Саяхан болсон Зүүн Тиморын Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан Жозе Рамуш-Ортад Дээрхийн гэгээнтэн баяр хүргэж, захидал илгээв.
"1990 оны эхээр Дарамсалад айлчилсанаас тань хойш та бид хоёр олон жил сайхан нөхөрлөсөөр ирлээ. Энэ нөхөрлөл миний хувьд нэр төрийн хэрэг юм" гээд Дээрхийн гэгээнтэн захиагаа цааш үргэлжлүүлэв.
"Танд маш том үүрэг хариуцлага дахин оногджээ. Таны манлайлал, удирдлага дор Зүүн Тиморын ард түмэн улам бүр хөгжин цэцэглэж, урагшлан дэвшиж, амар амгалан байх болно гэдэгт би итгэж байна. Ялангуяа нийгмийн эмзэг бүлгийн амьдралыг сайжруулж чадна гэдэгт би гүнээ итгэж байна.
Зүүн Тиморын ард түмний итгэл найдвар, хүсэл эрмэлзлийг биелүүлэхэд учрах саад бэрхшээлийг даван туулахад амжилт хүсэж, залбирал ерөөлөө зориулъя."
Англи хэлнээс орчуулсан Б.Баярмаа