Энэтхэг, Ладак, Лех, Шеватсэл - Нобелийн шагналтан, Лорд Дэвид Тримбл таалал төгссөн тухай мэдээ сонсоод Дээрхийн гэгээн Далай лам түүний эхнэр, хадагтай Тримблд эмгэнэл илэрхийлж захидал илгээлээ.
Дээрхийн гэгээн захидалдаа "Энэхүү гунигт мөчид Танд болон танай гэр бүлд чин зүрхний угаас гүн эмгэнэл илэрхийлье. Би лорд Дэвидийн төлөө залбирч байна. Таны нөхөр Умард Ирландад энх тайвныг бий болгохын төлөө олон талт, үр өгөөжтэй гэрээ хэлэлцээр байгуулсан бөгөөд гаргасан хичээл зүтгэлээрээ аливаад бодитой ханддаг, эр зоригтой, алсын хараатай хүн гэдгээ бидэнд нотлон харуулсан. Эсрэг талуудын хоорондох санал зөрөлдөөнийг яриа хэлэлцээр, дипломатын аргаар шийдвэрлэх нь хамгийн чухал гэж итгэдэг хүний хувьд түүний гол үүрэг гүйцэтгэсэн “Сайн баасан гарагийн гэрээ” нь өнөө цагийн энх тайвныг бий болгох бодит үлгэр жишээ хэлэлцээр болсон гэж би үздэг юм.
Таны нөхөртэй Хойд Ирланд болон өөр бусад газар хэд хэдэн удаа уулзах завшаан надад тохиож, Умард Ирландад энх тайвныг тогтооход оруулсан хувь нэмэр, хичээл зүтгэлийг нь бишрэн хүндэлдгээ хэлсэндээ би баяртай байдаг" хэмээн дурджээ.
Дээрхийн гэгээн захидлаа "Нэгдмэл хүн төрөлхтний нэг хэсэг гэдгээ оюун ухаандаа тээн, эв найртай, бие биеэ хүндэлж, санал зөрөлдөөнтэй асуудлыг шийдвэрлэхийн төлөө хамтдаа үргэлжлүүлэн зүтгэх нь Лорд Тримблд зориулсан нэгэн хүндэтгэл байх болно" хэмээн төгсгөв.
Англи хэлнээс орчуулсан Б.Баярмаа