Энэтхэг, Ладак муж, Занскар - Цэлмэг хөх тэнгэрт нарны туяа гийсэн өнөө өглөө Дээрхийн гэгээн Далай лам Карша Повранаас хөдөлж, 1988 оны 7-р сард Дүйнхорын ван авшиг хүртээсан газар болох Дузин Повранд хүрлээ. Түүнийг үүдэн дээр хэнгэрэг, цангийн дуугаар үдэж, зам дагуу хадаг, цэцэг, тэр бүү хэл тавагтай шинэ гүйлс барьсан хүмүүс угтан мэндчилж байсны дотроос олонх нь Дээрхийн гэгээнийг өнгөрөхөд хүндэтгэн мэхийж байв.
Түүний сууж явсан машин Дүйнхорын талбай руу эргэхэд лам нар эвэр бүрээ, цан хэнгэргийн дуугаар түүнийг угтлаа. Юун түрүүнд тэрбээр Занскарын Монлам суваргыг барихаар төлөвлөж буй талбайд очиж, Энэтхэг хэв маягийн хагас бөмбөрцөг хэлбэртэй суваргын загварыг үзэж сонирхов. Тайлбар самбар дээр тус байгууламжид номын сан, музей, галерей, захиргааны оффис, хурлын танхим, гар урлалын төв зэрэг багтана хэмээн харуулсан байна. Дээрхийн гэгээн төслийн талаар мэдээлэл бүхий хүрэл хавтанг нээж, өрлөгийн хусуур, суурийн чулуугаар шав тавьсны дараа алтлаг шүхрийн сүүдэрт ерөөлийн үгс уншиж, төсөл амжилттай хэрэгжихийн төлөө залбиран, тариа будаа цацав.
Дараа нь тэрбээр Дүйнхорын дацан рүү хөдөллөө. Энэ зуур тэнд хоёр бүлэг идэвхтэй мэтгэлцэж байсны нэг талд сургуулийн хүүхдүүд, нөгөө талд үндэсний хувцсаар иж бүрэн гоёсон Занскар бүсгүйчүүд байв.
Дээрхийн гэгээн шүтээний өмнөх сэнтийдээ залрахад баруун талд нь Шарпа Чоже ринбүүчи, Намжил дацангийн хамба Тамтог ринбүүчи, Гандан Жанцэ хийдийн хамба, Лхажал ринбүүчийн залуу хойд дүр нар суулаа.
Ингээд Занскарын буддын шашны холбоо, Занскарын гомпа холбоо, Зуны их мэтгэлцээний зохион байгуулагчдын зүгээс зохион байгуулж буй Занскарын ард түмнээс Дээрхийн гэгээнд өргөх бат оршил эхлэв. Ёслол гурван эрдэнэд аврал одуулах уншлагаар эхэлж, дараа нь гэгээрсэн бодгалиудаас багшид урт нас хайрлахыг хүсээд, мандал өргөлөө. Унзад лам өнөөдрийн зан үйлийн үндэс болох 16 архадын магтаалыг эхлүүлэв. Магтаалд "Багшийн амь нас аюулгүй байхын тухайд ерөөж хайрлана уу." гэсэн давталт багтана.
Архадууд буюу Ахмадууд нь Бурхан багшийн сургаалыг хамгаалах тангараг өргөсөн бодгалиуд юм. Хамгийн түрүүнд Кайлаш ууланд оршдог гэгдэх Ангалаг магтан дууллаа.
“Багш маань урт насалж, сургаалаа айлдсаар байх болтугай хэмээн бид энэ өргөлийг өргөж байна” хэмээх мөрүүдийг уншиж байх үед Дээрхийн гэгээнд гоёмсог хийцтэй мандалаас гадна лам хувцас, таяг, жимс зэрэг уламжлалт бэлэг, өлзийт найман тахил, хаан төрийн долоон эрдэнэ, өлзийт найман зайг өргөн барив.
Нутгийн хүндэт зочид, өглөгийн эзэд урагш гарч, Дээрхийн гэгээнд мөргөн, адис хүртлээ. Төрөл бүрийн өргөл барьц барин хийдийн өмнө болон гадуур эгнэн жагссан нутгийн иргэдийн цувааны төгсгөлд Төвөдийн далбааг өндөрт өргөсөн өндөр настан явах аж.
