Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Compassion and Human Values
  • World Peace
  • Environment
  • Religious Harmony
  • Buddhism
  • Retirement and Reincarnation
  • Tibet
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

КарГөн мега зуны симпозиумын нээлт 2025 он 7 дугаар сар 21

Түгээх

Энэтхэг, Ладак муж, Занскар - Цаг агаарын таагүй байдлаас шалтгаалан Лех болон Занскарын хооронд зорчих боломжгүй хоёр хоног саатсаны эцэст Дээрхийн гэгээн Далай лам өнөөдөр нисдэг тэргээр Падум хотод хүрэлцэн ирлээ. Түүнийг Занскарын иргэд нисдэг тэрэгний буудал дээр ёслол төгөлдөр угтан мэндчилсэн бол Каргил дүүргийн комиссар Ракеш Кумар, цагдаагийн газрын ахлах комендант мөн Ладакийн Өөртөө засах уулын бүс нутгийн хөгжлийн товчооны гурван гишүүн албан ёсоор угтан авав. Дээрхийн гэгээн Далай лам аян замдаа алжаалгүй сайн явж ирсэндээ нисдэг тэрэгний нисгэгч, туслах нисгэгч нарт талархал илэрхийлээд, хамтдаа дурсгалын зураг татууллаа.

Зураг. Дээрхийн гэгээн Далай ламын цуваа шинэ Карша Подран руу явж байна. Энэтхэг, Ладак, Занскар. 2025 оны 7 сарын 21. Зургийг: Тэнзин Чойжор.

Тэрбээр дараа нь машинд суун, шинэ Карша Подран (КарГөн Ордон) руу хөдлөв. Нисдэг тэрэгний буудлаас Дузин Повран хүртэл, цааш Суру голын гүүрнээс шинэ Повран хүртэлх замын хажуугаар гоёлын хувцастай олон мянган хүн эгнэн зогсжээ. Тэдний баяр хөөртэй царай нь Дээрхийн гэгээн Далай лам дахин тэдний дунд ирсэнд мөн түүнийг явж өнгөрөхийг харах боломж олдсонд баярлаж буйг илтгэнэ. Тэрбээр хариуд нь инээмсэглэн, гар даллан мэндчилж байлаа. Өчигдөр Дээрхийн гэгээнийг ирж чадаагүйд урам хугаран уйлж байсан иргэд өнөөдөр түүнийг ирсэнд баярлан баярын нулимс унагаж байв.

Дээрхийн гэгээнтнийг шинэ Повран руу явж байх зуур Ладакийн Өөртөө засах уулын бүс нутгийн хөгжлийн товчооны Гүйцэтгэх зөвлөлийн дарга Дашгалсан хийдэд түрүүлэн ирж, хутагт хувилгаадад хүндэтгэл үзүүлээд, өөрийн суудлыг эзэллээ.

Бүрээ, бөмбөр, цан хэнгэрэгийн дуу Дээрхийн гэгээнтнийг Карша Повранд хүрэлцэн ирснийг зарлав. Үүдэнд түүнийг Карша хийдийн хамба лам болон лалын шашны нийгэмлэгийн төлөөлөгч угтан авлаа. Тэрбээр шүтээний өмнөх өөрийн сэнтий рүүгээ алхан очиход түүний баруун талд Тиксэй ринбүүчи, Шарпа Чоже ринбүүчи, Лхагял хувилгаан нар, харин зүүн талд Намгял хийдийн хамба лам Тамтог ринбүүчи нар суув.

Дараах угталтын шүлгийг уншив:

Агуу Номын хэнгэрэгийн дуунд

Амьтны зовлон арилах болтугай.

Та бээр сэтгэшгүй зуу зуун галавт заларч

Номын хүрдийг эргүүлэх болтугай.

Цаст уулсаар хүрээлэгдсэн дагшин газарт

Тус ба амгалан бүхэн гарахуйн орон болсон

Жанрайсиг бурханы эрхэт Данзанжамц таны

Өлмий лянхуа орчлонгийн эцэс хүртэл бат орших болтугай.

Зуны мега симпозиумын зохион байгуулах хорооны дарга гэвш Лувсанцээпэл үйл ажиллагааг нээж үг хэлэв: "Дээрхийн гэгээн Далай ламд зориулсан эдгээр шүлгээр бид түүнд хүндэтгэл үзүүлж, энэхүү арга хэмжээг чухалчлан үзэж, өөрийн биеэр хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлж байна. Мөн Шарцэ Чоже ринбүүчи, Тиксэй ринбүүчи, Намгял дацангийн хамба Тамтог ринбүүчи, Каргилийн дүүргийн комиссар Ракеш Кумар, Гүйцэтгэх зөвлөлийн дарга Дашгалсан болон бусад эрхэм зочдод хүндэтгэл үзүүлье.”

