн Жанцэ, Сэра Жэ хийдийн хамба лам нар суужээ. Хийдийн дотор гадна нийт 4500 орчим лам хувраг болон сүсэгтнүүд цугларсан байх аж.
Уншлагыг Трүлшик ринбүүчийн зохиосон Энэтхэг, Төвөдөд бодитой заларсан Жанрайсиг бурханы бүрэлбаа болох Далай ламын “Төрөл дарааллын залбирал”-аар эхлэв.
Дээхийн гэгээн ийн айлдав.
"Өнөөдрийн өлмий бататгах бат оршлыг миний номын ахан дүүс өргөж байна. Бэрээвэн Гоман хийд болон Лхаден Чотрул Монлам Чэнмо сан бат оршлыг хамтран зохион байгуулж байна. Миний өргөөнд залардаг Жанрайсиг бурхны зурмал шүтээнийг өнөөдрийн бат оршилд зориулж энд залжээ.
Жанрайсиг бурхан бол Төвөдийг даасан их шүтээн бөгөөд би түүний аврал ивээлийг хүртэж, өдөр бүр залбирдаг билээ. Жанрайсиг бурхны лагшин, зарлиг, тааллыг төлөөлөн зарлигийг нь биелүүлэхийн тухайтад би хичээнгүйлэн ажилладаг. Цаашид ч энэ мэт үйлдэх болно. Өнөөдөр бат оршил өргөж байгаа учраас миний арвалын орон болох Жанрайсиг бурхны зурмал дүрийг залсан байна.
Лхаст Төвөдийн гол шүтээн Жанрайсиг бурхны том сэрэг дүр эх оронд минь үлдсэн хэдий ч тодорхой учир шалтгааны үрээр эл шүтээн зураг энд надтай хамт байх болсон. Жанрайсигт залбирахад тэр над руу харан инээмсэглэх шиг болдог. Тэрбээр ярьж, алхаж чадахгүй ч надад аврал ивээлээ хайрлах агаад Жанрайсиг бурхны төлөөлөл болохынхоо хувьд би түүний таалал, зарлигийг биелүүлэхийг хичээн зүтгэдэг билээ.
Өнөөдөр эгэл төвөд сүсэгтэн хийгээд хуврагууд Цагаан дарь эхийн зан үйлээр бат оршил өргөж байна. Бэрээвэн Гоман, Лхаден Чотрүл Монлам Ченмо сан хамтран зохион байгуулж байгаад ихэд талархаж байна.
Амдод мэндэлсэн болохоор би энэ хийдтэй барилдлага ерөөлтэй мэт санагддаг. Танай хийд Бурхан багшийн сургаал номлолыг судлан мэтгэлцэх, дотоод сэтгэлдээ дадуулах замаар шинжлэн судлах ба дадуулан бясалгахыг хослуулж улмаар буддын шашныг хадгалан хамгаалж, түгээн дэлгэрүүлж байгаа билээ. Гандан, Сэра, Бэрээвэн, Дашлхүмбэ хийдийн хуврагууд түүнчлэн бүхий л Хималайн бүс нутаг дахь хуврагуудаас номоо үргэлжлүүлэн шинжлэн судлаж, дадуулан бясалгахыг хичээнгүйлэн хүсье. Ирэх арав, хорин жилд би та бүхнийг хөтлөх болно.
Өөрийн сүсэг бишрэл, итгэл үнэмшилд дулдуйдан Бурхан багшийн заасныг шууд хүлээн авах бус алтны чанарыг дархан хүн хэрхэн нягт нямбай шалгадгийн адил учир шалтгааны үүднээс нягтлан шалгаж, шинжлэн судлах нь зүй. Сөрөг муу сэтгэл төрж буйг танин мэдэж, хазаарлаж сурах хэрэгтэй. Учир шалтгааны үүднээс танин барих хэрэгтэй. Эдгээр нь хий хоосон үгс төдий бус агаад Бурхан багшийн номлосон асар өргөн, гүн гүнзгий айлдвар сургаал бидэнд оюун санааны амар амгаланг үүтгэх чадалтай байдаг юм.
Бурхан багшийн айлдвар номлол нь зөвхөн Төвөдөд бүрэн цогцоороо хадгалагдан ирсэн. Бурханы шашинтай бусад орнуудаас учир шалтгаанд суурилсан Наландрын уламжлалыг хадгалж үлдсэн нь үгүй юм.
Энэ өдрүүдэд би хойд Энэтхэгт, харин та нарын ихэнх нь өмнөд Энэтхэгт байна. Бие махбодын хувьд хол байх хэдий ч техник технологийн ачаар бид төвөггүй харилцаж чадаж байна.
Та бүхнийг номоо хичээнгүйлэн сурч судлан, дадуулан хэрэгжүүлээрэй гэж буйн шалтгаан нь Хятад болон дэлхийн бусад орнууд буддизмыг ихэд сонирхох болсонтой холбоотой. Түүнчлэн шинжлэх ухааны эрдэмтэд буддын сэтгэл судлалд ихэд анхаарал хандуулж байна.
