Энэтхэг, ХП, Дарамсала, Тэгчин Чойлин – Өнөө өглөө, Дээрхийн гэгээнтэн Далай Лам дэлгэцний цаана байгаа оюутнууд болон тэдний багш Артур Брүксийг хараад инээмсэглэн гараараа даллав. Багш, оюутнууд ч мөн гараараа далла н мэндчилэв. Брүкс “Таши дэлэк” гэж мэндчилэн энэ уулзалтдаа ихэд сэтгэл хөдлөж буйгаа Дээрхийн гэгээнтэнд илэрхийлэв. Тэрээр цахим оролцогчдод Дээрхийн гэгээнтнийг Төвөдийн ард түмний удирдагч, тэдний эрх чөлөөний төлөө мятаршгүй тэмцэгч, хүн төрөлхтний эв найрамдлын дуу хоолой гэж тодорхойллоо.
Харвардын их сургуульд “Манлайлал ба аз жаргал” сэдвээр хичээл заадаг Артур Брүкс уулзалтыг эхлүүлж, Дээрхийн гэгээнтэн Далай Ламаас Далай Ламаас оюун санаа болон бясалгал нь аз жаргалыг олоход хэрхэн тусалж чадах талаар асуулаа. Дээрхийн гэгээнтэн Харвардын их сургуулийн багш, оюутнуудтай ярилцах нь хүндтэй сайхан байна гээд яриагаа эхлүүлэв.
Бидний амьдралын хамгийн гол зорилго бол аз жаргалтай амьдрах гээд тэрээр цааш үргэлжлүүлэв. Хэрвээ бүх зүйл тэсвэрлэшгүй болбол бид амьдрах хүсэл эрмэлзлээ алдаж магад. Иймээс өөртөө итгэх болон итгэл найдвар нь бидний амьд явах гол хүчин зүйлс юм. Бид эрүүл байхын тулд бие махбодын ариун цэврийг сахих шаардлагатай байдгийн адил уур, айдас зэрэг сөрөг сэтгэл хөдлөлд зөв хандаж сурах сэтгэлийн ариун цэврийг ч мөн адил хөгжүүлэх хэрэгтэй. Өөртөө итгэх итгэл болон итгэл найдварын мэдрэмж нь бидэнд амьдралыг утга учиртай, үр өгөөжтэй хэмээн харах эрмэлзлийг төрүүлж, сэтгэлийн хүчний эх үндэс нь эцэстээ оюун санааны амар амгаланд хөтөлдөг.
“Бид бол нийгмийн амьтад. Төрөхөөс минь эхлээд л бусад хүмүүс биднийг харж ханддаг агаад өсөж том болоод бусдад туслахыг сурснаар ч улмаар амьдрал утга учиртай болдог. Амиа хоохойлох нь нийгмийн зан төлөвт харшлахаас гадна ашиггүй зүйл юм."
Бодитой байхын тулд өнөөдөр дэлхий дээр амьдарч буй 7 тэрбум хүн нэгэн язгуур чанартай гэдгийг ухамсарладаг байх хэрэгтэй. Энэ ч утгаараа хүү хар амиа хичээх нь азжаргалыг эрэх замд саад болдог гэж ойлгох зүй. Хүүхдүүдийг ажигла. Тэд найз нөхөдтэйгөө төрөлх зангаараа аз жаргалтай нөхөрлөдөг шүү дээ.
Дэлхий дахинд д боловсрол маш чухал болж байгаа энэ цаг үед Харвардын Бизнесийн сургууль өнөөдөр бидний хэлэлцэх гэж буй санааг хэрэгжүүлэх, түгээх тал дээр чухал үүрэг гүйцэтгэж чадна. Бүхий л хүн төрөлхтөн нэгдмэл, нэг гэр бүл гэсэн санаа хангалттай судлагдаагүй байна.
Бид бүгд хүн гэдгээрээ адил бөгөөд үүнд талархах нь маш чухал. Ямар угсаа гаралтайгаасаа үл хамааран бүгдээрээ нэг дэлхий дээр хамтдаа амьдрах нь дамжиггүй юм.