Зураг. Зуны мега симпозиумын зохион байгуулах хорооны дарга гэвш Лувсанцээпэл шинэ Карша Повранг нээх ёслол дээр үг хэлж байгаа нь. Энэтхэг, Ладак, Занскар. 2025 оны 7 сарын 21. Зургийг Тэнзин Чойжор.

Занскар, Ладакийн сүм, хийд, сургуулиуд Дээрхийн гэгээнтний "сонгодог судруудыг тавиур дээр тоосонд даруулаад орхих бус, судлан шинжлэх хэрэгтэй" гэсэн зөвлөгөөг чин сэтгэлээсээ хүлээн авч, биелүүлж байгаа. Энэхүү Зуны мега симпозиум (Зуны их мэтгэлцээн) нь уг төслийн нэг хэсэг юм. Энэхүү симпозиумд анхаарч ажиллах нь Ладакийн ард түмэнд маш их ач тустай байлаа.

"Дээрхийн гэгээн бидэнд Гималайн бүс нутгийн ард түмэн Төвөдийн буддын шашныг хадгалж хамгаалах онцгой үүрэгтэй хэмээн айлдсан. Буддын шашны сургаалиуд нь зөвхөн буддын шашинтнууд төдийгүй энэ амьдралдаа аз жаргалыг эрэлхийлж яваа бүх хүмүүст ашиг тусаа өгсөн. Тэдгээрийн ач тус нь сүм хийдийн орчноос гадна сургуулиудад ч хамаатай. Ладак, Занскар, Лахаул болон Спити, Киннаур зэрэг газруудын лам, гэлэнмаа нараас гадна 27 сургуулийн хүүхдүүд Карша хийд дэх энэхүү симпозиумд оролцож байна. Сургуулийн хүүхдүүд одоо "сэтгэл ба ухамсар" мөн "логик ба учир шалтгаан"-ы талаар тогтмол суралцаж, эдгээр нь тэдний үндсэн сургалтын хөтөлбөрийн нэг хэсэг болсон.”

"Товчоор хэлбэл энэхүү Зуны cимпозиумын нөлөө нь зөвхөн сургуулийн хүүхдүүдэд эерэгээр нөлөөлөөд зогсохгүй өөр өөр шашинтай хүмүүст бие биетэйгээ харилцан хэлэлцүүлэг өрнүүлэх боломжийг олгож байна. Энэ бол боловсролыг түгээх боломж юм.”

"Дарамсалад Дээрхийн гэгээнд төлөвлөгөөгөө танилцуулахад бидэнд зөвшөөрөл өгч, дэмжлэг үзүүлсэнд талархаж байна. Каргилийн дүүргийн комиссар болон Ладакийн Өөртөө засах уулын бүс нутгийн хөгжлийн товчооны Гүйцэтгэх зөвлөлийн дарга нар ч мөн тодорхой дэмжлэг үзүүлсэн. Зохион байгуулагчдын нэрийн өмнөөс бидэнд тусалсан бүх хүнд талархал илэрхийлье. Дээрхийн гэгээн урт насалж, түүний хүсэл биелэх болтугай хэмээн залбиръя. Дэлхий даяар амар амгалан, аз жаргал дэлгэрэх болтугай."

Каргил дүүргийн комиссар ноён Ракеш Кумар цугласан олонд хандан үг хэлэв. Тэрбээр Дээрхийн гэгээнтэн болон бусад зочдод хүндэтгэл үзүүлж, симпозиумын зохион байгуулагчид, оролцогчдод баяр хүргэлээ. Тэрбээр Дээрхийн гэгээнтнийг Ладакийн ард түмний амар амгалан, хөгжил цэцэглэлтийг ерөөхийг хүсэв.

