Япон улс, Коясан хот. Энэ өглөө цаг агаар тогтуун, цэлмэг байлаа. Дээрхийн гэгээн Далай лам Коясаны Их Сургуулийн танхимд очиж, Машид гийгүүлэгч (Нанбарнанзад) бурхны эрх авшиг хүртээх зэхэл үйлийг үйлдэв.

Түүнд Намжил хийдийн хамба лам, ловон нараас бүрдсэн баг тусалсан бөгөөд тэднийг тус хийдийн өмнөх хамба Жадо ринбүүчи ахалж байв. Тус баг энэ сарын эхээр хүрэлцэн ирж, эрх авшгийн ёслолд зориулан нарийн хийцэт мандал бүтээхээр хэдэн өдрийн турш ажилласан билээ. Энэ өглөө тэд Дээрхийн гэгээний хамтаар эрх авшиг хүртээх болоод зэхэл үйлийн тарнийг уншиж, гарын нарийн хөдөлгөөнөөр мандлыг цогц үйлийг гүйцэтгэв.
Дээрхийн гэгээн өглөөний айлдвартаа “Оюун судлахуйн найман шад шүлэг”-ийн товч тайлбарыг айлдлаа. “Өчигдөр хэлсэнчлэн, бодь сэтгэлийг төрүүлэх нь бурхны хутгийг олохын гол шалтгаан юм. Хэрэв та бодь сэтгэлтэй бол бурхны хутгийг олно. “Зүрхэн судар”-т өнгөрсөн, одоо, ирээдүйн бурхад төгс гэгээрэлд хүрэхийн тулд билиг ухаанд түшиглэдэг гэж өгүүлдэг. Хэрэв та хоосон чанарыг ойлгосон боловч зөвхөн өөрөө чөлөөлөгдөхийг хүсэж байвал тэр ойлголт таныг чөлөөлөлтөд хүргэнэ. Харин бодь сэтгэлтэй байж гэмээнэ бурхны хутгийг олох замд хөтөлнө. Бодь сэтгэл хоёр талтай. Нэг нь бусдад туслах хүсэл, нөгөө нь бурхны хутгийг олох хүсэл юм.
Бурхны хутгийг бүхнийг мэдэгч чанартай адилтгаж болно. Бүхнийг мэдэгч байх нь зайлшгүй чухал. Учир нь бусдад юу хэрэгтэйг мэдэхгүй бол алдаа гаргаж, тэдэнд хор хүргэж болзошгүй. Бүхнийг мэдэгч чанарт хүрэхийн тулд мэдлэгийг хааж буй саад тотгорыг арилгах хэрэгтэй. Чандракирдигийн “Тунгалаг үгс” хэмээх зохиолд эдгээрийг сөрөг сэтгэл хөдлөлөөс үлдсэн далд үр гэж тодорхойлсон байдаг. Эдгээр нь оршсоор байгаа цагт юмс үзэгдлийг хоёрдмол байдлаар харах явдал үргэлжилнэ. Өнгөрсөн, одоо, ирээдүйн бүх бурхан бодь сэтгэл болоод хоосон чанарыг ухаарсан билиг ухаанд үндэслэн гэгээрэлд хүрсэн байдаг аж” хэмээн айлдвараа эхлэв.
Дээрхийн гэгээн бодь сэтгэл нь гэгээрэлд хүрэхэд зайлшгүй хэрэгтэйг дахин онцоллоо. Түүнчлэн сайн төрөлд дахин төрөхөд бодь сэтгэлээс илүү дээд шалтгаан үгүй хэмээн тайлбарлав. “Учир нь бодь сэтгэл төрснөөр амь таслах болон бусдад хор учруулах зэрэг муу үйлээс аяндаа цээрлэх хандлага бий болж, улмаар муу төрөлд төрөхөөс сэргийлдэг. Нагаржуна бээр “Эрдэнийн эрхэм” зохиолдоо өөрийгөө бусдаар солих бясалгалыг магтан сайшаасан байдаг бол Шантидева үүнээс илүү аз жаргалын шалтгаан үгүй хэмээн айлдсан байдаг. Бодь сэтгэл нь өөртөө болон бусдад тустай бүхний эх булаг юм. Харин хүн хэдий чинээ хувиа хичээнэ, төдий чинээ бусдаас өөрийгөө холдуулж, тэднийг “би” болоод “тэд” хэмээн ялган хардаг аж” хэмээсэн юм.