Өнөөдөр эдийн засаг дэлхий нийтийг хамрах болсны зэрэгцээ уур амьсгалын өөрчлөлт ч мөн дэлхий нийтэд аюул заналхийлж . Бид зөвхөн орон нутгийн хүрээнд бодож сэтгээд байж болохгүй гэдгийн учир дээрх бүх асуудал хүн бүрд нөлөөлж буйтай холбоотой юм. Өнгөрсөн үед бид зөвхөн төрөлх хот тосгон, улсаа, цаашлаад амьдардаг тивээ л боддог байсан байж магадгүй. Харин өнөөдөр бүгдээрээ “бид” гэж бодох ёстой болж байна. Хүн төрөлхтөнд нийтэд нь санаа тавьж, хүмүүний оюун ухааныг илүү өргөн хүрээнд ашиглах учиртай.
Брүкс Дээрхийн гэгээнтнээс яагаад зарим удирдагч байгаадаа сэтгэл хангалуун бус байдаг вэ? гэж асуув. Дээрхийн гэгээнтэн үүнд хариулах хэцүү гэв. Зарим удирдагч өөрсдөдөө асуудал үүсгэдэг шиг санагддаг. Тэрээр түүнтэй уулзаж байсан олон удирдагч, оюун санааны манлайлагчдын дундаас илүү чөлөөтэй сэтгэдэг, нээлттэй хандлагатай, либерал хүмүүс илүү аз жаргалтай байдаг нь анзаарагддаг гэлээ. Харин өөрийгөө хэт их анхаарч, хувиа боддог удирдагчид аз жаргалгүй байх нь олон. Мөн Дээрхийн гэгээнтэн боловсролын үүргийн чухлыг дахин онцлон тэмдэглэв. Хэрэв боловсролын систем нь явцуу, хязгаарлагдмал хүрээтэй байвал эндээс мөн тийм л удирдагчид төрнө. Тэгэхээр боловсролын тогтолцоо илүү өргөн хүрээтэй, энэрэнгүй агуулгатайн дээр хүн төрөлхтөнд бүхэлд нь чиглэсэн байх нь маш чухал гэв.
Удирдагчид ганцаарддаг уу? гэсэн асуултад Дээрхийн гэгээнтэн өнөө үед зурагт, гар утас биднийг бусадтай холбоотой байлгадаг учраас тийм зүйл байх үндэсгүй гэж няцаав. Технологи бидний харилцах чадварыг асар их сайжруулсан.
Тэрээр Төвөдийн уудам тал нутгаар аж төрдөг нүүдэлчин айлуудыг орчин үеийн хотод нэг дор сая саяараа зэрэгцэн амьдарч буй хүмүүсийн амьдралтай харьцууллаа. Нүүдэлчид бие биеэсээ газарзүйн хувьд алслагдмал байдаг ч, хэрэг гарах үед нэгэндээ тусална гэдгээ мэдэж, итгэж амьдардаг. Харин хотын оршин суугчид хөршүүдтэйгээ ч төдийлөн танил биш, бие биедээ харилцан итгэх нь бага байдаг. Ганцаардал нь заримдаа өөрийгөө л боддог, бусдын төлөө санаа тавьдаггүй байх шинжээр илэрдэг.
Аз жаргалтай, илүү үр бүтээлтэй удирдагч болох талаар ярьж байхдаа Дээрхийн гэгээнтэн Чикагогийн ойролцоо төвөдүүдийг суурьшуулахаар урьсан Прицкерийн гэр бүлийнхэн түүнд юу гэж хэлснийг иш татсан юм. Тэд төвөдүүдийн маш нэгдмэл бөгөөд үүрэг хариуцлагаа өндрөөр ухамсарладаг чанарыг ихэд үнэлдгээ түүнд ярьж байжээ. Мөн тэд төвөд хүмүүсийн амар амгалан, хоорондоо эв найртай амьдарч байгаа энэ байдал бусдад үлгэр дуурайл болно гэдэгт итгэдэг гэж хэлсэн аж. Дээрхийн гэгээнтэн, Европын орнууд түүхэндээ нэг нэгэнтэйгээ дайсагналцаж, өслөн тэмцэлдэж ирснээ орхиж, илүү өргөн хүрээтэй хамтын нийгэмлэгийн дээвэр дор нэгдэн Европын Холбоог байгуулсан явдлыг сайшаан бахархаж явдаг тухайгаа дурдлаа. Өнөө үед тэдний “бид” гэж байгаа нь хамтын нийгэмлэгээ илэрхийлж, хэлж буй нь тэр юм.
