Дээрхийн гэгээн Далай лам 6 дугаар сарын 2-ны Маклеод Ганж дахь "Club House"-д Химачал Прадеш мужийг хөгжүүлэх стратегийн асуудлаарх үндэсний хэмжээний семинарыг нээнэ.
Тус мужийн орон нутгийн хэлээр хэвлэгддэг анхны сонин "Divya Himachal"-аас зохион байгуулж буй уг семинарт Мужийн захирагч, Эрчим хүч, Аялал жуулчлал, Аж үйлдвэр, Ойн аж ахуйн асуудал хариуцсан сайд нар, төв болон мужийн засгийн газрын нарийн бичгийн дарга нар, өндөр албан тушаалтнууд, бизнес эрхлэгчид, менежментийн чиглэлийн мэргэжилтнүүд оролцоно.
Түүнчлэн Дээрхийн гэгээн Далай лам ёслолыг нээж, үг хэлэх юм.
Энэхүү арга хэмжээний үеэр тус мужаас гаралтай энэтхэгийн нэрт жүжигчин Анупам Кхер 2005 оны "Дивья Химачал" шагналыг хүртэх аж.
Семинараар тус муж улсын хөгжлийн бодит байдал, орчныг шинжилж, усан цахилгаан станцын үйлдвэрлэлийг оновчтой болгох, хөдөө орон нутгийн шинэлэг, шашны болон байгаль орчинд ээлтэй аялал жуулчлал, ажил эрхлэлт, мэдээллийн технологи, хамгийн чухал нь орон нутгийн ашиг сонирхол, оролцоо зэрэг асуудлуудыг хэлэлцэх болно.
Зохион байгуулагчдын мэдээлснээр уг семинар нь асуудлыг мэргэжлийн түвшинд хэлэлцэхэд чиглэсэн, улс төрийн бус санаачилга бөгөөд энэ нь хөгжлийг шашин, улс төрөөс ангид асуудал хэмээн авч үзэж, нийтээрээ дэмжлэг үзүүлэхэд анхаарах аж.