“Оюун судлахуйн найман шад шүлэг” зохиолын зохиогч Гэлэг Ланри Танпа нь Атиша багшийн гол шавь Дромтонбагийн гол шавь нарын нэг гэвш Ботовагийн гол шавь нарын нэг байжээ. Дээрхийн гэгээн “Бадаг бүрийн төвөд хэл дээрх утга нь “Би үүнийг хийнэ. Би түүнийг хийнэ” хэмээн зориудаар шийдвэр гаргаж буй байдлаар илэрхийлэгддэг боловч уншлагын хэлбэрээр хэрэглэхдээ бид “Үүнийг би бээр хийгээсэй” хэмээн унших хандлагатай байдаг. Эхний бадагт буй бусдыг эрхэмлэх гэдэг нь тэднийг дорд үл үзэх, өөрөөсөө илүү чухалд тооцох явдал болох юм. Дэлхийн амьдрал дахь бүхий л амжилт бусад амьтнаас хамааран бий болдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Сайн төрөлд төрөх нь ч бусад амьтнаас хамаарна. Бүхнийг мэдэгч чанарт хүрэхэд ч бусдад түшиглэдэг. Тэгвэл яагаад бурханд хүндэтгэл үзүүлдэг хэр нь бусад амьтдад тийм хүндэтгэл эс үзүүлдэг вэ гэсэн асуулт гарч ирнэ. Чандрагирти хамаг амьтныг энэрэхүй нь үрийн үр ч, ургацын ургац ч мөн хэмээн айлдсан байдаг. Хамаг амьтан бидэнд эелдэг, тустай байдаг учраас бид тэдэнд талархаж, дээдлэн эрхэмлэх ёстой. Бусдыг үг хэлээрээ хэрхэн гадуурхаж байгаадаа анхаарах хэрэгтэй юм шүү.
Би өөртөө ингэж хэлдэг юм. Би бурхны шашны лам, Бурхан багшийн шавь, Наландагийн жинхэнэ уламжлалыг дагагч нэгэн. Хэрэв та бусдыг эрхэмлэн дээдэлж чадахгүй бол өөрийгөө бүхнээс дорд хэмээн бодох хэрэгтэй. Бид юмс үзэгдлийг бодитоор, өөрийн мөн чанартайгаар оршдог хэмээн зууралдаж, өөрийгөө эрхэмлэдэг учраас сэтгэл үймүүлэгч сэтгэл хөдлөлийн эрхшээлд ордог. Дөрөвдүгээр бадагт сөргөөр дурдагдсан хүмүүсийн дунд хүнд өвчинд нэрвэгдсэн хүмүүсийг ч оруулж болно” хэмээн Дээрхийн гэгээн айлдлаа. Тэрээр саяхан Дели хотод уяман өвчтэй хүмүүсийн эмнэлэгт очсон бөгөөд Сасакава хэмээх япон хүн уг өвчинд нэрвэгдсэн хүмүүст туслан, дэмжлэг үзүүлж байсныг санан дурсав.

“Энэ хүмүүсийг ихэвчлэн гутаан доромжилж, дайсагнах хандлагатай харьцдаг. Гэвч тэд бол хүн төрөлхтөн, бидэнтэй адил хүмүүс. Гэтэл тэднийг нийгмээс гадуурхдаг. Хэн нэгэн таныг доромжлон, танд таагүй хандвал түүнд сайнаар хандах амаргүй байдаг. Ялангуяа өмнө нь түүнд туслахыг хичээж байсан бол бүр ч хэцүү. Тиймээс тэвчээрийг дадуулах нь чухал бөгөөд тэвчээрээ хөгжүүлэх боломж олгож буйд нь талархаж болно. Өөрийгөө бурханд хувирган бясалгах нь “Би бүх тусламжийг өөрийн эх болсон хамаг амьтанд өгч, тэдний бүх сөрөг үйлийн үрийг өөр дээрээ боловсруулан авъя” хэмээн өгүүлдэг. Энэ нь тухайн хүмүүст бодитоор тус болохгүй байж болох ч таны зориг, өөртөө итгэх итгэлийг бэхжүүлдэг билээ. Сүүлийн бадагт өөрийн номын дадлыг магтаал, шагнал хүртэх хүсэл зэрэг ертөнцийн ашиг сонирхлоор бохирдуулахгүй байх тухай өгүүлдэг. Үүний шийдэл нь юмс үзэгдлийг хуурмаг үзэгдэл мэт харах явдал юм. Хүний