Энэтхэг улс, Химачал Прадеш муж, Дарамсала, Тэгчинчилэн. Дээрхийн гэгээн Далай лам Итали улсын шинэ ерөнхий сайдаар Жоржиа Мелони томилогдсон баяр хүргэж, захидал илгээжээ.
Тэрбээр захидалдаа “Би бээр танай сайхан оронд олон удаа зочлохдоо Итали улсын нийгмийн бүхий л давхаргын хүмүүсийн халуун сэтгэл, дотно нөхөрлөлийг мэдэрч ирсэн билээ. Мөн Төвөдийн ард түмний эрх чөлөө, хүсэл эрмэлзлийг тууштай дэмжиж ирсэн италийн ахан дүүс та бүхэндээ үргэлжид талархаж явдаг билээ” хэмээн бичжээ.
Мөн Итали улсын шинэхэн ерөнхий сайдаар бүсгүй хүн тодорсонд ихэд баяртай буйгаа илэрхийлээд, “Эмэгтэй хүмүүм бусдын мэдрэмжийг илүү сайнаар ойлгож мэдэрдэг билээ. Үүнийг шинжлэх ухааны олон ч судалгаа нотолдог бөгөөд эмэгтэй хүмүүс бусдын сайн сайхан байдалд илүү ихээр анхаарч, халуун сэтгэл, энэрэнгүй хандлагыг илүүтэй гаргадаг ажээ.
Яг энэ мөчид Итали улс төдийгүй нийт хүн төрөлхтөн машид олон саад бэрхшээл, сорилттой тулгараад байна. Харилцан хамааралт энэхэн ертөнцөд хувь хүн болоод улс үндэстнүүд өөрсдийн асуудлаа дангаараа шийдвэрлэх боломжгүй болжээ. Оршин тогтнохын тулд бид илүү өргөн хүрээний хамтын нийгэмлэгээс хамааралтай болсоор байна. Тиймээс бид бие биедээ энэрэнгүй, нинжин сэтгэлийг илүү ихээр үзүүлэх хэрэгтэй болжээ” хэмээн Дээрхийн гэгээн Далай лам бичсэн байна.
Захидлынхаа төгсгөлд ерөнхий сайд Жоржиа Мелонид ирээдүйд тулгарах сорилт бэрхшээл, боломжуудыг амжилттай даван туулж, италийн ард түмэн төдийгүй дэлхий нийтийн хүсэл эрмэлзлийг хэрэгжүүлэхэд нь амжилт хүсэн ерөөжээ.










