Хайдарабад, 2006 оны 1-р сарын 3 (www.tibet.net) – Өнөө өглөө Дээрхийн гэгээнтэн Далай лам Андра Прадэш мужийн Хайдарабад хотод айлчлан ирэхэд түүнийг онгоцны буудалд өндөр харуул хамгаалалтын дунд аялал жуулчлалын сайд болон төвөд худалдаачид зэрэг 1000 гаруй хүн угтан авчээ.
Үдээс хойш, Дээрхийн гэгээнтэн Далай лам Андра Прадэшийн музейн 16-р танхимд залагдсан “Ариун шүтээн” үзэсгэлэнг нээнэ. Буддагийн хөшөө болох тухайн шүтээнийг Вишакхапатнам дүүргийн Бавинкондагаас олж илрүүлсэн аж. Андра Прадешийн Засаг дарга Сушил Кумар Дээрхийн гэгээнтэн Далай ламыг музей дээр угтан авах болно. Дээрхийн гэгээнтэн Далай лам нээлтийн ёслолд үг хэлэх бөгөөд энэхүү ёслолд мужийн Засаг дарга Сушил Кумар, ерөнхий сайд доктор Y.С.Раджасекхара, аялал жуулчлалын сайд, археологи ба музейн захирал болон бусад зочид оролцоно. Мөн Дээрхийн гэгээнтэн Далай лам “Ариун шүтээн”-ий үзэсгэлэнгийн номыг гаргах агаад дэлгэмэл бурхад, Дүйнхорын хот мандалын сериграф зургийг нийтэд дэлгэнэ. Нээлтийн ёслолын дараа Далай лам Хуссайнсагар нуурын голд байрлах Бурхан багшийн хөшөөг аравнайлах зан үйлийг үйлдэнэ. Мужийн Засгийн газар болон Хайдрабад хотын ард иргэд Дээрхийн гэгээнтэн Далай ламыг 2006 оны анхны зочноороо хүлээн авсандаа баяртай байгаагаа илэрхийлжээ. Маргааш нь Дээрхийн гэгээнтэн Далай лам Андра Прадеш мужийн буддын шашны ариун газар гэгддэг Нагаржунасагарт морилно.
Орчуулсан Н.Долгар