мөн чанар өөрийн бие даасан, төрөлх оршихуйгүй болох тухайд номын хүрдийг анх эргүүлсэн сургаалд дурдсан байдаг бол номын хүрдийг хоёр дахь удаа эргүүлсэн Билиг барамидын сургаалд бүх юмс үзэгдэл мөн адил өөрийн төрөлх мөн чанараар оршдоггүй, хоосон болохыг тайлбарладаг. Хэдийгээр юмс үзэгдэл өөрийн мөн чанартай мэт харагдсаар байдаг ч үнэн хэрэгтээ тийм биш гэдгийг мэддэг учраас тэдгээрийг хуурмаг үзэгдэл мэтээр авч үзэх хэрэгтэй. Ингэснээр уур хилэн, шунал, татагдалт зэрэг сэтгэл хөдлөлийг үүсгэдэг суурь болсон юмс үзэгдлийн бодит мэт харагдах байдалд зууралдахаас зайлсхийж чадна. Мунхаглал нь бүх сэтгэл үймүүлэгч сэтгэл хөдлөлийн үндэс суурь болдог. Мунхаглалыг даван туулснаар бүх сэтгэл үймүүлэгч сэтгэл хөдлөлийг даван туулна.
Ланри Танпагийн энэ зохиол бодь сэтгэлийн бясалгалыг онцлон өгүүлдэг. Үүнийг болон өчигдөр миний тайлбарласан зохиолыг цээжилж авбал тэдгээрийн сургаалыг өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлэхэд илүү дөхөм болох билээ. Бараг үд болжээ. Үдийн цав барих авшгийн цаг боллоо” хэмээн айлдсан юм.
Дээрхийн гэгээн үдийн зоогоо барьсны дараа Их хөлгөн хөлгөний зам нь Билиг барамидын хөлгөн болон Очирт хөлгөн гэсэн хоёр хэсгээс бүрддэгийг тайлбарлан яриагаа эхлүүлэв.
“Билиг барамидын хөлгөний замаар явбал мөрийн дөрвөн үе шатыг дамжин бясалгаж, тав дахь буюу бурхны хутгийг олно. Харин Очирт хөлгөний замд бурхны хутгийн дөрвөн ариун төлөв болох ариун бие, ариун орчин, ариун нөөц баялаг, ариун үйлийг одоо цагт бясалган дадуулж, тэр замаар урагшилдаг. Очирт хөлгөнийг нууц байдлаар дадуулдаг учраас эзотерик буюу нууц хэмээн нэрлэдэг. Учир нь Бурхан багш үүнийг цөөн тооны сонгогдсон шавь нартаа айлдсан байдаг. Зарим мандалд тэрээр лам хуврагын дүрээр залардаг байсан боловч ихэнхдээ мандлын эзний дүрээр илэрдэг байжээ. Тарни гэдэг үгийг сэтгэлийг хамгаалах, өөрөөр хэлбэл эгэл жирийн үзэгдлийн харагдцаас сэтгэлийг хамгаалах гэсэн утгаар ойлгож болно юм” хэмээн тайлбарлажээ.
Тэрбээр Машид гийгүүлэгч бурхны эрх авшиг нь тарнийн хоёр дахь анги болох үйлдэгч тарнийн ангилалд багтдагийг дурдав. Далай лам энэхүү эрх авшгийг Дарамсалад хотын Зүлэгхан сүмд Лин ринбүүчигээс хүртсэн бөгөөд дараа нь уг авшигт холбогдох бясалгалын даяан үйлдсэн байна.
Тэрбээр айлдварын төгсгөлд энэхүү номын зорилго нь хамаг амьтны түр зуурын болон эцсийн хэрэгцээ, зорилгыг биелүүлэхэд оршдог бөгөөд хамгийн чухал нь энэрэн нигүүлсэх сэтгэл болон хоосон чанарын ойлголтыг хөгжүүлэх явдал гэдгийг онцлов.
Ийнхүү Дээрхийн гэгээн ойролцоох Конгобүжи сүм дэх өргөөндөө буцан мориллоо. Маргааш тэрээр олон нийтэд зориулсан яриа хийхээр танхимдаа дахин ирж, олон нийтийн асуултад хариулах бөгөөд үүний дараа Токио хотыг зорих юм.