Ингээд сургуулийн хүүхдүүд хэрхэн мэтгэлцэж сурснаа харууллаа. Тэд Нагаржунайн "Билгүүний үндэс" номноос иш татсан мэндчилгээний шүлэг мөн Дээрхийн гэгээнтэнд хүндэтгэл үзүүлэх шүлгийг уншиж, дараа нь "Билгүүний үндэс"-ийн 18-р бүлгийг цээжээр уншив. Тэд энэрэнгүй үзэл, бусдад туслахыг хүсэх нь аз жаргал бүхний эх үүсвэр болох талаар хэлэлцэж, энэрэнгүй үзлийг сурч, төлөвшүүлж, хэрэгжүүлж болно хэмээн тодорхой нотолж үзүүллээ.

Зураг. Сургуулийн сурагчид шинэ Карша Повран дахь КарГөн мега зуны симпозиумын нээлтийн үеэр мэтгэлцэж үзүүлж байгаа нь. Энэтхэг, Ладак, Занскар. 2025 оны 7 сарын 21. Зургийг: Тэнзин Чойжор.

Өөр нэг бүлэг аливаг зөв танин мэдэхүйн хүрээн дэх нийтлэг ба нарийвчилсан ойлголтуудын талаар хэлэлцэв.

Үүний дараа зочид, зохион байгуулагчид Дээрхийн гэгээнээс адис хүртлээ.

Бид бүгдийн язгуур үндэсний багш, дэлхийн энх тайвны төлөө агуу тэмцэгч та цугласан олонд хандан айлдвараа айлдана уу хэмээн хөтлөгч Дээрхийн гэгээнээс хүслээ. 

Дээрхийн гэгээн: "Би төрсөн нутаг Амдогоо орхин Лхаст очиж, хэдэн жил суралцсан. Би Төвөдөд олон нийтэд зориулан яриа хийж, Лхасын ойролцоох агуу сүм хийдүүд, сургалтын төвүүдээр зочилсон” гэв.

"Хятадын коммунистууд бидний улс төрийн эрх мэдлийг булаан аваад зогсохгүй мөн бидний оюун санааны уламжлалуудад хяналт тавихыг санаархсан. 1954 онд Бээжинд айлчилхад Мао надад шашин бол хор хэмээн дурдаж байлаа. Тэр өөрийнхөө сэтгэлгээний дагуу чин сэтгэлээсээ хэлсэн гэж болов уу гэж би бодож байна. Хэдийгээр би хариуд нь юу ч хэлээгүй ч дотроо түүнийг номонд дайсагнаж байгааг ойлгосон юм.”

"Хятадын коммунистуудын бодлого нь шашны уламжлал бол сохор итгэлээс өөр юу ч биш учраас түүнийг устгах хэрэгтэй гэсэн байр суурьтай байдаг. Тэд номонд дайсагнадаг. Гэтэл бидний баримталдаг Бурхан багшийн сургаал нь судлах, эргэцүүлэх, бясалгахыг хослуулдаг билээ. Агуу судар шастируудыг логик, учир шалтгааны үүднээс судлах нь үнэхээр гайхамшигтай зүйл юм."

Зураг. Дээрхийн гэгээн Далай лам шинэ Карша Повран дахь КарГөн мега зуны симпозиумын нээлтийн үеэр цугласан олонд хандан үг хэлж байгаа нь. Энэтхэг, Ладак, Занскар. 2025 оны 7 сарын 21. Зургийг Тэнзин Чойжор.

“Би бага наснаасаа буддын гүн ухаан, логик мөн ‘сэтгэл ба ухамсар’-ын талаар судалсан. Бурхан багшийн сургаалын талаар эргэцүүлэн бодох боломжтой байна гэдэг үнэлж баршгүй зүйл. Энэ бүхнийг надад логик, учир шалтгааны үүднээс тайлбарлаж өгч байв. Хожим нь орчин үеийн эрдэмтэд хүртэл Наландагийн уламжлалаас гаралтай логикийн арга барилыг анхаарал татам, сонирхолтой гэж үзсэн байдгийг олж мэдэж байлаа.”

“Итгэл үнэмшилд илүү тулгуурладаг бусад шашнаас ялгаатай нь буддын шашны бидний уламжлалд логик ба учир шалтгаанд онцгой анхаардаг. Эдгээр нь асар их ач холбогдолтой хэрэгслүүд болдог бөгөөд бидэнд бараг бүх сэдвийн талаарх ойлголтоо сайжруулахад тусалж чадна. Бид урд өмнөх багш нарын заасан зүйлийг зүгээр л баримт гэж хүлээж авдаггүй.”