Өмнө нь дурдсанчлан Жанрайсиг бурхныг энд залж ирсэн нь тэрбээр миний удирдагч (босс) болохоор тэр юм. Балдан лхам нуурын мандалд тодорсон гурван үет үсэг нь намайг Жанрайсиг бурхантай илтэд барилдлагатайг илтгэн харуулсан гэдэг. Та бүхэн намайг удирдагчаа гэдэг бол би Жанрайсиг бурхныг удирдагчаа гэж үздэг. Өдөр шөнийн туршид би түүнээс урам зориг авч, адис жанлав нь надад шингэдэг билээ.
Энд хуран цугласан олонд талархлаа илэрхийлэхийн дашрамд Бэрээвэн Гоман дацангийн хуврагуудад тусгайлан баярласнаа илэрхийлье. Трүлшик ринбүүчийн зохиосон “Төрөл дарааллын залбирал”-д дурдсанчлан би Бэрээвэн Гомантай барилдлага ерөөлтэй юм."
Богд Зонховын лагшин мэндэлсэн газрын ойролцоо Амдо (Домэй) нутгийн Тагцэр хэмээх газар эртний уламжлалаа хадгалсан нэгэн гэр бүлд Балдан лхамын эш бошиг ёсоор Та мэндэлсэн билээ. Танд залбиръя.
Дээрхийн гэгээний урт наслахын тухайтад Дарь эхийн уншлага, залбирлыг талбилаа. Үүний дараа Гандан Три ринбүүчи Дээрхийн гэгээнд урт наслахыг бэлгэдсэн таяг, судар өргөн барилаа.
Удалгүй Дүйнхор дацанд Чойжин сахиусаа буулгаж бэлдсэн Найчун гүртэн Зүглэгханд орж ирлээ. Тэрбээр Дээрхийн гэгээнд бурханы лагшин, зарлиг, тааллыг бэлгэдсэн өргөл өргөж, цай барин хүндэтгэв. Найчун гүртний үгийг Дээрхийн гэгээн анхааралтай гэгч нь сонслоо. Дараа нь Найчун чойжин Жанрайсиг, Ловон Бадамжунай, мянган мутарт Жанрайсиг бурханд хадаг өргөлөө. Тэгээд Гандан Три ринбүүчи болон бусад хамба лам, хуврагуудыг урьж, Дээрхийн гэгээний өмнө тэд хамтдаа хамаг амьтны тусыг бүтээхээ амлав.
Чойжин сахиус гүртний биеэс гармагц түүнийг хийдээс дамнан авч явлаа. Дээрхийн гэгээнд ёслолын бялууг өргөн барьснаар үйл ажиллагаа эхлэв.
Гандан Три ринбүүчи мандал өргөж, дээдийн номыг дэлгэрүүлэхийн тухайтад Дээрхийн гэгээнийг зуу зуун наслахыг ерөөн, “Орчлон хэзээ хоосроно тэр хүртэл ажрах болтугай” хэмээн залбирлаа. Насны үрэл, рашаан мөн өргөв. Дараа нь Дээрхийн гэгээнд хаан төрийн долоон эрдэнэ болон найман тахилыг өргөн барив.
Далай ламын хоёр багш, Жамьяан Кенце Чойжоо Лодой нарын зохиосон Дээрхийн гэгээний өлмий бататгах залбирал зэргийг уншицгаалаа. Дээдийн номыг сахих үүрэг авсан сахиусуудыг залж, номыг тэтгэн хамгаалах үүргээ биелүүлэхийг сануулан уншлага, залбирал өргөв.
“Би өөрийн чадах бүхнээ хийсэн. Хичээл зүтгэлд минь ямар ч хэмжээ хязгаар байгаагүй билээ” хэмээн өгүүлэв Дээрхийн гэгээн өгүүлэв. Цааш нь:
“Цаст уулсаар хүрээлсэн ариун оронд
Тус амгалан бүхэн гарахын орон
Жанрайсиг бурхны эрхэт Данзанжамцын
Өлмийн лянхуа зуун галав хүртэл батжих болтугай” гэдэг ерөөлийг та бүхэн талбих үед нүдийг минь нулимс бүрхлээ. Бид бие биентэйгээ тэмцэлдэх ямар ч шаардлага байхгүй гэдгийг бодож сууна. Миний хүрсэн бүхий л амжилт, ололт нь бусадтай ярьж хэлэлцсэнийх бөгөөд энэ бүхэн Жанрайсиг бурхны таалалд нийцсэн нь дамжиггүй ээ. Энэхэн агшинд гуниглан, нулимс гарсан хэдий ч төвөдүүд, Хималайн бүс нутгийн ард түмэн бид барилдлага хадгалан, ам тангарагтаа бат зогссоор байгаа билээ. Бид Наландрын уламжлалыг бүрэн цогцоор нь хадгалан яваа юм.
Шашныг тэтгэгч номын сахиусууд ч миний үгийг сонсож, дагадаг билээ. Найчүн чойжин сахиус ч энд ирж буулаа шүү дээ. Номын сахиусууд болон хүн төрөлхтөн бид бүгд нэг л зорилготой. Тэр нь аз жаргалтай, тайван амгалан байх л шүү дээ” хэмээн айлдлаа.
Бат оршил Дээрхийн гэгээний зохиосон “Дээдийн ном дэлгэрэх залбирал”-аар өндөрлөв. Далай ламыг хийдээс гарах үед Богд Зонховт зориулсан мэгзэм уншиж байлаа.
Англи хэлнээс орчуулсан Б.Баярмаа