Энэтхэг, Химачал Прадеш муж, Дарамсала хот, Тэгчин Чойлин - Дээрхийн гэгээн Далай лам өнөөдөр Ерөнхий сайд Модид төрсөн өдрийн баярын мэндчилгээ дэвшүүлж, эрүүл энхийг хүссэн захидал илгээжээ.
Тэрбээр захидалдаа “Энэтхэг улсад хамгийн урт удаан хугацаагаар оршин суугаа зочны хувьд би бээр энэ он жилүүдэд энэ улсад өрнөсөн алсын хараатай хөгжил цэцэглэлтийг нүдээрээ харсан билээ. Ойрын үед итгэл найдвар, хүчирхэг байдал тэргүүт нь улам бүр нэмэгдэж буйд баяр хүргэе. Энэтхэг улсын амжилт дэлхийн хөгжилд ч хувь нэмрээ оруулсаар байна.
Би бээр өөрийн энэ биеэ “Энэтхэгийн элч” хэмээн бахархалтайгаар үздэг бөгөөд дэлхийн хамгийн олон хүн амтай, хамгийн том ардчилсан орон болох Энэтхэгийн гайхамшигтай, гүн гүнзгий шашны олон ургальч үзлийг биширч явдгаа үргэлжид илэрхийлдэг билээ. Энэтхэг улс дэлхий дахинд эв нэгдэл, тогтвортой байдлын тод жишээг үзүүлж байна.
Төвөдүүд бидний хувьд Энэтхэг улс бидний зөвхөн оюун санааны өв соёлын эх сурвалж байгаад зогсохгүй жаран зургаан жилийн турш бодит орон гэр минь болж ирлээ. Энэтхэгийн Засгийн Газар, ард түмний халуун дотно, найрсаг зочломтгой занд ихэд талархаж буйгаа дахин илэрхийлье” хэмээжээ.
Төгсгөлд нь Дээрхийн гэгээн залбирч, сайн сайхныг хүссэн байна.