Бодьгаяа, Бихар, Энэтхэг – Өчигдөр Дээрхийн гэгээн XIV Далай лам үдшийн бүрийд Бодьгаяад ирээд хамгийн түрүүнд Махабодь хийддээ мөргөл үйлдэхийг хүсэв. Тэрээр төвөдийн сүмээс Махабодь хийдийн цогцолборын баруун хаалга хүртэлх богинохон зайг машинаар туулан очив. Түүнийг Бодьгаяагийн сүмийн Захиргааны Хорооны гишүүд болон энд 26 дахь удаагийн Сакягийн Монламд оролцож буй Сакя Гонгма Тризин ринбүүчи угтан хүлээж авлаа.
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай лам Махабодь сүмд aйлчлахдаа Бурхан багшийн хөрөгт хүндэтгэл үзүүлж буй нь. Бодьгаяа, Бихар, Энэтхэг. 2018.01.02. Гэрэл зургийг: Тэнзин Чойжор.
Дээрхийн гэгээн шат уруудан алхаж, гутлаа тайлан оронд нь цагаан углааш өмсөв. Улмаар сүмийн баруун тал руу очиж, тэнд сүндэрлэх Бодь модны доор орших Важра-асана буюу 2500 гаруй жилийн тэртээд Бурхан багш Шагжамуни гэгээрэлд хүрсэн газрыг зорив. Дээрхийн гэгээн XIV Далай Лам Сакягийн Монламын хүрээнд бэлдсэн өргөлүүдийн дунд зул асааж, дараа нь дотоод тойргийн дагуу сүмийг тойрон алхаж, чулуун хашлаганы цаанаас харж буй хүмүүстэй инээмсэглэн даллажээ.
Махабодь хийдийн үүдэнд хүрмэгц Дээрхийн гэгээн Бурхан багшид гурван удаа мөргөн дотогш орлоо. Тэрээр сүмийн дотор байрлах Бурхан багшийн шүтээн дүрд хүндэтгэл үзүүлж дахин ёслоод бусад ламын хамтаар суув. Тэд хамтдаа "Гурван Эрдэнийг санах судар", "Шүтэн барилдлын магтаал", "Наландагийн 17 их багшид өргөсөн магтаал", "Үнэн хэмээх хэнгэрэгийн цуурайт Бурхан багшид өргөсөн залбирал", "Бурхан багшийн сургаал бүх шашинтны дунд түгэхийн төлөө залбирал", "Шүтэн барилдлын дарани", "Үнэн үгс" хийгээд өргөх мөргөлийн шүлэг бадгуудыг уншив.
Дээрхийн гэгээн XIV Далай лам Махабодь сүмийн дотор Бурхан багшийн шүтээн дүрийн өмнө залбирал, магтаалын уншлагыг удирдан залж буй. Бодьгаяа, Бихар, Энэтхэг. 2018.01.02. Гэрэл зургийг: Тэнзин Чойжор.
Сүмээс гарч ирэхдээ Дээрхийн гэгээн XIV Далай лам хүрээлэн буй цэцэрлэгт цугласан олонд инээмсэглэн даллав. Тэрээр эргэн хараад Бурхан багшийн шүтээн дүрд дахин нэг хүндэтгэл үзүүлсний дараа үргэлжлүүлэн гороолов. Замдаа таарсан мөргөлчидтэй мэндэлж, баруун талд хүрээд очирт сууринд хүндэтгэл үзүүлэн хаалганы шат руу өгсөөд олонд дахин даллаад машиндаа суун Гандэн Пэлжэй Линг буюу төвөдийн сүм рүү буцан очив.
(1995)
Орчуулсан Т.Ялгуун