“Дэлхий дахины энх тайвны их залуурч та зуун галавт наслах болтугай. Жанрайсиг бурхны хувилгаан, их нигүүлсэнгүй сэтгэлийн биелэл та зургаан зүйл хамаг амьтны тусын тулд урт наслах ажаамуу. Даян дэлхийн энх тайвны зул та урт наслах болтугай. Сүсэгтэн олон бид танд чин зүрхний гүнээс залбиръя. Бидний багшийн амь нас аюулаас ангид, сургаал ном дэвжин дэлгэрч байх болтугай" хэмээн залбирал үргэлжиллээ.
Арван зургаан архад болон дөрвөн махранз тэнгэрийг дахин урин дуудав. Тэдгээр нь Ангалагаас гадна Пиндолабхарадваяа, Канакаваца, Канака, Субинда, Бакула, Бхадра, Калика, Важрапутра, Швапака, Пантхака, Рахула, Нагасена, Ванавааси, Ажита, Чулапантхака нар юм.
Мэргэн уулын өмнөх болор ойд зуун архадаар хүрээлүүлэн орших батад агч Ажитад хандан, "Бидний багшийн амь нас аюулгүй, сургаал ном нь дэвжин дэлгэрч байх болтугай" хэмээн хүсэв. Батад агч Калика, Ванавааси нарт хандаж, "Бидний багш урт насалж, сургаал ном нь түгэн дэлгэрэхийг ерөөж хайрла. Их архадуудын өлзий хутаг орших болтугай" хэмээн залбирлаа.
Зориулга ерөөлийн дараа үргэлжлүүлээд “Үнэн үгсийн залбирлыг” уншив.
Үүний дараа Дээрхийн гэгээн цугласан олонд хандан айлдвараа айлдлаа. "Өнөөдөр, өлзий хутаг бүрдсэн энэ газар та бүхэн надад өргөн дэлгэр бат оршил өргөлөө. Би амьтны тус, Бурхан багшийн сургаалын төлөө урт наслах болно. Өдийг хүртэл Төвөд, Хятад, Монгол, Хималайн бүс нутаг болон бусад олон оронд айлчлах үед хүмүүс намайг итгэл үнэмшил, сүсэг бишрэлээрээ "Далай лам Ялгуусан Данзанжамц" хэмээн нэрлэсэн юм. Тэдэн дунд намайг урт наслаасай хэмээн залбирдаг олон".
“Энэ насандаа би төвөд хүн болж төрөөд, Төвөдөд өссөн. Хэдийгээр би өөртөө сэтгэл хангалуун байх зүйлсийг хийж чадаагүй ч Хималайн энэ бүс нутагт эрэгтэй, эмэгтэй, лам хувраг, энгийн иргэд, залуус, хөгшид гээд бүгд надад зүрх сэтгэлийн гүнээс итгэл хүлээлгэсэн билээ. Тэд мөн Бурхан багшийн сургаалыг дэвжин дэлгэрэхийн төлөө залбирдаг.”
“Өнөөдөр энд та бүхэн намайг урт наслах болтугай хэмээн ёслол үйлдлээ. Төвөдтэй хил залгаа нутгаар оршин суудаг Хималайн бүс нутгийн зон олон надад хоёргүй сэтгэлээр итгэдэг. Зөвхөн энд гэлтгүй уламжлалын дагуу буддын шашинтай бус барууны орнуудад ч гэсэн Бурхан багшийн сургаалыг гүн гүнзгий ойлгосны үндсэн дээр түүний сургаалд итгэх болсон хүмүүс бий. Эдгээр дэвшилтэт сэхээтнүүдийн дунд намайг Далай лам хэмээн бишрэх хүмүүс олон. Энэ бол үнэхээрийн онцгой, ер бусын хэрэг.”
“Төвөдийн уламжлал ёсоор лам нар өндөр сэнтийд сууж, хүмүүс тэдэнд хүндэтгэл үзүүлдэг. Харин барууны хүмүүс илүү шинжлэх ухаанч сэтгэлгээтэй. Тэдний бишрэл нь зөвхөн итгэл бус харин Бурхан багшийн сургаалыг ойлгож авах дээр үндэслэдэг болохоос "Лам багш минь ингэж хэлсэн" гээд зөвхөн итгэл үнэмшлээр дагадаггүй.
