Энэтхэг, Ладак муж, Лех хот, Шивацал - Дээрхийн гэгээн Далай лам өнөө өглөө эртлэн шууд нислэгээр Дарамсалагаас Ладакийн Лех хотод хүрэлцэн ирлээ. Түүнийг ирэхэд Тиксэй ринбүүчи, Түксэй ринбүүчи, Ладакийн Өөртөө засах уулын бүс нутгийн хөгжлийн товчооны Гүйцэтгэх зөвлөлийн дарга Дашгалсан, Ладакийн буддын холбооны ерөнхийлөгч Даваадаш, Ладакийн Сүм хийдийн холбооны ерөнхийлөгч Доржэ Станзин, лалын болон христийн шашны нийгэмлэгүүдийн төлөөлөгчид, Ладакийн Цагдаагийн газрын ерөнхий захирал, Лехийн дэд комиссар болон Цагдаагийн газрын дарга нар угтан авсан байна.
Угтах ёслолын дараа Дээрхийн гэгээн болон түүнийг дагалдан яваа хүмүүс есөн километрийн зайд орших Шивацал Подран руу хөдлөв. Баяр хөөртэйгээр бүхэл замын дагуу эгнэн зогссон олны дотор ладакчууд, төвөдүүд мөн өөр бусад газраас ирсэн хүмүүс ч байлаа. Гоёмсог хувцастай бүжигчид болон хөгжимчид, лам нарыг суулгасан жийп машинууд цувааны эхэнд явна. Зарим газар хүмүүс хэд хэдэн эгнээ болон бөөгнөрсөн байх бөгөөд гартаа цэцэг, хадаг, хүж, хурц нарнаас хамгаалах шүхэр барьжээ. Дээрхийн гэгээнийг явж өнгөрөх үед олон хүн дуулж, бүжиглэв. Буддистуудаас гадна лалын шашны сургуулийн хөвгүүд, охид Дээрхийн гэгээнийг угтан мэндчиллээ. Дээрхийн гэгээнийг явж өнгөрөхийг хараад баярын нулимс унагах залуус олон байсан нь сэтгэл хөдөлгөм байлаа.
Шивацал Подранд Дээрхийн гэгээнийг лам, гэлэнмаа нар уншлага уншиж, эвэр бүрээ, бөмбөр, цангийн дуугаар угтан авлаа. Ордны үүдэнд Ладакийн уламжлалт бөмбөрийн хамтлагууд утгах хөгжим тоглов.
Дээрхийн гэгээнтнийг машинаас буухад Тиксэй ринбүүчи угтан авч, дотогш дагуулан, сэнтийд заллаа. Танхимд дүүрэн хүн цуглажээ. Дээрхийн гэгээний баруун талаар хуврагууд, зүүн талаар энгийн иргэд суужээ. Дээрхийн гэгээн цаг алдалгүй цугласан олонд хандан айлдвараа эхэллээ.
“Төвөдийн буддын шашин нь шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайлбарлаж болохуйц, бясалгалын практик бүхий бодит ач холбогдолтой юм. Тиймээс Төвөдийн буддын шашны уламжлал нь алтыг хайлуулж, зүсэж, өнгөлж шалгадагтай адил хатуу шалгалтыг давах чадвартай.”
“Эрдэмтэд урьд, хойд төрөл байдаг талаар ямар нэгэн нотолгоо гаргадаггүй мөн гэгээрлийн талаар ярьдаггүй ч Төвөдийн буддын шашныг дагадаг хүмүүс амгалан тайван байдгийг хүлээн зөвшөөрдөг. Буддын шашныг ёсчлон шүтдэг хүмүүс муу сэтгэл хөдлөлд автах нь бага. Төвөдийн буддын шашныг гэгээрэлд хүрэх талаас нь харвал туулах зам урт ч гэлээ түүнийг өөртөө сайн хэрэгжүүлбэл амар тайван байж, бусадтай эелдэг, найрсаг харилцаатай байх нь тодорхой.”
“Би Төвөдийн буддын шашныг өөрийн амьдралдаа хэрэгжүүлдэг бөгөөд үнэхээр ач тустайг нь олж мэдсэн билээ. Олон найз нөхөд минь, тэдний дунд эрдэмтэн судлаачид бидний буддын уламжлалын үнэ цэнийг хүлээн зөвшөөрдөг.”
“Ном гэж юу болохыг сайн мэддэггүй хүмүүс ихэвчлэн тарни унших, зан үйл хийхэд анхаардаг. Энэ бол номыг жинхэнээсээ хэрэгжүүлж байгаа явдал биш. Бодитой хэрэгжүүлнэ гэдэг нь үймцсэн сэтгэлээ номхруулах явдал юм. Энэ нь эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд хор хөнөөлтэй сэтгэл хөдлөлийнхөө хүчийг сулруулж чаддаг болох хэмжээнд сэтгэл оюунаа өөрчлөх тухай юм. Тэд тантай л адил аз жаргалтай, зовлон шаналалгүй амьдрахыг хүсдэг агаад бидэнд бусдыг энэрэн нигүүлсэх сэтгэлийг төлөвшүүлэхэд тусалдаг билээ.”
