2023 оны 9-р сарын 17
Энэтхэг улс, Химачел Прадеш, Дарамсала дахь Тэгчин Чойлин- Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модигийн 73 насны төрсөн өдрийг тохиолдуулан Дээрхийн гэгээнтэн түүнд захидал илгээж, аз жаргал хүсэн ерөөж, чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлэв.
Тэрбээр захидалдаа "Васудхайв Кутамбакам буюу "Нэг дэлхий, нэг гэр бүл, нэг ирээдүй" сэдэвт дээд хэмжээний уулзалтаар өндөрлөсөн Энэтхэгийн “Их 20”-ийн бүлгийг амжилттай даргалж байгаад тань энэ ташрамд баяр хүргэе! Энэ сэдэв миний сэтгэлд тун их нийцэж буй. Хүн төрөлхтний нэгдмэл байдалд би бат итгэдгийн дээр бид бүгд дэлхийн нэг гэр бүл гэдэг санааг бусад хүмүүст түгээн дэлгэрүүлэхийг уриалдаг.
Энэтхэгт хамгийн удаан оршин суусан зочны хувьд Энэтхэгийн олон улсын тавцанд өсөн нэмэгдэж буй нэр хүндийг "Их 20"-ийн дээд хэмжээний уулзалт зэрэг томоохон үйл явдалд гэрчлэх нь миний хувьд том завшаан бөгөөд сэтгэл хангалуун байх нэг үндэс юм. Энэхүү уулзалт нь бидний хорвоо ертөнцийн харилцан шүтэлцээг онцлон харуулах сайхан боломж олгосон юм.
"Энэтхэгийн ахимса буюу хүч үл хэрэглэх зарчим, каруна буюу энэрэнгүй сэтгэл хэмээх ухагдахуун 1000 гаруй жилийн түүхтэй. Дэлхий дээрх хамгийн том ардчилалтай, хамгийн олон хүн амтай, шашин хоорондын эв найрамдлын урт удаан жилийн түүх уламжлалтай Энэтхэг улс дэлхийд үлгэр жишээ болж байна. Үүнээс гадна Энэтхэгийн өсөн нэмэгдэж буй шинжлэх ухаан, технологийн чадавхи нь шинээр гарч ирж буй манлайллыг сайжруулж байна.
“Сүүлийн 64 жилийн хугацаанд Энэтхэгийн Засгийн газар, ард түмэн бидэнд зочломтгой хандаж, өгөөмөр тусламж үзүүлсэнд Төвөдийн ард түмний нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.
Дээрхийн гэгээнтэн захидлынхаа төгсгөлд Ерөнхий сайдад "Энэ агуу их орны ард түмний итгэл найдвар, хүсэл тэмүүллийг биелүүлж, илүү энэрэнгүй, амар амгалан дэлхий ертөнцийг бий болгоход хувь нэмрээ оруулахад эрүүл энх, амжилт хүсье" хэмээн залбирлаар өндөрлөв.
Орчуулсан Р.Манлай