Тэрээр өнөөгийн залуус энэ жишээнээс суралцаж чадна гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ.
Оюутнуудын асуултад хариулах үедээ Дээрхийн гэгээнтэн, коронавирусийн цар тахлыг хязгаарлахын тулд эмч нарын зөвлөсөн ёсоор хүмүүс хоорондын харилцааны халдвар хамгааллын дэглэмийг анхаарч мөрдөх нь чухлыг сануулж байлаа. Удаан хугацаанд тусгаарлагдаж байгаа нь түүний хувьд аливаад сатааралгүй бясалгал хийх таатай орчныг бүрдүүлж өгч байгааг онцоллоо.
Технологийн хөгжил нь нийгэмд эв найрамдал, энэрэнгүй сэтгэл, ялгаатай байдлыг хүндэтгэх зэргийг хөгжүүлэх бус эсрэгээрээ нийгэмд туйлшрал бий болгож байгаа талаар асуухад Дээрхийн гэгээнтэн бид технологийг хэрхэн ашиглахаас л шалтгаална гэж хариулав.
Жишээ нь, цөмийн зэвсэг бол дайныг зогсоох, энх тайвныг сахиулах хүчтэй. Гэхдээ энэ зэвсгийг хэрэглээгүй үед л ийм хүчтэй байдаг билээ. Технологийг тэр дундаа цахим сүлжээг хэрхэн ашиглах нь бидний хандлага, санаа сэдлээс шалтгаалах юм.
Энэ дэлхийд төрөхөд эх минь л биднийг аюулаас хамгаалж, энэрэн хайрладаг шүү дээ. Аз жаргал төрүүлэх энэ мэдрэмж бидний амьдрах үндэс болохоос гадна хүн төрөлхтний нийгмийн үндэс суурь юм. Дээрхийн гэгээнтэн ийнхүү хүн төрөлхтнийг нэг мөн чанартай гэдгийг өөртөө байнга сануулдаг учраас хаа ч, хэнтэй ч уулзсан тэднийг бүгдийг нь өөрийн ах, эгч мэт санан хүндэлдэг гэв. Бүх нийтэд эрх тэгш ханддаг гэдгээрээ ардчилсан тогтолцоо нь хаант засаглалаас давуу байдаг. Нэгэнт Төвөдийн хилийн чанад дахь Засгийн газрын тэргүүнийг бүх нийтийн сонгуулиар сонгон томилсон тул Далай лам улс төрийн үүрэг хариуцлагаасаа бүрэн чөлөөлөгдсөн гэдгээ нэмж хэлэв.
Нэгэн оюутан бүтэлгүйтэл, урам хугарах явдлыг хэрхэн даван туулах талаар зөвлөгөө хүсэхэд Дээрхийн гэгээнтэн эртний Энэтхэгийн гүн ухаантны зөвлөгөөг хэлж өглөө. Тухайн нөхцөл байдлыг шинжил, судал. Хэрэв тулгарч буй бэрхшээлийг даван туулах арга зам байгаа бол санаа зовох, айх хэрэггүй. Зүгээр л хэрэгжүүлж эхэл. Хэрэв асуудал таны хяналтаас давсан бол айх, санаа зовох нь тус болохгүй.
"Эцсийн дүндээ амьдралдаа амжилттай байх эсэх нь биднээс л шалтгаална. Бид өөрөө өөрийнхөө аврал, эзэн нь. Эрдэм мэдлэг болон өөртөө итгэх итгэл нь маш чухал. Гэнэн бөгөөд ул суурьгүй итгэл аюултай. Илүү өргөнөөр, өөр өөр өнцгөөс аливаа зүйлийг харах хэрэгтэй. Шинжил, судал гэхдээ ийн шинжлэхээ сайхан сэтгэлтэй хослуул."