“Миний хувьд өглөө сэрэнгүүтээ бодь сэтгэл болон хоосон чанарын тухай эргэцүүлдэг бөгөөд энэ нь намайг сэтгэлийн тогтворгүй төлөвүүд болох шунал, уураас ангид байхад үнэхээр тусалдаг.”
“Та бүхэн ч бас манай уламжлалд хадгалагдан үлдсэн буддын шашны өвөрмөц сургаалийг хэрэгжүүлэн, хүсэл шунал, уур хилэн зэрэг хор хөнөөлтэй сэтгэл хөдлөлүүдийг сулруулах хүчин зүйлс дээр ажиллаж чадвал сайн байна. Үүнийг л би хийхийг хичээдэг юм.”
“Би бага наснаасаа гүн ухааны судар бичгүүдийг цээжилж, судлаж эхэлсэн. Нас ахиж олон янзын сорилт бэрхшээлтэй тулгарах тусам тэр үед сурсан зүйлс маань хор хөнөөлтэй мунхаг сэтгэлийн эсрэг туйлын практик хандлагыг агуулж байсныг олж мэдсэн билээ. Лхас хотын эргэн тойрны хийдийн их сургуулиудад гэвшийн дамжаа барихаар шалгалт өгч байхдаа тун чадварлаг гэвш нартай мэтгэлцэж, Буддын шашныг судлахад диалектик маргаан, мэтгэлцээн хичнээн дүнтэй болохыг ухаарч байв.”
“Надад хувилгаан гэгдэж өндөр сэнтийд залрахаас илүү мэтгэлцээний талбайд жирийн лам нартай хамт суугаад мэтгэлцэх нь чухал байв. Ингэж байж л би тэдний оюун санааны боловсролыг хуваалцсан. Өндөр сэнтий дээр залраад, ариун дагшин царайлах нь буруу байлаа.”
“Миний зүгээс гэвэл би зүгээр сууж, өөрийгөө бусдаас тусгаарлаагүй. Дамжаа барих үеэр заримдаа суугаад, тавьсан асуултуудад хариулахын зэрэгцээ өөрийн ээлж ирэхэд асуулт тавьдаг байлаа. Суралцахад мэтгэлцээний арга маш үр дүнтэй санагдсан бөгөөд энэ нь миний оюуныг хурцалж, бодит үнэнийг зөв таньж мэдэхэд хөтөлж байв.”
“Надад мэтгэлцээний найман туслах байсны зарим нь ялахад хэцүү маш сайн эрдэмтэд байлаа. Тэдэнтэй мэтгэлцэхээсээ өмнө сайн бэлдэж, сэдвүүдийг нягт нямбай бодож үзэхгүй бол мэтгэлцээний үеэр тэдний байр суурийг няцаах үр дүнтэй асуултуудыг бодож олоход тун хэцүү байв. Харин Дэян хийдийн мэтгэлцээний туслахыг би ялж чаддаг байсан бөгөөд заримдаа түүнийг хуурч, тэвдүүлж дөнгөдөг байсан юм.”
“Лосалин, Гоман, Сэрагаас ирсэн бусад мэтгэлцээний туслахуудтай мэтгэлцэхэд тун чанга байсан тул тэдэнтэй мэтгэлцэхдээ үнэхээр сайн бэлдсэн байх ёстой байв. Үнэндээ Сэра, Брайвун хийдүүд мэтгэлцээний ур чадвараараа алдартай байсан бол Гандан хийдийн лам нарын тоо цөөн учраас тэднийг ‘Бүхнийг тэвчсэн толгодын даяанчид’ хэмээн хочилдог байлаа. Сэра, Брайвуны эрдэмтэд маш сайн байсан нь буддын гүн ухааныг судлахад мэтгэлцээн хэчнээн чухал болохыг харуулна.”
“Мэдээж Транс-Хималайн нурууны бүс нутагт байдаг та бүхэн Төвөдийн буддын шашинд итгэл үнэмшилтэй байдаг. Гэсэн хэдий ч та бүхэн мэдлэгийн мөн чанар болох логик, танин мэдэхүйн онолын шастируудад суурилсан мэтгэлцээний аргаар буддын сургаалыг судалбал буруу ойлголтыг үндсээр нь арилгахад тустай юм. Би залуу байхдаа үүнийг л хийдэг байлаа.”
“Төвөдийн уламжлал ёсоор бид Төв үзэл (Мадхъямака) болон логик (Прамана)-ийг хамт судалдаг заншилтай. Энэ бол Наландагийн уламжлалаас үүдэлтэй өвөрмөц, тустай арга. Би энэ хоёрыг хоёуланг нь чин сэтгэлээсээ хичээн судалсан.”
