Энэтхэг, Уттар Прадеш, Ладак, Лех, Шевацел - 2022 оны 7-р сарын 15-нд Ладакт айлчлан ирсэн Дээрхийн гэгээн Далай лам Лехийн төвд орших буддын гол хийд Жохан, исламын сүм болох Жама Масжид болон Анжуман-э-Имамиа, христийн шашны Моравин сүмүүдээр морилж, мөргөл үйлдэн олон нийтийн анхны арга хэмжээндээ оролцлоо.
Дээрхийн гэгээнийг Жохан хийдэд морилоход Ладакын Буддын холбооны ерөнхийлөгч Түвдэн Чеван болон бусад хүндэт зочид угтан авлаа. Хийдийн дотор байх Бурхан багш, Манзушри, Мянган мутарт Жанрайсиг, Гүрү Бадмажунай бурхадад мөргөж, залбирал талбив. Тэрбээр төрийн бус байгууллага болон хийдийн төлөөлөлүүдтэй мэндчилсний дараа Лхасын Жово шүтээнтэй тун адил Бурхан багшийн шүтээний өмнө байх сэнтийд залрав.
Түвдэн Чеван Дээрхийн гэгээнд уламжлал ёсоор мандал өргөсний дараа бусад төлөөлөгчид хадаг барин хүндэтгэл үзүүллээ. Үүний дараа “Гурван үест залбирал” болон “Билиг билгүүний зүрхэн судрыг” уншицгаалаа. Дээрхийн гэгээн хийд доторх болон гадаах сүсэгтнүүдэд хандан: “Таши Дэлэг! Та бид олон жил нөхөрлөлөө. Энэ нөхөрлөл минь бат бэх билээ. Та бүгдийн сүсэг бишрэл, итгэл үнэмшил надад урам зориг өгч байдагт би гүнээ талархаж явдаг” гэв.
"Хэдийгээр тун удахгүй дахин уулзах боловч энэ өглөө та бүхэнд би эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд дээдийн номыг улам өөдөө дэлгэрүүлэн түгээхийн төлөө үргэлжид чадах чинээгээрээ тууштай хүчин зүтгэсээр байх болно гэдгээ хэлье. Дээдийн номыг сурч судлах, сурсан мэдсэнээ эргэцүүлэн бодож улмаар амьдралдаа дадуулах нь маш чухал.
Бурхан багшийн аман айлдвар болох Гурван аймаг сав номыг сурч судлан, Гурван суртгаалийг амьдралдаа дадуулж, хэрэгжүүлэх хэрэгтэй."
Дээрхийн гэгээн Жохан хийдээс Сүннитүүдийн мусульман сүм болох Жама Масжидийг зорин хөдөллөө. Тэрбээр тэнд цугласан олонд хандан энэхүү ариун газар оронд мөргөл үйлдэж байгаа нь шашин хоорондын эв нэгдлийн төлөөх түүний зорилготой уялдаж байгааг онцоллоо.
Хэдийд ч гэсэн боломж гарвал бусад шашны сүмд очин залбирал талбих нь өдгөө миний дадал болжээ. Шашин бүрийн гүн ухааны үзэл номлол өөр байдаг ч бүгд л энэрэл нигүүслийг түгээдэг учраас тэднийг хүндэтгэх нь зохистой.
Би Амдод хүүхэд байхдаа муслимчуудтай нөхөрсөг харилцаатай байсан. Хожим Лхаст ч мөн адил Төвөдийн Засгийн газрын албан ёсны үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог Муслим худалдаачдын төлөөлөлтэй ч сайхан нөхөрлөж явлаа. Өнөөдөр мөн адил энд муслим ах дүү нартайгаа дахин уулзаж байгаадаа баяртай байна.
Дараа нь Дээрхийн гэгээн Шийтүүдийн Анжуман-е-Имамиа сүмд морилов. Имам Баргархт танхимд Дээрхийн гэгээнийг угтан авав. Улмаар хөтлөгч 2006 онд энэ сүмийг Дээрхийн Гэгээн нээж байсныг өгүүлээд түүнээс хойш сүмийн сүсэгтнүүд түүнийг хэд хэдэн удаа урьж залж байсныг дурсав. Олон илтгэгч Дээрхийн гэгээнийг энх тайван, ахан дүүсийн эв нэгдлийн элч гэж магтан дууллаа. Мусульман нэгэн сүсэгтэн: “Таны энд заларсан нь Ладак дахь шашны олон урсгал хоорондын эв нэгдэл, энх тайван, ахан дүүсийн харилцааг дэлхий нийтэд харуулан таниулж буй цаг үеэ олсон үйл явдал боллоо” хэмээв.
Энэтхэг Улс нь шашин хоорондын эв нэгдлийн олон зуун жилийн уламжлалтай бөгөөд тухайлан Ладак нь үүний нэг илрэл нь гэдгийг Дээрхийн гэгээн онцлон дурьдав.
Бид сэтгэл хөдлөл, бие мах бодь, оюун санаагаараа ав адилхан, бүгдээрээ л аз жаргалтай байх эрхтэй бөгөөд аз жаргалыг үргэлжид эрэлхийлж байдаг. Иймд бид чадах чинээгээрээ бусдад тустай байхыг эрхэмлэх хэрэгтэй.
Төгсгөлд нь Дээрхийн гэгээн Лех дэх Христийн шашны Моравиан сүмд морилсон бөгөөд түүний дэлхий дахины эв нэгдэл, энх тайванд оруулсан үйл хэрэгт нь талархан тэнд цугласан олон ая дуу өргөн хүндэтгэн угтан авлаа.
Тэнд хуран цугласан олонд хандан Дээрхийн гэгээн: “Энд айлчлах боломж олгосонд би гүнээ талархаж байна” гэлээ. Өнөөдөр энэ сүмд зочилсоноороо христийн олон олон ахан дүүс, шинжлэн ухааны эрдэмтэд, шашны зүтгэлтнүүд тухайлан эрхэм анд Пап II Жон Паулыг дурсан саналаа.
Тэрбээр Христийн шашинтнууд дэлхийн өнцөг булан бүрт тусламж шаардлагатай байгаа болон эмзэг бүлгийн хүмүүс тусладаг энэрэнгүй сэтгэлд нь түүнчлэн дэлхий дахины хөгжил дэвшилд оруулсан хувь нэмрээр нь бахархдаг гээд энэ үйл хэрэг нь хүн төрөлхтөн ялгалгүй нэгэн адил гэдгийг илэрхийлж буй хэрэг хэмээн өгүүлэв.
Англи хэлнээс орчуулсан Б.Баярмаа