"Аливаа бизнесийн үйл ажиллагаа хүний нийгмийн хүрээнд өрнөдөг. Амжилттай байх эсэх нь бусдаас шалтгаалдаг. Хэрэв бусад хүн танд итгэвэл та амжилтад хүрнэ.
Жинхэнэ аз жаргал зөвхөн материаллаг эд юмсаас бус, харин бидний оюун санаа ба сэтгэл хөдлөлтэй холбоотой байдаг. Учир иймээс ядуу хүн ч гэсэн аз жаргалтай, баяр хөөртэй байж чаддаг. Бизнес эрхлэгчид болон баян хүмүүс хангалттай хөрөнгөтэй байж болох ч хэрэв үргэлж илүүг хүссээр байвал сэтгэл дундуур байсаар л байна. Бие махбодын хувьд эрүүл чийрэг байсан ч оюун санаанд нь айдас, үл итгэлцэл төрж буй л бол уур хилэн, атаархлыг өрдөж эцэстээ аз жаргалгүй байдалд хүргэдэг. Материаллаг амьдралаар хөөцөлдөх нь бүх асуултын хариу биш бөгөөд бид сэтгэл хөдлөлөө хэрхэн удирдах талаар суралцах хэрэгтэй."
"Оюун санааны түвшинд сэтгэл хангалуун байх нь хамгийн гол. Төвөдийн их бүтээлчин Мял богд уулын энгэрийн хоосон агуйд амьдардаг байжээ. Нэг шөнө сэртэл хулгайч агуйг нь ухаж байхыг харав гэнэ. Тэрээр хулгайчид хандан “гэгээн цагаан өдөр надад юу ч олддоггүй байтал хар шөнөөр чамд юм олдох уу?” гээд инээж гэнэ. Мял богд гаднаасаа гуйлгачин мэт харагддаг байсан ч оюун санааны амар амгаланг тогтоон барихыг мэддэг байсан учраас дотоод сэтгэлдээ маш баян байсан. Бид сөрөг сэтгэл хөдлөлийг хэрхэн бууруулах, эерэг сэтгэл хөдлөлийг хэрхэн бэхжүүлэх талаар суралцах хэрэгтэй."
Нэгэн оюутан Дээрхийн гэгээнтнээс олон янзын шашны урсгалд хэрхэн ханддаг талаар нь асуухад Тэрээр бүх шашны уламжлалд хүндэтгэлтэй ханддаг гэж хариулав. Шашин бүрийн философийн үзэл өөр өөр ч, энэрэл нигүүлслийн санаа нь нийтлэг байдаг гэв. Буддизмын дотор ч гэсэн итгэл бишрэлд тулгуурласан пали уламжлал, учир шалтгааныг голлодог санскрит уламжлал гэж бий. Наландрын их сургуулийн их багш нар Бурхан багшийн хэлсэн үгийг хүртэл шинжлэн судалдаг байсан.
Буддын гүн ухааны аливаа юмсын учир зүйг шинжилж, уг үрийг нь эрэлхийлдэг энэ уламжлал хожим төвөд эрдэмтэд болон орчин үеийн тархи, мэдрэлийн шинжлэх ухааны эрдэмтдийн хооронд үр дүнтэй яриа өрнөх гарцыг нээж өгсөн гэж тайлбарлав.
Ийн харилцан яриа, хэлцэл өрнүүлсний үр дүнд төвөдүүд сансар огторгуйн талаарх эртний ойлголтоо орчин үеийн мэдлэгээр шинэчилж авсан бол, тархи судлалын эрдэмтэд Төвөдийн лам хувраг, бясалгаачдын тайлбарлаж өгсөн хүний сэтгэл оюуны зүй тогтлын талаарх мэдлэгээс суралцан, тархины үйл ажиллагааны талаар илүү нарийн ойлголттой болсон гэв. Дээрхийн гэгээнтэн аливааг судлахдаа бодитой, өрөөсгөл бус хандах нь чухал гэдгийг онцоллоо.
