(www.tibet.net) – Дээрхийн гэгээнтэн Далай лам Хенрих Харрэрийн эхнэрт хандсан эмгэнэлийн захидалдаа,
‘Миний найз енрих Харрер таалал төгссөнд туйлын их харамсаж байна. Танд болон таны гэр бүлийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье. Тэрбээр миний дотнын найз байсан бөгөөд надад англи хэл зааж байсан тул би ихэд эмгэнэн харуусаж байна.
Анх 1949 онд түүнтэй танилцах надад тэрээр миний мэдэхгүй өөр нэгэн ертөнцөөс ирсэн хүн мэт санагдаж байлаа. Түүнээс их олон зүйлийг мэдэж авсан, ялангуяа Европын тухай. Түүний бичсэн “Төвөдөд өнгөрүүлсэн долоон жил” номоор дамжуулан дэлхийн олон орны хүмүүс Төвөд орон болон төвөд зон олны талаар мэддэг болсонд бид гүн талархаж явдаг билээ. Мөн түүний авьяас чадварыг өндрөөр үнэлж явдгаа хэлье. Түүний төвөдүүдийг гэсэн хайр, хүндлэл нь бичвэр, ярианд нь их тодорхой илэрдэг.
Төвөд улс эрх чөлөөгөө алдахаас өмнөх долоон жилийг Төвөдөд өнгөрүүлсэн барууны үнэнч анд нөхрөө бид алдсандаа гүнээ харамсаж байна. Төвөдүүд бид Хенрих Харрэрийг үргэлж дурсан, үгүйлэх болно.
Та бүхэнд залбирал ерөөлөө зориулъя” гэжээ.
Энэхүү эмгэнэлийн захидлыг Далай лам 2006 оны 1-р сарын 10-нд Амаравати хотод 100,000 гаруй хүнд Дүйнхорын ван айлдаж байхдаа бичин илгээжээ.
Орчуулсан Н.Долгар