Дээрхийн гэгээнтэн Далай лам өчигдөр Нагаржуна Сагард мориллоо. Замбутивийн "Зургаан чимэг, хоёр манлай" гэгддэг агуу найман эрдэмтний нэг Нагаржунайг амьдралынхаа нэг чухал үеийг Нагаржуна Сагарт өнгөрүүлсэн гэж буддын шашинтнууд итгэдэг. Дээрхийн гэгээнтэн өгүүлэхдээ "Энэтхэгийн агуу их багш Нагаржунай “Билгүүний үндэс” сургаалаа энэхүү газарт айлдсан гэдэг" хэмээлээ. Дээрхийн гэгээнтэн энэ газарт 1956 онд ирж байсан аж. “Нагаржунай амьдралынхаа эхэн үеийг энд, сүүлийн жилүүдээ Наландад өнгөрүүлсэн юм. Намайг энд 1956 онд ирэхэд гол байгаагүй” гэв. Мөн бурхны дүр, хийд орон газар ариун ч гэлээ хамгийн чухал зүйл бол Буддагийн сургаал юм хэмээв. Тэрээр буддистууд Будда болон Нагаржунайн сургаалыг чин сэтгэлээсээ даган мөрдөх ёстой гэж захилаа. Энэ үйл ажиллагаанд Холбооны аялал жуулчлалын сайд Ренука Чоудри болон Төвөд шашны уламжлалын асуудал эрхэлсэн сайд Калон Лувсан нар оролцов. Даваа гарагт Дээрхийн гэгээнтэн Андра Прадеш мужийн музейд байрлах “Ариун шүтээн”-ний үзэсгэлэнг аравнайлав. Уг танхимд Вишакхапатнам мужийн Бавикондагаас олдсон Буддагийн сэрэг дүр хадгалагдаж буй юм. Энэхүү аравнай өргөх ёслолд Андра Прадеш мужийн Ерөнхий сайд Ражасекхара Редди болон Засаг дарга Сушил Кумар Шиндэ нар оролцлоо. Үдээс хойш Дээрхийн гэгээнтэн Хайдарабадын нийтийн цэцэрлэгт хүрээлэнд байрлаж буй Японоос авчирсан 50 фут өндөр Буддагийн хөшөөг аравнайллаа. Дээрхийн гэгээнтэн өнөөдөр Мараватид ирж, 30 дахь удаагаа Дүйнхорын ванг тавих юм байна. (VOT радио-гийн мэдээллээр)
Орчуулсан Н.Долгар