“Транс-Хималайн нурууны бүс нутгийнхан та бүхэнд сайтар хөгжсөн боловсролын байгууллагууд аль хэдийнэ байгаа. Гэхдээ сайжруулах боломж үргэлж байдаг. Багш нараасаа Төв үзэл болон логикийн талаар суралцаж, дараа нь өөр хоорондоо мэтгэлцэж сурсан зүйлээ дадлагажуулахыг би та бүхэнд зөвлөж байна.”
Дээрхийн гэгээнтэн Хятадын эрх баригчид Төвөдөд агуу судар шастируудыг судлах уламжлалыг хэрхэн устгасан тухай дурдаад, Хималайн бүс нутгийн эрдэмтэд эдгээр судалгааны уламжлалыг хадгалж үлдэхийн төлөө ажиллахын чухлыг онцлов. Тэрбээр 1959 оны Төвөд дэх үймээн самууны улмаас тэнд үлдэх боломжгүй болж, зугтахаас өөр аргагүй болсноо дурслаа. Тэр цагаас хойш Энэтхэгийн засгийн газар төвөдүүдэд асар их дэмжлэг, тусламж үзүүлсээр ирсэн байна. Төвөдөд үргэлжлүүлэх боломжгүй болсон сургалтын агуу уламжлалуудыг Энэтхэг дэх сургалтын төвүүдэд дахин сэргээснийг тэрбээр давтан онцоллоо.
"Бидний өдөр тутмын амьдралдаа суралцаж, хэрэгжүүлж болох нандин уламжлалууд Төвөдөд мөхөж, Энэтхэг рүү дүрвэн гарсан хүмүүс эдгээр уламжлалыг хадгалах үүргийг хүлээсэн билээ. Төвөд дэх олон хүн Хятадын хатуу ширүүн хавчлагатай тулгараад байгаа тул Энэтхэгийн эрх чөлөөт энэ оронд эдгээр үнэт уламжлалыг хадгалж үлдэхийн тулд бид чадах бүхнээ хийх шаардлагатай" хэмээн тэрбээр үргэлжлүүлэн өгүүлэв.
"Урьд цагт манайд сэтгэл оюуныг хувирган өөрчлөх эрдмийг эрхшээсэн агуу бясалгагчид олон байлаа. Одоо харин Төвөдөд үүнийг хийхэд маш хэцүү болсон учраас Транс-Хималайн бүслүүр нутгийнхан та бүхэн эдгээр уламжлалыг сахин хамгаалах нь маш чухал юм.”
"Би залуу байхдаа шаргуу суралцаж, Их ерөөлийн (Монлам чэнмо) үеэр хийдийн сургуулиудаар явж, тэндхийн эрдэмтэдтэй мэтгэлцдэг байв. Надтай мэтгэлцэхийг хүсдэг байсан олон гэвш нартай ном хаялцах завшаан тохиосонд би талархаж явдаг. Лхас дахь мэтгэлцээний аяллынхаа үеэр сурч мэдсэн зүйлээ одоо эргэцүүлэн бодоход миний амьдрал утга учиртай байжээ гэж санагддаг юм.”
"1959 онд Норбулин ордныг орхин одох шөнөө би Найчүн чойжинтой зөвлөх, мэргэлэх зэргээр маш их судалгаа хийсний дүнд явахаар шийдсэн юм. Бид Лхасын дундуур урсдаг голыг гатлаад, даваан дээр гарлаа. Тэндээс би Хятадын эрх баригчдын хатуу хяналт дор зовж буй Лхас хотоо эргэж харсан юм. Өмнө нь Лхас агуу судар шастируудыг судалж, суралцах гайхалтай газар байсан ч цаашид тийм биш болсныг харахад гунигтай байлаа.”
"Гэхдээ зүгээр гуниглалаа гээд ямар ч хэрэг байхгүй. Түүний оронд бид ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй. Төвөд, Энэтхэгийн хилийн заагт хүрч ирээд би урд өмнө бидэнд байсан бүхнийг хадгалж хамгаалах байгууллагуудыг байгуулахын тулд хамаг хүчээ зориулахаар шийдсэн юм. Бид үнэхээр сайн ажилласан.”
"Хятадад улс төрийн нөхцөл байдал тогтворгүй байгаа ч Буддын шашныг сонирхох нь нэмэгдсээр байна. Намайг Хятадад айлчлахыг урьсан олон урилга ирсэн боловч эрх чөлөөгүй улсад буддын шашны талаар заах нь хэцүү байх болов уу. Үүний оронд Энэтхэгт заасан нь илүү үр дүнтэй байна гэж би бодож байна.”
"Хималайн бүс нутгийн ард түмэн та бүхэн бидэнтэй нийтлэг шашин, соёл, ялангуяа хэл, утга зохиолтой. Биднийг холбосон холбоог сэргээж, бэхжүүлэхийн тулд би чадах бүхнээ хийж байгаа."
Үүгээр айлдвар төгсөж, Дээрхийн гэгээн амрах өргөөндөө морилохоор явлаа.
Англи хэлнээс орчуулсан Б.Одгэрэл