“Миний хувьд гэвэл Бурхан багшийн ерөнхий сургаал, буддын төрөл бүрийн уламжлалууд мөн хамаг амьтны тусын тулд чин шулуунаар ажиллахыг хичээж ирсэн. Үүний үр дүнд миний хэлснийг шударгаар үнэлж, итгэдэг хүмүүс байдаг.”
“Тиймээс өлзий хутаг бүрдсэн энэ газар сүсэгтэн олон цуглаж, миний урт наслахын төлөө залбирлаа. Та бүхний чин сэтгэлийн үрээр намайг урт наслаасай гэсэн залбирал тань биелэх болтугай.”
“Занскарын ард түмэнтэй би олон жилийн турш нягт холбоотой байсан. Би Далай лам цолтой ч логик, учир шалтгаан, танин мэдэхүйн онол праманаг балчир наснаасаа заалгаж, мөн Билиг барамид, Төв үзэл болон бусад шинжлэх ухааныг үзэж судалсны эцэст Лхас дахь Их ерөөлийн (Монлам ченмо) үеэр гэвш лхаарамбын зэрэг хамгаалсан. Тэр цагаас хойш би Бурхан багшийн сургаал, хамаг амьтны төлөө үнэн сэтгэлээсээ зүтгэсэн.”
“1954 онд Хятадад айлчлахдаа би Мао Зэдунтай нэлээд дотноссон билээ. Тэрбээр нэгэн удаа надад шашин бол хор гэж хэлэхэд би дотроо түүнийг тэнэг зүйл хэлж байна даа гэж бодсон юм. Шашны дотроо бидний дагадаг судар, тарнийг хослуулсан буддын уламжлал нэлээд шинжлэх ухаанч арга барилтай. Тийм ч учраас эрдэмтэд над дээр ирж, сэтгэл хөдлөл, оюун ухааны талаар ярилцдаг. Буддын шашинд учир шалтгаан, логикоор батлан харуулах боломжтой оюунлаг тал бий.”
“Хүүхэд наснаасаа энэ уламжлалд суралцсан би багш нарынхаа лагшин, зарлиг, тааллын чанаруудыг эргэн дурсахад талархах сэтгэл төрдөг.”
“Бидний баримталдаг буддын шашны энэ уламжлал учир шалтгаанд суурилдаг. Энд өнөөдөр олон тооны сүсэгтэн цугларч, миний урт наслахын төлөө нэгэн үзүүрт итгэл, үнэмшлээр залбирлаа. Миний зүгээс өөрийгөө дахин олон жил амьдарна гэж найдаж байна. Намайг хэр удаан амьдрах талаар иш лүндэнгүүд байдгаас гадна зүүдэнд минь ч шинж тэмдэг үзэгдсэн.”
“Өнөөдрийг хүртэл би бурхны ном болон хамаг амьтны тусын тулд чадах бүхнээ хийж, түүнчлэн даян дэлхийн энх тайван, хүчирхийллээс ангид байдлын төлөө ажиллаж ирлээ. Энэ бол хүн төрөлхтний сайн сайхны төлөөх миний нэгэн үзүүрт зүтгэл. Нутгийн сахиус, шүтээнүүд ч энэ үйлсийг минь сайшааж буй бололтой.”
“Та бүхэн намайг дахин хэдэн арван жил амьдрах болтугай хэмээн чин сэтгэлээсээ залбирлаа. Би Бурхан багшийн сургаал болон дэлхий нийтийн төлөө чамгүй хувь нэмэр оруулж, Бурхан багшийн сургаалыг шинжлэх ухаанч үзэл баримтлалаар орчин үеийн эрдэмтэдтэй хуваалцаж байсан бөгөөд тэд миний хэлснийг сонирхон хүлээн авдаг.”
“Бурхан багш биднийг асар нинжин сэтгэлээр болгоосон. Түүний сургаалыг Нагаржунай, Асанга зэрэг их багш нар, Төвөдөд байсан төрөл бүрийн уламжлалын ханьцашгүй багш нар тайлбарласан байдаг. Судар, дандрын уламжлалыг багтаасан Бурхан багшийн энэ бүрэн гүйцэд сургаал номлол энэ ертөнцийн хамаг амьтдын тусын тулд өнө удаан орших болтугай хэмээн залбирья. Та бүхэнд баярлалаа.”
Дээрхийн гэгээн ойролцоох Падумын ардын ордон (Падум Миман Повран)-д үдийн зоог барьсны дараа Карша Повран руу буцлаа.
Англи хэлнээс орчуулсан Б.Одгэрэл