Төрийн болон бизнесийн удирдагчид бусдад аз жаргал авчрахын тулд юу хийж чадах вэ? гэж Артур Брүкс асуулаа. Дээрхийн гэгээнтэн бидэнд тулгардаг олон асуудал өөрсдийн үйлдлээс үүддэг учраас оюун санаа, сэтгэл хөдлөлөө ойлгох нь нэн чухал гэж хариулав. Бид үүнийг цэвэр обьектив, шашнаас ангид байдлаар судалж болно гэж цохон тэмдэглэлээ.
"Квант механикийн нэгэн сонирхолтой ажиглалтыг дурдаад бодит байдал ба харагдаж буй байдал хоёр өөр байдаг. Гэтэл айдас, үл итгэлцэл, уур зэрэг хөнөөлт сэтгэл хөдлөлүүд нь юмсын гаднах үзэгдэх шинж чанарт дулдуйдаж үүсдэг юм."
Сэтгэл хөдлөлөө шинжилж байхыг Дээрхийн гэгээнтэн зөвлөлөө. Өрсөлдөгчийнхөө оюун ухаан, бие махбод, үйлдлийн яг алинд нь эгдүүцэж байгаагаа өөрөөсөө асуу. Хэрэв анхааралтай шинжилж үзвэл, тэр хүнд таны харж байгаа шиг төрөлхийн дайсны мөн чанар гэж байхгүй. Үнэн хэрэгтээ аливаа зүйл харагдаж байгаа шигээ бодитой оршдоггүй. Дайсан хийгээд өрсөлдөгч тань төрөхөөсөө л дайсан чинь байгаагүй, найз чинь ч мөн адил бүхий л цаг үед чамтай ойр байгаагүй. Найз эсвэл өрсөлдөгч байх нь нөхцөл байдлаас шалтгаалдаг гэв.
Бидний бодол санаа, сөрөг сэтгэл хөдлөл, тэрчлэн эргэлзэх болон шинжлэх чадвар ч нарийн төвөгтэй байдаг.
Аз жаргал нь бусдад хайр, халамж түгээх үед бий болдог гэж Артур Брүкс яриаг товч дүгнэв. Тэрээр дараах 4 гол санааг онцлон тэмдэглэв. Үүнд: аз жаргал бусдад тустай байх, санаа тавих үед бий болдог. Аз жаргалгүй байх нь хувиа хичээснээс үүдэн сэтгэл санаанд төрдөг төлөв. Оюун ухаанаа сайхан сэтгэлтэй хослуулах хэрэгтэй. Аз жаргал бусдад хайр, энэрэл түгээхээс эхтэй учраас бид бусдыг ахан дүүс шигээ харж сурах хэрэгтэй.
Артур Брүкс уг уулзалт нь залуу сонсогчдод бусдыг дэмждэг удирдагчид болоход нь тусалж, урам зориг өгнө гэж найдаж буйгаа дурдан, Дээрхийн гэгээнтэнд талархал илэрхийлэв.
Цаг хугацаа үргэлж урсан өнгөрч байдаг хэмээн Дээрхийн гэгээнтэн хариулав. Өнгөрснийг өөрчилж болохгүй. Харин ирээдүйг өнөөдрөөр бүтээж болно. Одоогийн залуу үе аз жаргалтай ирээдүйн түлхүүрийг атгаж байна. Өмнөхийг дэмий бүү дуурайж бүү давт, уран сэтгэмжтэй, бодитой бай. Тиймээс ухаанаа хурцлах нь маш чухал юм.
Манай үеийнхэн маш олон асуудал үүсгэсэн ба түүний үрээр би эх орноо алдаж, Энэтхэгт дүрвэж ирсэн. Гэвч нэг эерэг үр нь би ёс жаягт баригдалгүйгээр чөлөөтэй ярилцаж чадаж байна. Улмаар өнөөдөр Харвардын оюутнууд болон багш нартай уулзаж ярилцсандаа туйлын баяртай байна. Та нартай дахин уулзах болтугай.
Англи хэлнээс орчуулсан Б.Баярмаа