“Бид буддын шашныг зааж, судлахдаа логик ба учир шалтгаанд онцгой анхаардаг учраас Хятадын коммунист эрх баригчид бидний уламжлалд тодорхой хязгаарлалт тогтоосон. Үүний үр дүнд Төвөдөд буддын шашны сургаал уналтад орж, устаж үгүй болж байна. Гэсэн хэдий ч хилийн чанадад байгаа бид уламжлалаа хадгалж, хамгаалж чадсан бөгөөд бидний хүчин чармайлтыг Энэтхэгийн засгийн газар, ард түмний зүгээс ихээхэн дэмжиж байгаа билээ.”

“Миний хувьд сонгодог судруудыг судалж, гэвшийн дамжаа барьсан. Миний хамгийн чухал багш нарын нэг болох Ойдүв Цогни хэмээх монгол багш минь надад Төв үзлийн гүн ухааныг ойлгоход тусалсан. Түүнтэй адил хүмүүстэй мэтгэлцэх нь надад сургаалиудыг сайн ойлгох боломжийг олгож байлаа. Өөрийн туршлага дээрээ үндэслээд мэтгэлцээнд оролцох нь хэчнээн ашигтай болохыг би ойлгосон. Энэ бол бидэнд оюун ухаанаа үнэхээр ашиглах боломжийг олгодог арга юм.”

“Заримдаа бид Бурхан багшийн сургасныг тайлбарлах шаардлагатай болдог. Энэ нь сайн хэрэг. Энэ нь бидний ойлголтыг өргөжүүлдэг юм. Хилийн чанадад буй төвөдүүд бид харьцангуй цөөхүүлээ боловч логик арга барилыг баримталдаг учраас уламжлалаа хадгалж үлдэж чадсан. Энэхүү эгзэгтэй цаг үед Занскарт эдгээр уламжлалыг логик ба учир шалтгаанаар дамжуулан хадгалж байна. Ингээд миний хэлэх зүйл боллоо. Баярлалаа.”

Солонго сургуулийн хүүхдүүд дараах мөрүүдийг дуулж, бөмбөрийн хэмнэлд бүжиглэв.

Зураг. Солонго сургуулийн хүүхдүүд шинэ Карша Повран дахь КарГөн мега зуны симпозиумын нээлтэд оролцож байгаа нь. Энэтхэг, Ладак, Занскар. 2025 оны 7 сарын 21. Зургийг: Тэнзин Чойжор.

Хүслийг биелүүлэгч эрдэнэ шинэ Карша Повранд хүрэлцэн ирсэн нь бидний хувьд юутай азтай. Хэдийгээр та 90 нас хүрсэн ч, чадах бүхнээ хийж байна. Дээрхийн гэгээн та манайд хэд хэдэн удаа зочилж, бидэнтэй хамт байсан бөгөөд бид бүгд таныг харах хувь ерөөлтэй ажээ. Далай лам Данзанжамцыг сонсох хувьтай байхад л бидний нүд баярын нулимсаар дүүрдэг билээ. Дээрхийн гэгээн одоо 90 настай хэдий ч бидний дунд байгаа нь үнэхээр сайхан завшаан юм. Энэхүү ордны нээлтэд хүрэлцэн ирсэн Танд баярлалаа.

Хамгийн сайхан хувцас, гоёл чимэглэлээрээ гангарч, зарим нь өмсгөлийнхөө дээгүүр зангиа, өнгөт ороолт бүслэн, зарим нь оюу, шүрэн чимэглэлтэй, нарийн хийц бүхий толгойн гоёл өмссөн Занскарын эмэгтэйчүүд сэтгэл хөдөлгөм дуунуудыг дуулан, бүжиглэлээ.

Ерөнхий зохион байгуулагчийг талархлын үг хэлэхийг урив. Тэрбээр нигүүлсэнгүй сэтгэлээр буруу үзлийг арилгасан Бурхан багшид хүндэтгэл үзүүлээд, Карша Повранг байгуулахад гарсан зардал, түүнийг босгоход цуглуулсан хөрөнгийн талаар танилцууллаа. Түүнчлэн хүрэлцэн ирсэн бүх хүнд, түүний дотроос Дээрхийн гэгээнд онцгойлон талархал илэрхийлэв. 

Ингээд Дээрхийн гэгээн босож, шинэ барилгын дээд давхарт байрлах өргөө рүү нь хүргэх цахилгаан шатанд суухаар явлаа.

Англи хэлнээс орчуулсан Б.Одгэрэл

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүргүүд
      • Товч намтар
      • Төрснөөс дүрвэх хүртэл
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Шууд дамжуулалт